Өршөөж болно, яагаад нууцлах гэж
Ээлжит бус чуулганаар үдээс өмнө Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Хувь хүн, хуулийн этгээдтэй холбоотой асуудлыг нууцална. Нотлох баримт болгохыг хориглоно гэсэн байна. Өршөөж болно, яагаад нууцлах гэж. Энэ хүн ийм хөрөнгөө ил болголоо гэж нийтэд мэдээлэхэд яагаад буруу гэж. Хувь хүн, хуулийн этгээдтэй холбоотой асуудлыг гаргаж торгоно гэсэн байна. Үүний ард ямар их айдас байна. Ингэх хэрэг байна уу. Өршөөсөн юм бол энэ, энэ хүмүүсийг өршөөлөө гээд мэдээллээ ил тод болгох ёстой бус уу. Хоёрт, Ариунсан дарга хэлээд байна. Компаниуд хүнд байдалд орсон гэнэ. Компаниуд юунаас болоод хүнд байдалд орсон гэдгээ Засгийн газар судалж үзсэн юм уу. Хуулийн орчин хуучин хэвээр байвал ахиад л хөрөнгө нуух асуудал үүснэ. Гуравдугаарт нь, 4.5 их наяд төгрөгийн хөрөнгө орлого өршөөл үзүүлснээр орж ирсэн гэдгийг яаж нотлох юм бэ?
Ил тод байдлыг дэмжих хууль гэж хэлчихээд дотроо нууна гэсэн заалт оруулдаг нь ямар учиртай юм бэ?. Өршөөл үзүүлэхээс илүү Засгийн газрын холбоотой асуудал байна шүү дээ. Ажлаа хийлгэчихээд төр мөнгө өгөхгүй хэдэн жил болдог. Энэ нь компаниудад том дарамт болдог шүү дээ.