2015.08.05

Гар дээр байгаа бууг ангийн зориулалтаар ашиглахыг нь хорьж байгаа

Монгол Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2015.08.05.Лхагва гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 04 минутад 53.9 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр нарын нэр бүхий 11 гишүүний санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл танилцуулсан юм.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Сая Д.Ганбат дарга хариулахдаа байлдааны зориулалттай буунуудын сумыг оруулахгүй гэчихлээ. Тийм бол сумгүй буугаар яах юм бэ .Малчдын хот, малаа хамгаалах гэж л буутай байдаг. Сумыг нь оруулж ирэхгүй бол зүгээр дурсгалын хэрэгсэл л болох нь ээ”.

УИХ-ын гишүүн Д.Ганбат” Байлдааны зориулалттай сум хэрэглэвэл тусдаа өөр хуулиар явна. Гар дээр байгаа бууг иргэд буудлагын, спорт,  сургалтын зориулалтаар ашиглаж болно. Ангийн зориулалтаар ашиглахыг нь хорьж байгаа” гэлээ

Ингээд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ