Эрүүл мэндийн хичээл үнэхээр эрүүл бус хөтөлбөр байв уу
Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр ЕБС-иудад эрүүл мэндийг тусгай цагаар заах хэрэгтэй, хэрэггүй гэсэн маргаан явж байна. БСШУЯ-наас туршилтын хэлбэрээр хэрэгжүүлээд эхэлсэн эрүүл мэндийн хичээлийг бусад хичээлтэй интеграцичлах хөтөлбөрийг дэмжигчид өөрийн байр суурийг нотлохдоо “өнгөрсөн 16 жил эрүүл мэндийн хичээл заасан ч үр дүн гараагүй учраас өөрчлөлт хийх хэрэгтэй” гэж ярьж байна. Харин уг шинэчлэлийг эсэргүүцэгчид “эрүүл мэндийн боловсрол гэдэг бол хүн амын аюулгүй байдлын чухал асуудал учраас энэ чиглэлд чухал үүрэгтэй эрүүл мэндийн хичээлийг бие даасан цагаар заах нь зүйтэй” гэсэн байр суурьтай байна. Хэнийх нь зөв, хэнийх нь буруу гэдгийг зөвхөн цаг хугацаа харуулах л үлдэж байна.
Дэмжсэн: БСШУЯ-ны лаборатори 23 дугаар сургуулийн сургалтын менежер Л.Цэрэнханд:
Эрүүл мэндийн хичээл устаж алга болсон юм байхгүй. Сурагчийн эрүүл мэнд бүх багшийн хийх ажил болсон. Зүгээр нэг танхимд сурагчдыг суулгачихаад лекц уншаад байлгүй эрүүл мэндийн асуудлыг бодит амьдралтай нь холбож өгсөн ажлуудыг зохион байгуулдаг. Жишээ нь ДОХ-ын өдөр л гэхэд тэр өдрийг тэр чигээр нь сурталчилгааны өдөрлөг болгодог. Усны өдөр усны хэрэглээ, аюулгүй байллыг сурталчилна гэх мэт. Бүтэн жил үр дүнгүй лекц уншиж байснаас ийм арга хэмжээ зохион байгуулах нь илүү үр дүнтэй. Эрүүл биетэй холбоотой нарийн ширийн зүйлийг биологийн хичээлээр заачихдаг.
Дэмжээгүй: 50 дугаар сургуулийн Эрүүл мэндийн багш Д.Нарангэрэл:
Эрүүл мэндийн хичээл хамгийн чухал хичээлийн нэг. Хүүхдүүд энэ хичээлээс олон зүйлийг мэдэж авдаг. Тухайлбал, нэгдүгээрт, өөрийгөө эрүүл байлгах. Эрүүл байлгахын тулд юуг анхаарах ёстой вэ. Хоёрдугаарт, бусадтай яаж харьцах талаар мэдээлэлтэй болдог. Тиймээс энэ хичээлийн цагийг харин ч нэмэх хэрэгтэй. Биологийн хичээлээр эрүүл мэндтэй холбоотой зүйл ордог. Гэхдээ саланги байвал зүгээр.
Дэмжсэн: 24 дүгээр сургуулийн эрүүл мэндийн багш Д.Чимэгсанаа:
Би энэ хичээлийг 3 жил зааж байна. Эрүүл мэндийн хичээлийг интеграцичилсан нь зөв гэж бодож байна. Өнөөг хүртэл бид 1-12 ангид эрүүл мэндийн хичээлийг тусгайлан заасан ч үр дүн гараагүй. Хичээл ороод байгаа мөртөө түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлж байгаа хүүхдүүд цөөхөн. Харин хичээл болгоны багш өөрийн хичээлийн эрүүл мэндтэй холбогдох хэсгийг нь даагаад явчихвал арай дээр.
Сурагчдын дунд явуулсан судалгаагаар тэдний 94 хувь нь эрүүл мэндийн хичээл сонирхолтой гэж хариулжээ.
Дэмжээгүй: 23 дугаар сургуулийн биологийн багш Н.Болорцэцэг:
Сургалтын шинэчилсэн хөтөлбөрөөр эрүүл мэндийн хичээл гэж байхаа больж, бараг хичээл болгонд байх эрүүл мэндийн сэдвүүд гэж бий болсон. Биологийн багш нарын хувьд эрүүл мэндийн хичээл гэж тусдаа байвал сурагчиддаа ч тэр, багшдаа ч тэр мэдлэг өгөх, олж авах процесс ньарай эмх цэгцтэй байна гэж үздэг. Хэдийгээр эрүүл мэндийн сэдвүүдийг хамтатган зааж болох ч биологийн хичээл маань өөрөө агуулга өргөнтэй учраас тэр агуулгаас нь хасагдах болчихоод байна. Манайх лаборатори сургууль. Би өөрийн хичээл дээр нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн замын халдварт өвчин зэрэг эрүүл мэндийн сэдвүүдийг заадаг. Түүнчлэн хүрээлэн буй орчны хичээл дээр ч бас эрүүл мэндийн сэдвүүд бий.
Дэмжсэн: 23 дугаар сургуулийн физикийн багш Л.Эрдэнэбаатар:
Эрүүл мэндийн хичээлийг эрүүл харилцаа, эрүүл орчин, эрүүл бие гэсэн гурван чиглэлээр зааж байна. Физикийн хичээл дээр эрүүл мэндийн талаар юу заах юм бэ гэж гайхаж магадгүй. Миний хувьд эрүүл харилцааны тухай ярьдаг. Багштайгаа яаж харилцах вэ, нэг нэгэнтэйгээ яаж харилцах вэ гэх мэт. Эрүүл орчинд хичээллэхийн тулд ангиа яаж арчлах талаар зааж сургадаг. Энэ зүйлийг зөвхөн би биш, бүх багш нар ярьдаг.
Дэмжээгүй: Тавдугаар сургуулийн Биологи, эрүүл мэндийн багш Ж.Цэцэгээ:
Биологи, эрүүл мэндийн хичээлийг нэгтгэнэ гэсэн мэдээллийг би албан ёсоор аваагүй. Энэ хоёр хичээлийг нэгтгэх нь буруу. Учир нь биологийн хичээл бол байгалийн шинжлэх ухааны хичээлүүдийн нэг. Мөн стандарт гэж байдаг. Үүнтэй адил эрүүл мэндийн хичээлийн стандарт батлагдсан байгаа. Хүнд эрүүл мэндийн боловсрол олгоно гэдэг нь аливаа нэг юмтай хавсарга байдлаар нийлүүлэхээр жинхэнэ утгаа алдана. Улс үндэстэн оршин тогтнож байгаагийн ганц үндэс нь газар нутаг, хоосон талдаа биш хүндээ байдаг.
Эрүүл мэндийн хичээл дээр эрүүл харилцаа гэдэгт гэр бүлийн харилцаа орж ирнэ. Гэр бүлийн үнэт зүйл гэж юу юм бэ. Айл бүрт үнэт зүйл байдаг. Үнэт зүйл, эрхэм чанар хоёр ойролцоо утгатай юм гэдгийг одоогийн хүүхдүүд дөнгөж ойлгож эхэлж байна. Бидний үед хэн ч ярьдаггүй байлаа. Манай хүүхдүүд онол, бие даалтаар дүнгээ гаргуулдаг. Энэ хичээлийг их сонирхдог.