Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ
УИХ-ын ээлжит бус чуулган
2015.08.05

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2015.08.05/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Наранхүү нар танилцуулсан юм.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн ч төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад зарчмын зөрүүтэй зарим асуудлаар төслийг хэлэлцэх боломжгүй гэсэн үндэслэлээр Засгийн газарт буцаасан тул уг хуулийн төслийг дахин боловсруулжээ.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Энэ хууль батлагдах ёстой. Гэхдээ маргаантай асуудал нь татвараа төлөөгүй хүмүүсийн эрхийг илүү тусгасанд байгаа байх.  Асуудал болгоныг олон талаас нь харах нь зөв. Тоон дунд цохиж цохиж яваа үсэг гэгчээр тодорхой компаниуд санаатайгаар татвараа төлөөгүй тохиолдол ч байгаа байх. Харин татвараа төлсөн компаниудад тодорхой урамшуулал өгөх нь зөв. Өнөөдөр ажилчдынхаа цалинг өгөөгүй компаниуд цөөнгүй байна. Цалингаа аваагүй болохоор авсан зээлээ  төлж чадахгүй байгаа хүмүүсийг хар дансанд оруулах явдал байдаг.Энэ мэтийг анхаараасай. Б.Ариунсан даргын хэлдгээр Татварын хуулиа хурдан оруулж ирээч ээ.  Татвараа шударга төлсөн хүмүүсийг хохироох хуулийн төсөл биш байх аа.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Эдийн засгийн өсөлт дахин саарсан байна. Далд эдийн засаг 40 хувьтай байна гэдэг. Гэтэл яагаад далд эдийн засагт дуртай байна вэ? Манай бизнесийнхэн чинь бусад улс орноос ялгаатай нь зээлийн орчинд үйл ажиллагаа явуулдаг. Арилжааны банкнаас асар өндөр хүүтэй зээл авч байна.  Энэ бол баялаг бүтээгчдээ дэмжиж байгаа хууль. Харин ойр ойрхон өршөөл үзүүлээд байна гэдэг зөв. Үүнийг Чингис бондтой холбоод яриад байх юм. Монголын аж ахуйн нэгж чинь 20 гаруй хувийн хүүтэй зээлээр үйл ажиллагаа явуулдаг байсан. Харин Чингис бондод маш олон аж ахуйн нэгж хамрагдсан. Үр дүн ч сайтай байгаа юм билээ шүү дээ. Чингис бондын үр дүнгийн талаарх мэдээллийг  Засгийн газар гишүүдэд тараагаад өгсөн ч болно.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:  Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль шударга иргэдэд сайхан санагдахгүй. Буруу гарын дарга нарт сайхан санагдаж байгаа байх.  Нийгмээс болоод татвар төлөгч хохирсон зүйл байна. Тендер авчихаад төр нь мөнгөө өгөхгүй банкны өр зээлэнд орсон нэгэн ч байна.  Барилгын салбарт хошуурч байгаад татварын өрөнд орсон хүмүүс байна. Авлигын эсрэг хуулийг харин энд хамруулахгүй. Авлига авч баяжаад асар их хөрөнгөжсөн хүмүүсийг Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль нэртэйгээр өршөөж болохгүй.

Байнгын хорооны саналаар Эдийн засгийн ил тод байдлыг хэлэлцэх зүйтэй гэсэн санал хураалтаар 58 гишүүнээс 68.8 хувийн саналаар хуулийн төслийг хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.