Элэгний вирусийн "Эрт илрүүлэлтийн дэд хөтөлбөр" хэрэгжинэ
Монгол Улс 100 мянган хүн тутам дахь элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлж байгаа төдийгүй энэ үзүүлэлт дэлхийн дунджаас даруй 8 дахин их байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Монгол Улсын мэргэжлийн байгууллагуудын дүгнэж байгаагаар элэгний хорт хавдар, хатуурлын нас баралт улам нэмэгдэх, нас баралт залуужих төлөвтэй байгаа юм. Тиймээс ЭМСЯ , Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, "ОНОМ" сангаас хамтарч "Эрүүл элэг" хөтөлбөрийг боловсруулжээ. Мөн удахгүй элэгний С вирусийг эмчлэх эмчилгээний удирдамж батлагдан гарах юм. Ингэснээр архаг С гепатитыг бүрэн эмчилж чадах "Harvoni" эм Монгол Улсад бараг 100 дахин хямд үнээр орж ирэх боломж бүрдэх учиртай.
Тэгвэл маргааш буюу энэ сарын 16-ны пүрэв гарагийн 16 цагт "ОНОМ" сангийн ТУЗ-ийн дарга, Шинжлэх ухааны доктор Д.Наранбаатар МУИС-ийн Дугуй заланд оюутан залууст хандан элэгний хепатитийн эрсдэлээс хэрхэн сэргийлэх болон өвчтэй хүмүүсийг яаж эмчлэх талаар илтгэл тавих юм. Мөн энэ сарын 17-ны баасан гарагт 16.00 цагт Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв ордонд Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон тус дүүргийн ЗДТГ, Эрүүл мэндийн төвийн санаачилгаар ЭМСЯ, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, "Оном" сан хамтран хэрэгжүүлж буй “ЭРҮҮЛ ЭЛЭГ ХӨТӨЛБӨР”-ийн "Эрт илрүүлэлтийн дэд хөтөлбөр"-ийг хэрхэн хэрэгжүүлэх талаар олон нийттэй нээлттэй уулзалт хийхээр болжээ.