Б.Гарамгайбаатар: Тавантолгойн гэрээний төсөл гацвал АН хариуцлага хүлээнэ
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар
2015.05.04

Б.Гарамгайбаатар: Тавантолгойн гэрээний төсөл гацвал АН хариуцлага хүлээнэ

УИХ дахь  АН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Бүлгийн хуралдаанаар долоон асуудал хэлэлцэх байсан ч заримыг нь хойшлуулж үдээс хойш 14:00 цагт хэлэлцэхээр болсон байна.

Өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд болон УИХ-ын дарга мэдээлэл өгснөөс гадна Тавантолгойн гэрээний төслийг УИХ-аар хэлэлцүүлэх эсэхийг шийдэх ажлын хэсгийн явцын талаарх мэдээллийг сонсчээ.

Татварын багц хуулийг Р.Амаржаргал гишүүн ахлахар болсон гэдгийг УИХ-ын дарга мэдэгдсэн байна. Мөн ирэх долоо хоногоос Малын хөлийн татвар, Нийслэлийн татварын тухай хуулийн төслийн асуудлаар эрчимтэй ажиллаж, УИХ-аар батлуулах нь зүйтэй гэж үзжээ. Харин Төрийн албаны хуулийн шинэчлэлийн талаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөх зайлшгүй шаардлагатай учраас түүний дараа УИХ-д өргөн барина гэж Ерөнхий сайд мэдэгдсэн байна.

Үүнээс гадна Хяналтын тухай хуулийг АН-ын бүлгийн гишүүд онцолж ярьсан байна. Учир нь уг хуулийг МАН-ын гишүүд гацаасан учраас ажлын хэсэг ажиллаж чадахгүй байна гэж тус бүлэг дүгнэжээ. Тиймээс тус ажлын хэсгийг тарааж, дахин шинэ ажлын хэсэг байгуулан богино хугацаанд Хяналтын тухай хуулийг батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар Тавантолгойн гэрээний төслийг ингэж байгаад гацаавал гарах хариуцлагыг нь хэн хүлээх вэ гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа “АН-ын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт төсвөөс санхүүжигдэж хийгдсэн стратегийн ордуудын 51-ээс доошгүй хувийг төрийн мэдэлд байлгана гэсэн заалт бий. Бид мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд явж байна гэсэн үг. Үүний дагуу УИХ-ын дарга захирамжаар ажлын хэсэг байгуулаад, энэ ажлын хэсгийг судлаж үзэж байгаа. Бүлэг дээр Тавантолгойн өнөөгийн болон өмнөх удирдлага, гэрээний төслийн ахлагч М.Энхсайхан сайд гэх мэт хүмүүсийн мэдээллийг тэнцвэртэй сонсож байгаа. Ажлын хэсгийн гаргасан ажлын үр дүнгээр шийдвэр гарна. Эрх барьж байгаа нам хариуцлага хүлээж л таарна” гэсэн юм.