Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
2015.08.05

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2015.08.05/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Наранхүү нар танилцуулсан юм.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих асуудлын хүрээнд хамгийн өргөн хэрэглэгддэг арга хэмжээ нь татварын өршөөл юм. Татварын өршөөл гэж улс орнууд татварын бааз сууриа өргөтгөх, далд эдийн засгийг бууруулах зорилгоор хэрэглэж буй арга хэмжээ бөгөөд төрөөс татвар төлөгчдөд төлөх ёстой татвараа тодорхой хугацаанд багтаан сайн дурын үндсэн дээр үнэн зөв мэдүүлж, төлсний үндсэн дээр эрүүгийн хэрэг үүсгэж, хариуцлага тооцохгүй байхаар өгч буй амлалт юм.

Манай улсад анх 2007 онд уг асуудлыг зохицуулсан хууль батлагдаж хэрэгжсэн. Мөн 2007 онд батлагдсан Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулиар Хувь хүний орлогын албан татварын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Онцгой албан татварын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан иргэн, хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр татвар төлөгчөөр бүртгүүлсэн буюу албан татвар ногдох орлого болон орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ, үйл ажиллагааг мэдүүлсэн тохиолдолд тэдгээрийг хариуцлага болон албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлээс нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулжээ. 

Түүнчлэн 2008 онд батлагдсан Татварын өршөөлийн тухай хуулиар зарим этгээдийг албан татвар, нийгмийн даатгалын өр, төлбөрийн тодорхой хувиас болон эрүү, захиргааны хариуцлага, эрүүгийн ялаас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулсан аж. Дээрх хуулиудын дагуу 4621 татвар төлөгч 8145 тайлан ирүүлж, татвар төлөгчөөр нийт 748 иргэн, хуулийн этгээд шинээр бүртгүүлж, улмаар 4.5 их наяд төгрөгийн орлогод ногдох 431.6 тэрбум төгрөгийн татварыг Татварын өршөөлийн хуульд хамруулсан байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан нэмж мэдүүлсэн аж ахуйн нэгжийн судалгаанаас үзэхэд өршөөлийн хуулиар нэмж мэдүүлсэн орлогын 49.1 хувь нь бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчид байдаг аж. Тэр дундаа боловсруулах аж үйлдвэр (14.6%), барилга (13.9%), уул уурхайн салбар (7.0%)Татварын өршөөлийн хуульд хамгийн ихээр хамрагджээ.

Эдгээр үндэслэл, шаардлагыг харгалзан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн ч төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад зарчмын зөрүүтэй зарим асуудлаар төслийг хэлэлцэх боломжгүй гэсэн үндэслэлээр Засгийн газарт буцаасан тул уг хуулийн төслийг дахин боловсруулжээ.

Хууль санаачлагч илтгэлдээ, энэхүү хуулийн төсөлд татвар, нийгмийн даатгалаас гадна үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл болон хуулийн этгээдийн бүртгэл, нягтлан бодох бүртгэлийн асуудлыг тусгаж, урьд гарч байсан хуулиудаас илүү өргөн хүрээг хамарсан зохицуулалт оруулж, үүний үр дүнд эдийн засгийн ил тод байдлыг бүрдүүлэх нэг удаагийн журмыг тодорхойлсон болно. Уг хуулийн төслийг баталж хэрэгжүүлсний үр дүнд илрээгүй байсан орлого, хөрөнгө ил гарч, тэдгээрийг хууль ёсны бүртгэл хяналтад оруулж, цаашид хууль тогтоомжийн дагуу татвар ногдох боломжтой болж, татварын суурь өргөсөх, санхүүгийн болон татварын хуурамч тайлангуудыг аливаа хүү, торгуульгүйгээр залруулж, зөв голдрилд оруулах чиглэлээр бодитой үр дүн гарна гэж Засгийн газар үзэж буйг дурдлаа.

 

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Л.Цог, А.Бакей, С.Одонтуяа, Ж.Батзандан, Ө.Энхтүвшин, С.Дэмбэрэл, Н.Номтойбаяр нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Хууль зүйн сайд Д.Дорлигжав гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Улсын Их Хурлын 2014 оны 34 дүгээр тогтоолоор бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн идэвхжүүлэх, хувийн хэвшлийг дэмжих ажлын хүрээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын татварын ачааллыг бууруулж, тайлагнах журмыг хөнгөвчлөх, ил тод, нээлттэй болгох, зарим татварын хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр татварын холбогдох хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосны дагуу энэ хуулийн төслийг боловсруулсан гэдгийг онцлов. Мөн Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан болон ажлын хэсгийн зарим албан тушаалтнууд гишүүдийн асуултад нэмэлт хариулт өгсөн юм.

Хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ, Р.Гончигдорж, Х.Тэмүүжин, Д.Ганхуяг, Х.Болорчулуун нар үг хэлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 58 гишүүний 37 нь буюу 63.8 хувь нь дэмжсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Өршөөлийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хаалттай дэгээр хэлэлцэх байсан ч үдийн завсарлагын цаг болсон тул уг хуулийн төслийг 14 цагаас чуулганы үдээс хойших хуралдаанаар хэлэлцэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.