Концессын гэрээгээр сургууль, цэцэрлэгийн 72 цогцолбор барина
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар өнгөрсөн долоо хоног боловсролын салбарын анхны концессын гэрээнд гарын үсэг зурлаа.
Концессын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш таван жил өнгөрч байгаа. Энэ хугацаанд нийт долоон концессын гэрээ байгуулагдаж, нэг төсөл хэрэгжиж хүнд даацын зам ашиглалтад орсон байна.
Харин энэ удаад боловсролын салбарын анхны концессын гэрээг хийж байгаагаараа онцлог болж байгаа аж. Энэ хүрээнд Улаанбаатар хотод хоёр жилийн дотор 72 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барьж, байгуулахаар төлөвлөсөн байна. Тодруулбал, энэ онд 30, ирэх онд 42 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барьж, байгуулахаар төлөвлөжээ. НЗДТГ - ын зүгээс эхний ээлжинд баригдах 30 цогцолборын газрыг бүрэн чөлөөлсөн байна.
Тус гэрээний онцлог нь 72 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга байгууламжийг барихаас гадна иж бүрэн тавилга тоног төхөөрөмж, цогцолборын дотоод инженерийн холболт гадна талбайн тохижилт шаардлагатай газарт бие даасан эх үүсвэр болох гүний худаг, бохирын усны цооног зэргийг суурилуулах юм.
Түүнчлэн концесс эзэмшигч нь энэхүү гэрээний концессын зүйлийг ашиглалтад хүлээлгэн өгснөөс хойш цогцолборын урсгал засвар цэвэрлэгээ хоолны үйлчилгээ дотоод тавилга сандал ширээний шинэчлэлт зэрэг хэвийн үйл ажиллагааг хангах үйлчилгээг зохих төлбөртэйгөөр 20 жилийн хугацаанд үзүүлэхээр гэрээнд тусгажээ. Энэхүү 72 бага сургууль цэцэрлэгийн цогцолборын концессын гэрээний нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 142.7 сая ам.доллар юм.