Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа
Эдийн засгийн байнгын хороо
2015.05.06

Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.05.06/ хуралдаанаар Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Тогтоолын төслийн талаар Уул уурхайн сайд Р.Жигжид танилцуулсан юм.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслөөр Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, инфляцийг бууруулах, төсвийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг хангах бодлогыг хөрөнгө оруулалт, өрийн удирдлагын оновчтой бодлогоор дэмжих, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах, бодит салбарын өсөлтийг дэмжиж, салбар тус бүрийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ хэмээн Р.Жигжид сайд хэлсэн.

Макро эдийн засгийн бодлогын хүрээнд эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, инфляцийн түвшинг 1 оронтой тоонд байлгах бодлогыг 2016 онд хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ. Мөн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулж, 7 хувьд хүргэхээр төлөвлөсөн байна.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгасан 5 бүлэг, 22 зорилтын 130 бодлогын арга хэмжээг нийтдээ 3 их наяд 839.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр, үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 233.9 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны санхүүжилтээр 110.0 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 267.0 тэрбум төгрөг, төр хувийн хэвшлийн түншлэлээр 3 их наяд 189.0 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 39.9 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөн тусгасан ажээ.

Сайдын танилцуулгын дараа гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн А.Тлейхан, 2016 онд 130 бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм байна. Эдгээрийг хэрэгжүүлэх мөнгө хаана байгаа юм бэ. Төлөвлөсөн зорилтууд биелсэн эсэхийг хэрхэн дүгнэх вэ. Биелээгүй тохиолдолд ямар албан тушаалтанд хэрхэн хариуцлага тооцох юм бэ гэж асуусан. Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын дарга Г.Батхүрэл, Сангийн яам 2016 оны Үндсэн чиглэлийг боловсруулахдаа салбар яамд, холбогдох байгууллагуудаас саналыг авч нэгтгэсэн. Яамд, газруудаас нийт 436 арга хэмжээг хэрэгжүүлэх санал ирүүлсэн. Тэдгээрийг хэрэгжүүлэхэд 20.3 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай байсан. Ингээд яам, холбогдох газруудтай ярилцаж байгаад нийт 130 арга хэмжээг багцлан оруулж, шаардагдах хөрөнгийн хэмжээг 3.8 их наяд болгон бууруулсан. Үүний 233.9 тэрбум нь улсын төсвөөс гарах бөгөөд урсгал арга хэмжээнд зарцуулах мөнгө юм. 3.1 их наяд төгрөгийн арга хэмжээ нь концессын гэрээгээр хийгдэх ажлууд байгаа. Эдгээр нь улсын төсөвт ачаалал өгөхгүй хэмээн хариулсан юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт цалин, тэтгэврийг үнийн өсөлттэй уялдуулан өсгөж явахаар тусгасан. Цаашид цалин тэтгэврийг хэрхэн нэмэгдүүлэх вэ, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авах вэ хэмээн тодруулсан. Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын дарга Г.Батхүрэлийн тайлбарласнаар, 2016 оны Төсвийн хүрээний мэдэгдлээр 2016 онд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх санхүү, төсвийн боломж хомс байгаа учир ирэх оны Үндсэн чиглэлд энэ талаар тусгаагүй аж. Харин ажлын байрыг нэмэгдүүлэх, ажлын байраар хангах арга хэмжээг авч хэрэгжүүлснээр ажилгүйдлийн түвшинг бууруулж, 7 хувьд хүргэхээр төлөвлөсөн гэж тэрбээр нэмж хэлсэн.

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Ө.Энхтүвшин нар эдийн засгийн хөгжлийн бодлогыг зангидаж байдаг газар байх ёстой хэмээсэн бол УИХ-ын гишүүн А.Тлейхан, С.Бямбацогт нарын гишүүд асуудалд хариуцлагатай хандах нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан. Эцэст нь Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.