Засгийн газрыг тогтвортой ажиллуулах чиглэлийг хангах ёстой
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтай ярилцпаа.
-Сүүлийн үед улс төрд өрнөж буй үйл явцын талаар ярилцъя. МАН-ын бүлгийн зүгээс ээлжит бус чуулганыг зургаан сайдыг чөлөөлөх хүрээнд зарласан гээд байгаа. Гэтэл өнөөдрийг хүртэл зургаан сайдын нэрийг Засгийн газраас өргөн бариагүй байна. Үйл явцын процессыг хэрхэн харж байна вэ. Зургаан сайдын асуудал хэлэлцэгдэнэ гэж байна лээ?
-Ээлжит бус чуулганыг Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, МАН-ын зургаан сайдыг огцруулахын тулд зарлаагүй гэдгийг хэлэх ёстой байх. Учир нь хаврын чуулганаар хэлэлцэж амжаагүй ард түмний хүсэн хүлээж байгаа хуулиудын төслийг зайлшгүй хэлэлцэх шаардлагатай. Ээлжит бус чуулганаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Эрүүгийн болон Зөрчлийн, Өршөөлийн зэрэг иргэдэд тун хэрэгтэй хуулиуд хэлэлцэгдэнэ.
Эдгээр хуулиудын нэлээдийнх нь хэлэлцэх асуудлыг шийдсэн, заримынх нь анхны хэлэлцүүлэг явагдаж байна. Тиймээс эдийн засгийн энэ хүндрэлтэй нөхцөлд нэг хоногийн өмнө ч гэсэн хуулиудаа батлах хэрэгтэй. Нөгөө талаас иргэдийн хүлээлт үүссэн хуулиудыг зайлшгүй хэлэлцэх шаардлагатай гээд ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан юм.
Үүний хажуугаар МАН-ын зургаан сайдыг огцруулах асуудал орж байгаа л даа. УИХ дахь Ардчилсан нам болоод МАН-ын бүлэг хооронд байгуулсан харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт хангалтгүй байгаа тул Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахгүй бол болохгүй болсон гэсэн саналыг УИХ дахь АН-ын бүлгээс тавьсан. Өнөөдөр нэгэнт ийм байдалд хүрсэн тул нэг талд нь гаргаж шийдэх хэрэгтэй болсон. Үүнийг даруйхан шийдэх хэрэгтэй. Засгийн газрын зургаан сайдын нэрийг өнөөдрийн байдлаар (өчигдөр) хараахан өргөн бариагүй байна. Учир нь Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг өргөн барихдаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн саналыг нь авах ёстой. Энэ нь хуулийн хүрээнд ажлын тав хоногт багтах учиртай. Тэрхүү санал албан ёсоор ирээгүй тул хуулийн хугацаандаа хүлээгдэж байгаа юм. Тиймээс бүрдэл хэсэг нь бэлэн болсны дараа өргөн баригдаад хуулийн дагуу хэлэлцэгдэнэ.
-Яг хэд хоногийн дотор Засгийн газрын гишүүдийн асуудлыг огцруулж, дараагийн сайдыг томилох ёстой вэ?
-УИХ-ын чуулганы хуралдаан дэгийн тухай хуулийн дагуу Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг холбогдох байнгын хороо долоо хоногийн дотор хуралдаж санал дүгнэлтээ гаргасан байх ёстой. Байнгын хорооны санал дүгнэлт гарсны дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар долоо хоногийн дотор чөлөөлөх асуудлыг шийдэх учиртай юм. Үндсэндээ Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудал 14 хоногт багтаан шийдэгдэх боломжтой.
-Гэхдээ энэ долоо хоногийн хувьд Ерөнхийлөгчтэй зөвшилцөед дуусах төлөвтэй байна. Баасан гаригт зургаан сайдын нэрийгөргөн барилаа гэхэд ирэх долоо хоногт шийдэж амжих юм уу. Хэрэв ээлжит бус чуулганы хугацаанд шийдэхгүй бол дахин үргэлжлүүлж ээлжит бус чуулган зарлах уу?
-Хэлэлцэх үеэр дунд нь завсарлага авахгүй бол нэг долоо хоногийн дотор ч гэсэн шийдэгдэх бололцоотой. Хэрэв тийм асуудал гарвал ээлжит бус чуулганы хугацаандаа амжихгүй байх магадлал ч бий. Ийм нөхцөл байдалд хүрвэл ээлжит бус чуулганыг дахин зарлах нөхцөл байдалд хүрч магадгүй.
-Өнгөрөгч долоо хоногийн баасан гаригт Ерөнхий сайд МАН-ын зургаан сайдын асуудлыг бус намынхаа даргад эсрэгээрээ шаардлага өргөн барьсан. Бүлгийн хуралдаанаараа намын даргадаа шаардлага хүргүүлсэн. Эх сурвалжуудын хэлснээр Ерөнхий сайд өөрөө зургаан сайдын нэрээ өргөн барихаар болсон гэж дууллаа?
-Ерөнхий сайд Засгийн газар тогтвортой ажиллаж, илүү үр дүнтэй байх нэг зам нь Ерөнхий сайд нь намын даргынхаа албан тушаалыг давхар хашвал үр дүнтэй гэдэг үүднээс шаардлага хүргүүлсэн байна лээ. УИХ дахь АН-ын бүлэг дээр үүнийг ярилцсан.
-Тэгээд ямар шиийдвэр гаргасан юм?
-Ардчилсан намын дарга томилогдоод удаагүй байна. Нөгөө талдаа дараагийн сонгууль хүртэл богино хугацаа үлдлээ гэж үзсэн тул ийм нөхцөлд намын даргын асуудлыг дахиж ярих шаардлагагүй гэсэн юм. Харин ч Засгийн газрыг тогтвортой ажиллуулах чиглэлийг хангах ёстой гэж үзсэн. Тэр нөхцөл боломж нь юу гэхээр үлдсэн богино хугацаанд Засгийн газар болон Ерөнхий сайдыг огцруулах санал гарч, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс дэмжиж огцруулахын төлөө ажиллах юм бол намын дүрмээр хариуцлага тооцно гэсэн. Ийм нөхцөлд харин ч Засгийн газраа хамгаалан үлдээд богино хугацаанд үр дүнтэй бодит ажлуудыг хийхийг дэмжих ёстой юм.
-Хэрэв эсрэг явбал бүр 2016 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн байна лээ...
-Засгийн газрыг тогтвортой ажиллуулж Монгол Улсын эрх ашгийн төлөө саналаа нэгтгэх ёстой л доо. Тиймээс Засгийг тогтвортой байлгахын тулд УИХ-ын гишүүд анхаарч хамгаалах ёстой гэсэн зарчим дээр манай бүлэг санал нэгдсэн. Хэрэв эсрэг явсан асуудал гарвал улс төрийн хариуцлага тооцно гэдгийг манай бүлгийн гишүүд дэмжсэн.
-Шаардлагын хүрээнд ҮЗХ хуралдах боломжгүй байгаа нь үнэн үү?
-ҮЗХ хуралдах шаардлага гарвал намын дүрмийн дагуу хуралдана. Түүнээс Ерөнхий сайдын хүргүүлсэн шаардлагын хүрээнд заавал хуралдах шаардлагагүй гэж үзсэн.
-Ээлжит бус чуулган нээлтээ хийсэн ч МАН-ын бүлгийн гишүүд суугаагүй. Байнгын хорооны хуралдаан дээр ч мөн тийм хандлага ажиглагдаж байна. МАН сайдын суудлаа хамгаалсан бойкот хийж байна гэж ойлгож болох уу?
-Шууд бойкот хийсэн үү, үгүй юу гэдгийг үнэндээ хэлж мэдэхгүй байна. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд болон бүлгийн удирдлагуудаас нь энэ талаар уулзаж асуусан. “Ээлжит бус чуулганы хуралдааны үйл ажиллагаанд оролцох юм байгаа биз дээ” гэхэд “Бид оролцоод явна" гэж байна лээ. Харин ямар шалтгааны улмаас ээлжит бус чуулганы хуралдааны нээлтэд оролцоогүйг тус намынхнаас асуусан нь илүү оновчтой байх.
Энэ чухал хуулиудыг хэлэлцэж байхад УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд гадуур сууж болохгүй гэдгийг биднээр хэлүүлэлтгүй өөрсдөө ч мэдэж байх учиртай. Ээлжит бус чуулганы асуудал бол зөвхөн Засгийн газрын асуудал биш. Тиймээсэдгээр чухал хуулийн төслүүдээ батлалцаад явах байхаа гэж бодож байна. Ардын намынхан энэ асуудалд оролцохгүй гээд хойш суугаад байвал тэр бүгдийг нь сонгогч, ард түмэн нь харж байгаа юм. Ийм чухал асуудал хэлэлцэж байхад бидний сонгосон гишүүд яагаад хууль батлалцахгүй суугаад байна гэж харж л байгаа шүү дээ. Нөхцөл байдлыг ч гэсэн бодолцоцгоох байлгүй.
-Зургаан сайдын асуудал яахав процессын дагуу я вж байгаад шийдэгдэх байх. Харин бусад хуулиуд батлах боломж хэр байна. МАН- ын зүгээс бол Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг дэмжихгүй гэж мэдэгдсэн...
-Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөл дээр ард түмний нийтлэг эрх ашигт нийцэхгүй, цөөн хэсэг бүлэг хүмүүст зориулсан хуулийн төсөл болсон бол тухайн заалтуудыг хасах бүрэн боломж байгаа. Энэ нь гишүүдийн бүрэн эрхэд байгаа асуудал. Тиймээс уг хуулийн төслийг хойш нь тавих биш сайжруулаад гаргах боломжтой. Ямарваа асуудлыг хойш нь тавилаа гээд шийдэгддэггүй.
-Ер нь зургаан сайдыг огцруулснаар Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарын асуудал давхар сөхөгдөнө?
-Зургаан сайдыг чөлөөлснөөр Засгийн газрыг огцруулж байгаа хэрэг огтхон ч биш шүү. Тиймээс Засгийн газар хэвээрээ байна. Үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Тийм болохоор гадаад орчинд Монголын төр тогтворгүй байна гэж харагдах үндэс байхгүй. Ажил нь урагшлахгүй байгаа сайд нараа сольдог жишиг аль ч улсад байдаг үзэгдэл. Гадна талд буруу сөрөг нөлөөлөл, үр дагавар үзүүлэх зүйл байхгүй байх.
Мэдээж Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар улс төрийн албан тушаалтан тул солигдож таарна. Бусад төрийн албан хаагчид хуулийн дагуу явна. Тогтвортой байгаа нь энэ гээд бие биедээ харилцан итгэлцэхгүй байх зарчмаар явж болохгүй. Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ гэдэг гэрээг хоёр нам байгуулсан. Тэгсэн хэрнээ харилцан бие биендээ итгэхгүй яваад байхаар асуудал шийдэх биш асуудлыг улам хүндрэлтэй буюу тодорхой бус байдалд хүргэх эрсдэлтэй л дээ. Үүнийгээ Ардын намын бүлэг ч гэсэн ойлгож байгаа байх.