Петрочайна Дачин Тамсаг ХХК-тай холбоотой 200 гаруй өргөдөл иржээ
Петрочайна Дачин Тамсаг ХХК
2015.05.06

Петрочайна Дачин Тамсаг ХХК-тай холбоотой 200 гаруй өргөдөл иржээ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү сар бүрийн эхэнд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдолтой холбоотой асуудлаар мэдээлэл хийдэг уламжлалтай. Энэ ёсоор өчигдөр Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү сэтгүүлчдэд ээлжит мэдээлэл хийлээ.

Тэрээр мэдээлэлдээ, 04 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 01-ний хооронд иргэдээс УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд 491 өргөдөл ирүүлжээ. Тэдгээрийн 365 өргөдөл шийдвэрлэх шатандаа байгаа. Нийт өргөдлийн 17.7 хувь нь УИХ-ын, 73.3 хувь нь бусад байгууллагын бүрэн эрхэд хамаарах асуудал хэмээн онцлов. Мөн Хадгаламж зээлийн хоршооны хохирогч 248 иргэнээс өргөдөл ирүүлснийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэгт шилжлүүлсэн гэв.

Түүнчлэн Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй Петрочайна Дачин Тамсаг ХХК-тай холбоотой 200 гаруй өргөдөл ирүүлсэн. Үүний дотор бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу монгол хүмүүсээр гүйцэтгүүлэх боломжтой ажлыг хятад иргэдээр хийлгэж байгаа талаар иргэдийн өргөдөлд дурдагдсан байгаа. Тиймээс энэ асуудлаар Өргөдлийн байнгын хорооноос ажлын хэсэг томилон ажиллуулна гэлээ.

Мөн төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр халсан асуудалтай холбоотой Аудитын газар, Төрийн албаны зөвлөл болон Засгийн газарт албан бичиг явуулж буй. Энэ тухай санал дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлнэ гэсэн юм. Түүнчлэн ирэх долоо хоногт Боловсролын тухай хуулийн хэрэгжилт болон хотын дахин төлөвлөлтийн асуудлаар хэлэлцүүлэг хийхээр төлөвлөөд байгаагаа тэрээр дуулгалаа.