Ажлаараа сайрхдаггүй даруухан гишүүн
УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан
2015.08.05

Ажлаараа сайрхдаггүй даруухан гишүүн

УИХ-ын гишүүн Ц.Баяр­сайхан жагсаалтад бичигдэж, парламентад сонгогдсон бо­лохоор намын мөрийн хөтөл­бөрийг барьж сонгуульд оролцсон. Тойргоос сон­гог­доогүй тул тухайн бүсийн хүмүүст зориулсан хувийн мөрийн хөтөлбөр боловсруулах шаардлага байгаагүй. Ерөн­хийдөө жагсаалтаар сонгогдсон хүмүүст нэг том давуу тал байсан нь энэ.

2012 оны сонгуулийн дараа Ардчилсан нам олонхи болж, Засгийн газраа бүрдүүлэх эрхтэй болсноор  “Шинэчлэлийн” гэх тодотголтой Засгийн газар бүрдэхэд Ц.Баярсайхан гишүүн Барилга, хот байгуулалтын сайдаар ажилласан. Ерөнхийдөө улс орны хамгийн чухал, том салбарыг түүнд итгэл хүлээлгэсэн.

Тухайн үед Монгол Улсад залуучуудыг орон сууцжуулах тогтвортой, зөв бодлоготой хөтөлбөр дутмаг байсан. Хэдий МАН төр барьж байхдаа жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрийг боловсруулж гар­гасан ч сонгуу­лийн өмнөхөн, судалгаа муу­тай, зөвхөн сонгуульд зориулж гар­гасан хөтөлбөр учраас хэрэг­жихэд тун хүнд гэж ту­хайн үед эдийн засагчид үзэж байлаа. 

Харин АН ялж, “Шинэчлэлийн” зас­гийн газар бүрдсэн даруйд жилийн найман хувийн хүү­тэй зээлийн хөтөлбөрийг гар­ган хуучин зүйлийг шинэ­чил­сэн.  Ингэснээр илүү найд­вар­тай, тогтвортой, судал­гаатай, зөв хөтөлбөр гарч ирсэн гэж дүгнэж болно. Тэр хөтөлбөрийг Ц.Баярсайхан гишүүн сайд байхдаа салбар яам­ны­хан­тайгаа нийлж, хол­бог­дох байгууллагатай нь хамтарч хэрэгжүүлсэн.  Ер нь энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь түүний өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн хамгийн том амжилт юм . Харин түүний эхлүүлсэн ажлыг одоогийн засгийн газар үргэлжлүүлэн урьдчилгаа 30 хувийг нь арав болгон бууруулсныг зарим хүмүүс сонгуулийн өмнөх зохион байгуулалтай ажил гэж харж байгаа. Гэхдээ түүний эхлүүлсэн ажлын үр дүн нь Монголбанкнаас гаргасан судалгаагаар гарсан.

Тэдний судалгаагаар 2011 онд зээлийн өсөлт   78.3 хувьд хүрсэн нь ердөө л хэрэглээний зээл маш ихээр гарч байсан болохоор ийм өндөр хувиар өссөн хэрэг. Хэрэглээний зээл нь банкнаас авсан мөнгөөрөө ойр зуурын зүйлээ л авч, өр тавьж байсан гэсэн үг.  

Гэхдээ энэхүү зээлийн хэмжээ 2012 онд 24 хувь хүртлээ унасан бол 2013 онд 54 хувь болж өссөн төдийгүй түүний  70 гаруй хувийг барилгын салбарын дотоодын үйлдвэрлэл, орон сууцны ипотекийн зээл эзэлсэн байна.  Тэгэхээр хүмүүс ердөө л хэрэглээний зээлийг тултал нь авахаа больж, илүү том зүйл рүү зүтгэж, зорилготой амьдардаг болсон гэсэн үг. Харин эрхэм гишүүн ердөө л энэ ажлаа сурталчлаад, хэвлэлээр ярихад түүнийг ямар мундаг бодлого барьж, хэрэгжүүлж ажилласан сайд байсан юм бэ гэдгийг хүмүүс илүү сайн ойлгоно. Гэтэл Ц.Баярсайхан гишүүн зарим ангийхаа нөхдүүд шиг зурагтаар гарах гэж хаа хамаагүй камерын өмнө очоод нүүрээ харуулах гээд хөл алддаг хүн биш. Харин эсрэгээрээ ажлаа хийгээд, хэрэгжүүлээд явдаг л хүн. Тэр байтугай хийсэн ажлаа яриад, сурталчлаад байдаггүйг хэн хүнгүй мэднэ.

Үнэхээр шинэчлэлийн засгийн газар огцроход “харамсалтай байна” гэх үгийг барилгын салбарынхан унагасан нь лавтай. Тэрээр ирэх сонгуулиар төрөлх  Өмнө­говь аймагтаа нэр дэвших нь бараг тодорхой гэж шуум гараад байгаа. Шалтгаан нь өмнөх сонгуулиар Өмнөговь аймагт өрсөлдсөн Д.Бат-Эрдэнэ гишүүн энэ удаад жагсаалтад орох магадлал өндөр байгаа. Харин гишүүний хувьд өмнө нь жагсаалтаар орж ирсэн учраас энэ удаад тойрог руу явна. Тэгэхээр Өмнөговь аймгаас өөр тойрогт очиж өрсөлдөхгүй нь тодорхой.

Тэгээд ч түүний энэ дөрвөн жилд хийж хэрэгжүүлсэн ажил чамлахааргүй их. Нэр хүнд ч сайтай байгаа. Нөгөө талаар Өмнөговь аймагтаа нэр хүндээрээ Д.Бат-Эрдэнэ гишүүнээс дутаад байх зүйлгүй. Тэгэхээр 2016 онд түүнийг сонгогдоод парламентад ороод ирэхийг үгүй гэх газар огт байхгүй. Ямар ч байсан түүний ирээдүй гэрэлтэй байгаа.