О.Баасанхүү корридорт гарав
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2015.05.06

О.Баасанхүү корридорт гарав

УИХ-ын Өргөдлийн байнгын хороон дарга О.Баасанхүү бусад байнгын хорооны дарга нараас илүүтэй ажлаа хариуцлагатай, ачаалал ихтэй гүйцэтгэж байгаа нэгэн.

УИХ-ын Өргөдлийн байнгын хороон дарга О.Баасанхүү бусад байнгын хорооны дарга нараас илүүтэй ажлаа хариуцлагатай, ачаалал ихтэй гүйцэтгэж байгаа нэгэн. Хуульч, өмгөөлөгч мэргэжилтэй түүнийг чухам таарсан албан тушаалд нь тавьсан гэдэг нь түүний сүүлийн үед шуугиулсаар байгаа ажил үйлсээс тодорхой харагдаж байгаа юм.

Өнгөрсөн сарын сүүлийн өдөр Төрийн ордонд төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тухай асуудлаар Нээлттэй сонсголын танхимд хэлэлцүүлэг өрнүүлж, Шийдлийн Засгийн газрын МАН-ын сайд нарыг багагүй түнтэгнүүлээд авсан. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатартай нийлэн МАН-ын сайд нарыг байцааснаас хойш МАН-ынханд жаахан ад үзэгдэж байгаа ч О.Баасанхүү дарга иргэдээс ирдэг өргөдөл, гомдолд урьдын адил ихээхэн ач холбогдол өгч, тэр талын мэдээллийг тогтмол түгээсээр яваа.

Харин өчигдөр ээлжит мэдээллээ хийх гэтэл төрийн ордны “Г” танхимд түүнд олдоогүйд жаахан бухимдсан О.Баасанхүү дарга “УИХ-ын нэг байнгын хорооны даргад мэдээлэл хийх танхим олдохгүй байна” гэсээр төрийн ордны гурван давхрын коридорт мэдээлэл хийв. Хэдийгээр тухтайхан сууж байгаад мэдээллээ хийх танхим олдоогүй ч О.Баасанхүү дарга төдийлөн сэтгэлээр унасан шинжгүй хүүхдэрхүү төрхөндөө мишээл тодруулсаар дуржигнуулаад дууссан. Гэхдээ УИХ-ын Тамгын газрынхан нэг юм бодохгүй бол О.Баасанхүү дарга байнга коридорт зогсоод байхыг хүсэхгүй нь лавтай.