Сүүдрийн эдийн засагт “ гэрэл туслаа”
Баялаг бүтээгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баасан гарагт баталлаа.
Шинэчлэлийн Засгийн газраас эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх хүрээнд энэхүү хуулиин төслийг боловсруулсан ч тухайн үедээ парламентын босго давж чадаагүй юм. Үүний дараа Ч.Сайханбилэгийн кабинетаас уг төслийг дахин өргөн мэдүүлсэн ч, “өмнөх хуулиас өөрчлөгдсөн зүйл үгүй” хэмээн мөн л буцаасан. Ийнхүү гурвантаа буцсан хуулийн төслийг хүлээсэн баялаг бүтээгчид татвараа төлөхгүй азнаж байна гэх шүүмжлэл хүртэл гарч, яаралтай батлах “нийгмийн шаардлага” үүс- сэн билээ. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдсан өдрөөс буюу өнгөрсөн 7-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн.
Хуульд татвар, нийгмийн даатгалаас гадна үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл болон хуулийн этгээдийн бүртгэл, нягтлан бодох бүртгэлийн асуудлыг тусгасан нь урьд гарч байсан хуулиудаас илүү өргөн хүрээг хамарсан юм. Далд эдийн засгийг бууруулах энэхүү хуулиас татварын суурь өргөсөх, санхүүгийн болон татварын хуурамч тайлангуудыг аливаа хүү, торгуульгүйгээр залруулж, зөв гольдрилд оруулах үр дүнг хүлээж буй.
Харин хуулийн хэлэлцүүлгийн явцад МАН-аас шүүмжлэлтэй хандаж байсан авлига, албан тушаалтнуудтай холбогдох зүйл, заалтыг бүхэлд нь хасч баталсан юм. Өөрөөр хэлбэл, хуульд хөрөнгө орлогын мэдүүлгээ (ХОМ) санаатай буруу бөглөсөн бол өршөөлд хамрагдахаар тусгасан заалт хэрэгжихгүй.
Урьдчилсан тооцоогоор буюу Татварын ерөнхий газраас өгсөн мэдээллээр хуульд 11 мянга гаруй аж ахуйн нэгж хамрагдах бөгөөд эдийн засгийн хүндрэлээс гарахад дэмжлэг болох юм.
Дашрамд дурдахад, Эдийн засагт ил тод байдлыг нэвтрүүлж, хөрөнгө мөнгөө далд нуусан хүмүүст өршөөл үзүүлсэн туршлага манайд бий. 2008 оны нэгдүгээр сараас долдугаар сарын хооронд Татварын зарим хууль болон нийгмийн даатгалын хуулийг хэрэгжүүлэх тухай, 2008 оны нэгдүгээр сарын 21-нээс Татварын өршөөл үзүүлэх тухай хуулиудыг батлан хэрэгжүүлж байсан юм. Дээрх хуулийн дагуу 2856 аж ахуйн нэгж, 5000 гаруй иргэн өршөөлд хамрагдан дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө буюу тухайн үеийн Монгол Улсын төсвийг бараг хоёр дахин нугалсантай тэнцэх хэмжээний хөрөнгө ил болсон гэж МҮХАҮТ-аас мэдээлжээ.
Хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүдийн байр суурийг сонирхсон юм.
Х.Тэмүүжин “Санхүү, аудит, татварын бичилтийг шинээр хийнэ. Түүнээс биш хэн нэгнийг өршөөх асуудал хуульд тусгагдаагүй.
Санхүүгийн бичилтийг шинээр хийх нь аж ахуйн нэгжүүдэд гарааны тэгш боломж олгож байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, сүүдрийн эдийн засгийг гэрэлд гаргана гэсэн үг. Мөн урьдчилан сэргийлэлтийг нэг шат ахиуллаа гэж дүгнэж болно.
Ч.Улаан: Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэлэлцүүлгийн шатанд гишүүдийн зүгээс олон санал гаргаж, анхны хувилбараасаа нэлээд өөрчлөгдсөн. Маргаан дагуулаад байсан зарим зүйл, заалтууд ч хасагдсан. Миний хувьд энэхүү хуулийг дэмжихгүй байгаа. Гэхдээ нэгэнт хууль батлагдсан учир өөрийн байр сууриа илэрхийлэх нь буруу гэж бодож байна.
Г.Баярсайхан “Хуулийн ач холбогдол, үр дүнг сайн гэж харахгүй байгаа. Учир нь хууль хэрэгждэггүй манай улсад ил тод байдлын хууль баталж, далд эдийн засгийг бууруулж, энэ салбарыг зөв гольдиролд нь оруулах нь юу л бол. Ардын хүүхдүүдэд ээлтэй хууль батлахын оронд цагаан захтнуудад зориулсанд эсрэг байр суурьтай байна. Монголд дөрвөн жил тутамд өршөөл үзүүлдэг буруу жишиг тогтлоо.
Ж.Батсуурь “Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталсан нь зөв. Яагаад гэвэл эдийн засгийн хүндрэлтэй байгаа үед баялаг бүтээгчдийг дэмжих бодлогыг төрөөс явуулах ёстой. Энэ хүрээнд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталж, баялаг бүтээгчиддээ багахан ч гэсэн дэмжлэг үзүүлэх ёстой. Нөгөөтэйгүүр, эдийн засгийн хүндрэлээс гарахад ч дэмжлэг үзүүлнэ.