М.Сономпил: Би тоон доторхи үсэг болохгүй
УИХ-ын гишүүн М.Сономпил
2015.05.01

М.Сономпил: Би тоон доторхи үсэг болохгүй

УИХ-ын дарга З.Энхболд захирамж гаргаж парламентад суудалтай бүх нам, эвсэл, бие даагчдын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж Тавантолгойн гэрээний төсөл дээр ажиллуулахаар болсон. Тус ажлын хэсгийг Л.Эрдэнэчимэг гишүүн ахалж А.Бакөй, Су.Батболд, О.Баасанхүү, Д.Ганхуяг, С.Ганбаатар, Б.Наранхүү, Д.Сумъяабазар, М.Сономпил, Б.Чойжилсүрэн нар гишүүнээр нь ажиллах болсон юм. Гэвч М.Сономпил гишүүн өчигдөр ажлын хэсэгт ажиллахгүй гэдгээ илэрхийллээ. Түүнээс ямар шалтгаанаар ийм шийдвэр гаргаж байгааг нь тодруулснаа хүргэе.

-Та яагаад Тавантолгойн гэрээний ажлын хэсэгт орохгүй гэсэн юм бэ?

Бизенс эрхэлж байсан, эдийн засаг жаахан гадарладаг хүнийхээ хувьд би Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон төслүүдийг яваасай гэж боддог. Тавантолгойн гэрээний төсөлд алдаа дутагдал байхыг үгүйсгэхгүй. Түүнийг нь УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд засаад явах боломжтой. Гэвч өнөөдөр нөхцөл байдал тийм биш байна. Үндсэндээ Тавантолгойн гэрээг явуулахгүйгээр зогсоох хандлага давамгайлж байна. Энэ талын байр суурийг илэрхийлдэг гишүүд нь ажлын хэсэгт орчихсон. Тиймээс би энэ ажлын хэсэгт байх нь зохимжгүй гэж үзсэн юм. Хоёрдугаарт, ажпын хэсэг нь дэд ажлын хэсэгтэй гэж байгаа юм.

.,Эдийн засаг гадарладаг хүний хувьд том төслүүдийг дэмждэг.,

Түүнийг нь УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх удирдах юм билээ. Дэд ажлын хэсгийн ажилласан гэрээг бид зөвхөн УИХ-д тайлбарлана гэсэн үг. Өнөөдөр улстөржилт, талцал хэрээс хэтэрч байна. Аливаа зүйлийг улстөржихгүйгээр шийдээд л явах ёстой. Ялангуяа, энэ хоёр том төслийг ард иргэд явуулаххүсэлтэй байна уу, үгүй юү гэдэг нь чухал. Ард иргэд хурдхан шиг урагшлуулахыг л хүсч байгаа гэж бодож байна. Улс орон болон, ард түмний эрх ашгийн төлөө урагшлуулах л ёстой. Гацааж зогсоох нь хэнд хэрэгтэй юм бэ. Хэнд ч хэрэггүй ш дээ.

-УИХ-ын гишүүдийг оролцуулсан ажлын хэсэг болон дэд ажлын хэсгийг бүрдүүлэхдээ хэтэрхий нэг талыг барьсан гэсэн үг үү?

Нэг талыг барьсан гэхээсээ илүү, нэг талыг барих хүмүүсийн цугларал бий болчихсон байна. Өөрсдөө санаачилгаараа орсон юм уу, санаатайгаар оруулсан юм уу, бүү мэд. Би тэнд байх нь тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг утгагүй асуудал. Тийм учраас би татгалзаж байгаагаа бүлгийн дарга болон УИХ-ын даргад хэлсэн.

-Ажлын хэсэгт ажиллах боломжгүй гэдгээ УИХ-д даргад хэзээ илэрхийлсэн юм бэ?

УИХ-ын даргад өнөөдөр өглөө (өчигдөр) албан бичиг илгээж ажлын хэсэгт орох боломжгүй гэдгээ илэрхийлсэн. УИХ дарга “Нэгэнт захирамж гаргаад ажлын хэсгийг байгуулсан учраас хасах боломжгүй” гэсэн хариу өгсөн.

-Одоо тэгэхээр та яана гэсэн үг вэ. Ажлын хэсгийн хуралд суухгүй юу?

Тэгнэ. Ажлын хэсгийн хуралд суух эсэх нь УИХ-ын гишүүний бүрэн эрх шүү дээ. Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг гишүүнд ч үүнийгээ хэлсэн, “Та тэгвэл ажлын хэсгийн хуралд оролцохгүй байж болно” гэж байна лээ.

-Ажлын хэсэг хэзээ хуралдаж эхлэх юм бэ?

Өнөөдөр (өчигдөр) үдээс хойш хуралдана гэж байсан. Чуулганы нэгдсэн хуралдаантай давхцуулаад яаж хуралдах гэж байгаа юм бүү мэд. Ер нь энэ амралтын өдрүүдэд ажиллая гэж байгаа юм билээ.

-Та уг нь эхлээд ажлын хэсэгт орохоор шийдэж нэрээ өгсөн ч ажлын хэсэг байгуулагдсаны дараа бүрэлдэхүүнийг нь хараад татгалзлаа гэж ойлгож болох уу?

Би албан ёсоор ажлын хэсэгт оръё гэж санаачилга гаргаагүй. Харин бүлгээс миний нэрийг өгчихсөн байсан.

-Танаас саналыг чинь авахгүйгээр ажлын хэсэгт оруулчихаж байгаа юм уу?

Тийм. Манай “Шударга ёс” эвслийн бүлэг чинь МҮАН, МАХН гэсэн хоёр намаас бүрддэг шүү дээ. МАХН-аас О.Баасанхүү гишүүн орсон юм билээ. Бас л эсрэг зүйл ярьж байгаа хүн. Манай МҮАН-аас бүлгийн дарга Н.Батцэрэг оролцоод явах нь зохимжгүй. Тэгэхээр үлдсэн хоёр гишүүн болох Г.Уянга бид хоёрын хэн нэгийг оруулахаас өөр аргагүй байсан бололтой юм. Г.Уянга гишүүн эхнээсээ өөр байр суурьтай байсан учраас намайг оруулсан юм шиг байна лээ.

-Энэ гэрээний төслийг хэлэлцэхгүй удаашруулах нь ямар үр дагавартай гэж та харж байна вэ?

Ер нь өргөн утгаар нь харах юм бол Монгол Улсын эдийн засаг, гадаад бодлогод энэ асуудал маш их ач холбогдолтой. Өнгөрсөн онд бид хоёр хөршийнхөө төрийн тэргүүнийг уриад ямар зүйл ярьж тохирсныг Засгийн газрын гишүүн байсан хүнийхээ хувьд маш сайн мэдэж байна. Томоохон төслүүдийг явуулмаар байна, хамтарч ажилламаар байна гэж урьсан. Бүр гуйчихаад одоо болохоор үгүй гээд өшиглөөд буцаах гэж байгаа нь үнэхээр болчимгүй, утгагүй хэрэг. Гадаад талаас харах юм бол хөршүүдээсээ нүүрээ буруулж байгаа мэт харагдана. Шууд утгаараа ОХУ, БНХАУ-тай хамтарч ажиллахгүй гэж хэлээгүй ч гэсэн бидний дотроо зөрчилдөж, будилж байгаа нь гадна талдаа ингэж хэлж байгаагаас өөрцгүй харагдана.

Гэхдээ хоёр хөрш маань шууд нүүрээ буруулахгүй байх л даа. Харин дотроо учир зүйгээ олтол нь томоохон хөрөнгө оруулалт, шийдвэрүүдээ хойшлуулъя гэх байх. Үүнээс болоод эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед улс орнуудын хооронд хэлэлцэн тохирсон бүх зүйл удаашрах нь гэж харж байна. Энэ нь эдийн  засгийн хувьд бидэнд маш хүнд тусна. Ард иргэд улстөрчид яагаад талцаж хуваагдаад байгаагийн цаад нарийн учрыг нь ойлгохгүй. Харин тэд эдийн засгийн таагүй байдлаас гарч сайхан амьдрахыг л хүсч байгаа. Тиймээс ийм нөхцөл байдлыг хангаж өгөх нь энэ 76 хүний үүрэг. Түүнээс биш фракц фракцаараа, нам намаараа талцах нь зохимжгүй.