Амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн боловсролын танхимтай болов
БСШУ-ны сайд Л.Гантөмөр энэ үеэр нээлтийн ёслолд оролцлоо
2015.04.16

Амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн боловсролын танхимтай болов

Залуу хүмүүсийн ажил, амьдралд нэн чухал чадваруудыг эзэмшүүлдэг  амьдрах ухааны боловсрол дэлхий нийтийн анхаарлын төвд байна.

Манай улсад энэ чиглэлийн мэдлэг, боловсрол олгох сургалтыг  нийслэлийн есөн дүүрэг, аймаг орон нутгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Насан туршийн боловсролын төвүүдэд тодорхой хэмжээгээр явуулж ирсэн. Тэгвэл энэ удаа НҮБ-ын Хүн амын сан, БСШУЯ хамтран Амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн боловсролын  20 танхимын нээлтийг хийж, тоног төхөөрөмж гардуулах ёслолыг Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төвд  өнөөдөр зохион байгууллаа.

Амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн боловсролын  танхимыг 11 аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын төв, их, дээд сургуулиудыг түшиглэн байгуулсан байна. Нээлтийн ёслолд  НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч, хатагтай Наоми Китахара, УИХ, Засгийн газрын гишүүн, БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төвийн захирал Ж.Оюунцэцэг, холбогдох албаны төлөөлөгчид оролцов.

Хатагтай Наоми Китахара энэ үеэр хэлсэн үгэндээ “Бидний хамтран хэрэгжүүлж буй Залуучуудын хөгжлийн төслийн гол зорилго нь эерэг, хариуцлагатай, өөртөө итгэх зан үйл бүхий, амьдрах ухааны чадвартай залуу хүмүүсийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино. Энэ зорилгодоо хүрэх нэг гол арга зам нь амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн боловсролын танхимууд юм” хэмээн онцлон тэмдэглэв.

Амьдрах ухааны чадваруудад хувь хүний нийгэм сэтгэлзүйн чадварууд, ялангуяа бусадтай зөв харилцах, сэтгэл хөдлөлөө хянах, эрүүл идэвхтэй, аюул эрсдэлгүй, бүтээлч амьдралаар  амьдрахад чиглэсэн зөв шийдвэр, сонголт хийхтэй холбоотой чадварууд багтдаг. Тэгвэл амьдрах ухаанд суурилсан  эрүүл мэндийн боловсролын танхимуудаар өсвөр үеийнхэн, залуучуудад эерэг, аюулгүй, таатай орчин бүрдүүлж, амьдрах ухааны чадварт сурч боловсрох олон сонирхолтой боломжуудаар чөлөөтэй хангахаар хамтрагч талууд төлөвлөжээ.

Тухайлбал, Швейцарийн хөгжлийн агентлаг, Люксембургийн Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Монголын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сан хамтран хэрэгжүүлж буй “Залуучууд хөгжил 2013-2017” төслийн хүрээнд эдгээр танхимуудыг байгуулсан юм байна.

БСШУ-ны сайд Л.Гантөмөр энэ үеэр  нээлтийн  ёслолд оролцож, тууз хайчилж, үг хэлсний  зэрэгцээ  Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төвийн  анги танхим, үйл ажиллагаатай танилцаж, боловсролын сэдвээр сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэе.

-Амьдрах ухааны танхимын ач холбогдлыг та хэрхэн дүгнэж байна?

Амьдрах ухааны танхим нь 15-35 насны залуучуудын амьдралд хэрэг болох сургалтуудыг явуулах юм. Сургалтын системийн 13 модуль гарсан байгаа. Өөрөөр хэлбэл, амьдрал дээр ямар шийдвэр гаргах вэ, бусадтай яаж харилцаж сурах вэ, зөв дадалд яаж суралцах вэ, ажилдаа амжилт гаргахын тулд юунд анхаарах вэ гэх мэтчилэн хүний амьдралд хамгийн ойр хэрэг болдог сургалтуудыг энэхүү амьдрах ухааны танхимуудаар залуустаа хүргэх юм.

Өнөөдрийг хүртэл манай залуус Насан туршийн боловсролын төвөөр дамжуулан дүйцсэн хөтөлбөрийн сургалтад суралцах, номтой харилцах, гоо сайхны хичээлд суралцах гэх мэт өөрт нь хэрэгтэй, амьдралд бодитой хэрэг болох зүйлүүдээр суралцдаг байсан бол цаашид тэрхүү зүйлүүдийг чаддаг болсон тохиолдолд яаж сайхан амьдрах вэ, амьдралаа яаж зөв авч явах вэ, хүнтэй яаж зөв харилцаж сурах вэ гэх зэрэг сайхан амьдралын нууцад нэвтрэхэд Амьдрах ухааны сургалтын төвүүд маш чухал хэрэгцээтэй. Залуучууд маань бидэнд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар ховор байна гэдэг. Үнэхээр энэ Амьдрах ухааны төвүүдэд ирэх юм бол таны чөлөөт цаг үр дүнтэй байх болно.

-Цаашид салбарын яам ямар бодлого барьж ажиллах вэ?

Бид багш нараа хөгжүүлэх ажлыг маш сайн зохион байгуулна.  Яагаад гэвэл, амьдрах ухааны сургалтад янз бүрийн төвшний залуус хамрагдана шүү дээ. Тэнд их, дээд сургууль төгссөн залуус ч хандана. Тиймээс энэ анхаарах ёстой асуудал. Мөн төсөв хөрөнгө шийдэгдвэл байрны асуудлыг ч цогц байдлаар шийдэх нь чухал юм.

Ингээд  залуучуудыг хөгжүүлэх чиглэлд 430 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг гаргасан НҮБ-ын Хүн амын санд талархал илэрхийлж, ажилд нь  амжилт хүсье. Мөн энэ төвийг нээж байгаа Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төвийн хамт олонд амжилт хүсье. Энд суралцаж байгаа залуус улам идэвхтэй сурч, ажил, амьдралдаа өндөр амжилт гаргахыг хүсч байна.