Хэн нь хэн бэ гэдгээ дөрвөн сарын хугацаанд харууллаа
“ММ” өмнөх дугаартаа Шийдлийн Засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш ямар ажил шийдэж, юу хийхээр эхлүүлэв гэсэн асуудлыг онцолсон билээ.
Үнэндээ бол бид хэн нь юу хийж байгааг хэвлэлээс л харах боломжтой. Бусдаар мэдээлэл олж авах боломж бараг үгүй гэж хэлж болно. Арванхоёрдугаар сарын 10-нд Шийдлийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах тамгаа гардаж авснаас хойш яг таван сар өнгөрч байна. Асуудлаа харилцан ойлголцож, нэг ч хором амрахгүйгээр салбар салбартаа шийдэх асуудлаа шийдээд явна хэмээн амласан зарим сайд ажлаа хийдэг эсэхийг мэдэхгүй л энэ хугацааг өнгөрөөлөө.
Гүйцэтгэх засаглалын тэнхимийн тэргүүн нь наанаа хэчнээн сайхан зүйл ярилаа ч танхимд багтсан сайдууд нь ажлаа мэдэж, асуудлаа ойлгож ажиллахгүй бол хэн юу хийж байгааг ард түмэн тааж мэдэх аргагүй юм. Тэр дундаа дөрөв дэх засаглалын өмнө нүүрээ ч харуулахгүй, ичээндээ орчихсон, өдөр тутмын сонин хэвлэлээс өдрийн од шиг нэрийг нь олж уншиж байгаа сайдуудыг ажлаа сайн хийдэг, асуудлаа ойлгодог сайд гэж дүгнэх боломжгүй.
Хэвлэл мэдээлэлд өөрийнхөө хийсэн ажлыг танилцуулж, бидний хийсэн ажил энэ шүү гэж гарт баригдах, нүдэнд харагдах ажлаа харуулахгүй л бол “би ийм ажил хийсэн” гэж мянга орилоод ч нэмэр байхгүй биз дээ. Яг л дөрвөн жил сурчихаад ангийнхаа багшид танигдахгүй төгсдөг оюутан шиг. Ийм сайд олон байна, энэ танхимд. Засгийн газрын сайдууд таван сарын хугацаанд салбартаа юу хийж, ямар зүйл хийснийг тоймлох цуврал сурвалжлагаа үргэлжлүүлж байна.
Хүний хөгжлийн талаархи нэгдсэн бодлого тодорхой болов
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ/
Шинэчлэлийн Засгийн газарт ажиллаж байсан сайдуудаас Шийдлийн Засгийн газарт үлдсэн хоёр сайдын нэг нь С.Эрдэнэ. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын асуудлаар дөрвөн жил ажиллахдаа бараг л мэргэшсэн гэж хэлж болно. Эрхэлсэн ажлынх нь туршлага ч нийгмийн даатгал, нийгмийн хамгааллын асуудал байдаг учраас С.Эрдэнэ хоёр Засгийн газарт багтаж ажиллахдаа АН-ын нэр хүндийг тахлах сайдуудын нэг байж чадлаа.
Нийгмийн хамгааллын бодлогыг шат дараатай хийж, төрөөс энэ салбарт баримтлах бодлогыг батлууллаа. Залуус, ахмад настан, хүүхдүүдийн асуудлыг ч орхигдуулалгүй тус бүрээр нь бодлогоо тодорхой болгож чадсанаар Монгол Улс анх удаа хүн хөгжлийг чухалчилж, хүнээ дэмжсэн бодлогоо тодорхой болгож авав. С.Эрдэнэ сайд сүүлийн үед тэтгэврийн насыг нэмэх талаар судалгаа хийх тухай ярьснаасаа болж багагүй баалуулж байгаа.
Мөн тэтгэврийн зээлийн хүүг С.Эрдэнэ нэмчихсэн аятай МАН-ынхан түүнд хандсан улстөржилт хийх болсон нь түүнийг шүүмжлэх нэг шалтгаан болж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд Нийгмийн даатгалын нэрийн данс ширхэг ч мөнгөгүй явж ирсэн. Даатгал төлж байгаа иргэдийн мөнгөөр тэтгэвэр тавих байдлаар л аргацааж ирсэн.
Тэгвэл үүнийг өөрчлөхийн тулд яамны зүгээс Нийгмийн даатгалын нэрийн дансыг мөнгөжүүлэх, ипотекийн зээлээр орж ирж байгаа үнэт цаасыг энэ дансанд төвлөрүүлэх хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Хэрвээ энэ нь ажил хэрэг болж чадвал С.Эрдэнэ сайд байхдаа хийсэн нэг том ажил болж үлдэх учиртай. ХАХНХ-ын яамны ажил бусад яамдаас илүү их байдаг.
Долоон буудлын Должин эмээгийн уух ус, түлэх түлш, эм авах асуудлыг ч энэ яам хариуцдаг учраас ажил ихтэй. Тэр бүхнийг мартахгүй, цаашлаад нийгмийн халамж авах хэсгийнхээ ч нийгмийн асуудлыг орхилгүй хийж ирсэн түүнд арай ч дунд дүн тавьж боломгүй. Өнгөрсөн таван сарын хугацаанд яамны зүгээс хийсэн хамгийн том ажил нь эмэгтэйчүүдийн чуулганыг амжилттай зохион байгуулсан явдал. Мөн өнөө жил Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн болж байгаа бөгөөд энэ хүрээнд яамны зүгээс нэлээдгүй олон ажил хийхээр төлөвлөжээ.