О.Баасанхүү 43-р цэцэрлэгийн ажилтай танилцав
УИХ-ын гишүүн Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү
2015.04.14

О.Баасанхүү 43-р цэцэрлэгийн ажилтай танилцав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү Чингэлтэй дүүргийн 43-р цэцэрлэгийн үйл ажиллагаатай өнөөдөр /2015.04.13/ танилцав.

Өргөдлийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд нийслэлийн Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн 12 сургууль, 27 цэцэрлэгийн удирдлагуудтай уулзалт хийсэн юм. Энэ үеэр Чингэлтэй дүүргийн цэцэрлэг, сургуулиудын нөхцөл байдлыг сайжруулах талаар олон санал гарсан. Тухайлбал, тус дүүргийн сургуулиудын хичээлийн байрны хүрэлцээ муу, спорт заалгүй, сургууль орчмын бүсийн замд хурд сааруулагч тавиулах зэрэг асуудал байгааг сургууль, цэцэрлэгийн удирдлагууд хэлж байсан. Энэхүү ажлын хүрээнд 43-р цэцэрлэгийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа.

Чингэлтэй дүүргийн 43-р цэцэрлэгийн удирдлагууд Байнгын хорооны дарга О.Баасанхүүд цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийн талаар танилцуулаад, ачаалал хэтэрсэн байгааг дуулгав. Мөн байрны өргөтгөлийн асуудлыг яаралтай шийдвэрлэхийг хүсч байсан.

Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү Байнгын хороо эдгээр асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэхэд анхаарлаа хандуулж ажиллана гэлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.