С.Бямбацогт: МАН засгаас гарах асуудал яригдсан нь үнэн
МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж үндсэн хоёр асуудлыг хэлэлцсэн байна. Нэгдүгээрт, 2016-2017 оны Үндсэн чиглэлийг хэлэлцсэн бөгөөд хэрэгжих боломжгүй мөрөөдлийн жагсаалтууд багтаасан гэж дүгнэжээ.
Тодруулбал, өмнө нь хэрэгжүүлээд үр дүнгээ өгөөгүй төсөл хөтөлбөрүүдийг багтаасан нь цаг үрсэн үр дүнгүй ажил болно гэж үзсэн байна. Харин үүний оронд шинэ бодлого, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэгт тус намын бүлэг санал нэгдсэн байна. Тиймээс тус бүлэг Үндсэн чиглэлийн биелэлтийг дэмжихгүй гэж үзжээ.
Энэ талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ “Эдийн засгийн хүндрэлийг давах хөтөлбөр болон хоёр нам Засгийн газарт хамтарч ажиллахад байгуулсан гэрээнд заасан шаардлагыг бид тавина. Бага орлоготой иргэд, аж ахуй нэгжээс авах татварын хувь хэмжээг бууруулах замаар эдийн засгийг дэмжье гэдэг саналыг гаргаж байсан. Үүнийгээ хэрэгжүүлье.
Банкны салбарт зээлийн тасалдал үүсэх, тогтворгүй байдал бий болохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авъя гэснийгээ мөн хэрэгжүүлье. Хөрөнгө оруулалтыг сайжруулах, зогсонги байдалд орсон томоохон төслүүдээ эрчимжүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Таван толгой, Оюу толгой зэрэг төслүүдээ Монголд Улсад өгөөжтэй байхаар ажиллуулах ёстой гэж үзсэн. Импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжиж зарим бараанд татвар ноогдуулах экспортыг дэмжих ёстой гэсэн томоохон бодлогуудыг Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрт тусгасан байгаа. Үүнийгээ хэрэгжүүлж байсан Эдийн засгийн хямралыг давна” гэлээ.
-Таван толгойн гэрээнд санал дүгнэлт өгөх ажлын хэсэгт танай намын бүлгээс гурван гишүүн орсон. Цаашдаа энэ ажлын хэсэгт ажиллах уу?
Манай бүлэг ажлын хэсгээ хоёрдугаар сард байгуулсан. Я.Содбаатар гишүүн ахалж, Су.Батболд Д.Хаянхярваа, Б.Чойжилсүрэн, Д.Сумъяабазар гишүүн ажлын хэсэгт байсан. УИХ-ын даргын байгуулсан ажлын хэсэгт гурван гишүүн орсон. Эдгээр гишүүд бүлэг дээр мэдээлэл хийсний дараа бүлгийн шийдвэр гарна. Ер нь МАН-ын бүлэг хэлэлцэх эсэхийг шууд дэмжинэ. Түүний дараа засч, залруулах зүйл байвал түүн дээр анхаарч ажиллана.
-Өчигдрийн Тусгаар тогтнолын ордонд болсон бүлгийн хуралдаанаар МАН засгаас гарах тухай асуудыг ярьсан гэсэн мэдээлэл байна. Үнэхээр зарим гишүүд ийм санал гаргаж байгаа юу. Засгийн газарт ажилласан үр дүнгээ хэрхэн дүгнэж байгаа вэ?
АН-тай засагт хамтрахдаа олон асуудал дээр гэрээ байгуулж, тохиролцсон. Гэтэл АН гэрээнд тусгагдсан зүйлүүдээ хэрэгжүүлэхгүй байх байдал гарч болзошгүй юм байна. Цаашдаа ийм байдалтай байвал эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөө юу болох вэ гэдэг асуудал бүлэг дээр яригдсан.
Үнэхээр түншлээд явах түнш мөн үү биш үү, дээгүүрээ тэврэлдээд доогуураа өшиглөөд байх вий гэсэн зүйл яригдсан. Гэхдээ асуудал албан ёсоор шийдвэр гаргаагүй. Зарим гишүүдээс ийм санал гарч байсан.