"Сүхбаатар" сувилал ашиглалтанд орлоо
Сүхбаатар” сувилал
2015.04.27

"Сүхбаатар" сувилал ашиглалтанд орлоо

Нийслэлийн хотын захын хэсэг буюу Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 32 дугаар гудамжинд “ Сүхбаатар” сувиллын цогцолбор шинээр ашиглалтанд орж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр, ЭМСЯ-ны төлөөлөл, НЗД-ын орлогч дарга С.Очирбат, НЭМГ-ын орлогч дарга Б.Ганбат, СБД-ийн Засаг дарга Д.Бадарсан болон АШУҮИС-ын захирал Г.Батбаатар, Дэлхийн зөн ОУБ-ын төлөөлөл зэрэг хүмүүс оролцлоо.

    Сүхбаатар Эрүүл мэндийн төвийн дарга Л.Баярхүү

-Сувилал байгуулах санаачлагыг анх 2010 онд гаргаж, төслөө УИХ-ын гишүүн БСШУ-ны сайд Л.Гантөмөрт танилцуулж, ажил хэрэг болгосны үндсэн дээр өнөөдөр ийнхүү нээлтээ хийж байна. Сүхбаатар сувилал 65 ортой, сэргээн засал, физик эмчилгээ, хөдөлгөөөн засал, гар засал, дасгал хөдөлгөөн, уламжлалт эмчилгээ зэрэг 15 төрлийн сэргээн засах тусламж үйлчилгээг дүүргийнхээ 15000 гаруй ахмад настан, 4000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдүүд мөн жирэмсэн эхчүүд, суурь өвчлөлтэй хүүхдүүдэд үзүүлэх юм.

-Хэчнээн төгрөгний хөрөнгө оруулалтаар бүтсэн бэ?

-Нийт 1,6 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалттай бөгөөд улсын төсвөөс 1,2 гаруй тэрбум төгрөг гаргасан. Мөн дүүргийн орон нутгийн төсвөөс 86 сая гаруй төгрөгийн 17 нэр төрлийн тавилга, 112 сая төгрөгийн 21 төрлийн багаж тоног төхөөрөмж, Дэлхийн зөн ОУБ-ын 25 сая төгрөгийн 25 нэр төрлийн тавилга авсан байгаа.

-Боловсон хүчнээ хэрхэн зохицуулах вэ?

-Бид энэ сувилалаа орон тооны эмч, эмнэлгийн ажилтнаар бүрэн хангасан байгаа. Түүн дээр нэмээд АШУҮИС-ын оюутнууд дадлага хийхийн зэрэгцээ мэргэжил дээшлүүлэх, сэргээн засах сувилахуйн тусламж, эрүүл мэндийн боловсрол олгох сургалтуудыг тус сургуультай хамтран явуулах боломжтой.

Энэ үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр "Сэргээн засах сувиллыг байгуулахад хичээл зүтгэл гаргасан бүх хүмүүстээ талархалаа илэрхийллээ. Тэрбээр энэ үеэр хүрэлцэн ирсэн дүүргийн болон хорооны засаг даргыг сувиллын гадаад орчныг эмнэлгийн орчинд дүйцүүлэх тохижилтын ажлыг хийхийг сануулаад өөрийн зүгээс  100 мод тарьж өгөхөө амаллаа. Мөн иргэдэд эмнэлгийн хэмжээнд үйлчилгээгээ хүргэх, тэр дундаа алслагдмал хэсэгт байдаг үйлчилгээний соёл алдагдсан байдлыг өөрчилж бусдад үлгэр жишээ болохуйц иргэддээ хүрсэн соёлтой, шуурхай үйлчилгээ үзүүлэхийг тус сувиллын ажилтан, эмч, сувилагч нарт үүрэг болгосон юм.

 

   АШУҮИС-ын захирал Г.Батбаатар

-Манай сургууль одоохондоо өөрийн гэсэн эмнэлэггүй учраас дүүргийн болон нэгдсэн эмнэлгүүдтэй хамтран ажиллаж эмнэлзүйн сургалтуудаа явуулдаг. Тийм учраас бидний хувьд өнөөдөр энэ иж бүрэн сувилал ашиглалтанд орж байгаад маш их баяртай байна. Энэ сувилалд манай сургуулийн оюутнууд дадлага хийхийн зэрэгцээ эрдэмтэн, профессорууд маань ирж зөвөлгөө өгнө. Мөн манай сургуулийн номын сангийн салбарыг энд байгуулж өгөхөөр болсон. Түүнчлэн энэ сувилалд ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилтнуудыг өөрийн сургуульд 50 хувийн хөнгөлөлтэйгээр  суралцах, мэргэжил дээшлүүлэх эрхийг АШУҮИС-ийн Захирлын зөвлөлөөс шийдвэрлэсэн.

Сүхбаатар дүүргийн 138000 иргэнээс 15000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй, болон ахмад настнууд байдаг байна. Ингээд тус үйл ажиллагааг сонирхон ирсэн иргэдээс сэтгэгдлийг нь сонслоо.

15 дугаар хорооны иргэн, өндөр настан Ц.Гүнчин-Иш

-Сувилал баригдахаар барилгын ажил нь эхэлсэн ч ашиглалтад оролгүй нэлээд удсан. Хол явж эмчилгээ хийлгэдэг болохоор их хүлээж байсан. Тэгээд өнөөдөр ингээд нээлтээ хийж байгаад миний зүгээс маш их баяртай байна. Өмнө нь эмчилгээ хийлгэхийн тулд их хол явдаг байсан бол одоо гэрээсээ гараад алхаад л орчих эмнэлэг, сувилалтай болсондоо маш их баяртай байна.

17 дугаар хорооны иргэн С.Даваадаш

-Яг энэ эмчилгээ үйлчилгээг авдаг хүний хувьд хол газар заавал асран хамгаалагчтай явдаг байсан. Үүнээсээ болоод сэргээн заслын эмчилгээгээ тэр бүр тууштай хийлгэж чаддаггүй байсан бол одоо энэ сувилал бараг гэрийн минь хажууд болсонд үнэхээр их баяртай байна. Энэ сайхан эмнэлгийг барьж ашиглалтанд оруулсан бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна.