Д.Адъяасүрэн: Сурагч хүн хуулахаа больдог үнэлгээний шинэ зарчмыг нэвтрүүлж байна
Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн
2015.01.22

Д.Адъяасүрэн: Сурагч хүн хуулахаа больдог үнэлгээний шинэ зарчмыг нэвтрүүлж байна

Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэнтэй тус дүүрэгт хийгдэж Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боловсролын шинэчлэл явц, дүүргээс ямар ажлуудыг санаачлан явуулж буй талаар ярилцлаа.

- Танай дүүргийн хувьд хүүхэд бүрийг хөгжүүлэх шинэчлэлийн ажлын явц ямар байна вэ?

Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт: “... эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ”, “ерөнхий боловсролын сургалтад хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого баримтлан, үндэсний шинэ стандарт нэвтрүүлнэ” гэж тус тус заасны дагуу Монгол улсын боловсролын салбарт хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлого амжилттай хэрэгжиж буйг юуны өмнө дурьдах нь зүйтэй.

Хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлогыг амжилттай хэрэгжүүлэх гол суурь нь судалгаа юм. Хүүхэд бүрийн зан төлөв, ой тогтоолт, авьяас чадвар, оюуны үйлийн хэв шинжийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нарийвчлан судалснаар нэгж болон ээлжит хичээл бүрийг олон талаас нь бодож боловсруулан төлөвлөх, ахиц, үр дүнг тооцох, үнэлгээний шинэ журмыг хэрэгжүүлэх, нөгөө талаас эцэг эх, олон нийтийн оролцоог сайжруулах олон талт арга ажиллагааг нэвтрүүлэх гээд шат дараалсан шинэлэг ажлууд сүүлийн хоёр жил гаруй хугацаанд амжилттай явагдаж байна. Хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого нь зөвхөн боловсролын салбарт хамаарах зүйл огт биш юм.

Олон нийтийн зүгээс боловсролын салбарт хийгдэж буй чанарын шинэчлэлтэд сэтгэл хангалуун байгаа нь судалгаагаар тогтоогдож буй хэдий ч өөрчлөлт шинэчлэлтийн үр дүнг харах гэж ихэд яарсан санал, шүүмжлэлүүд нилээдгүй гардаг. “Яарвал даарна” гэж зүйр цэцэн үг байдаг шүү дээ. Бидэнд яаран сандран байж дутуу дулимаг зүйл хийх эрх байхгүй.Учир нь энэ салбарыг хүнтэй зүйрлэвэл гол зүрх, тархи нь л гэсэн үг. Энэ салбарын бодлогод алдаа гарвал Монгол эх орныхоо ирээдүйг баллаж, сохолж орхих болно. Олон мянган хүүхдийн болон эх орныхоо ирээдүйгээр тоглох эрх хэнд ч байхгүйн учир бүгдээр хэлэлцэн, ярилцаж олон дахин шүүж, тунгаан байж бодлогыг хэрэгжүүлэх арга замыг сонгох учиртай. Энэ л зарчмыг хатуу баримтлан үйл ажиллагаагаа явуулж байна даа. Судалгаагаа хийгээд, арга зүйгээ боловсруулаад, хэрэгжүүлэх арга замаа тодорхойлоод хүүхэд бүрийг хөгжүүлэхийн төлөө ажиллаж буй багш, сурган хүмүүжүүлэгчид, ажилтан ажиллагсад, олон нийт, төр захиргааны байгууллагуудын хандлагад эерэг өөрчлөлтүүд нилээдгүй гарч байгаад чин сэтгэлээсээ талархаж явдгаа энэ дашрамд дурьдан хэлэх байна.

- Бага боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилт ямар байна вэ?

Энэ сарын 19-нөөс манай дүүрэг бага боловсролын цөм хөтөлбөрт суурилсан, таван судлагдахуун бүрээр нэгж хичээлийн төлөвлөлтийг хэрхэн боловсруулах, хичээл бүрээр хүүхэд бүрийг хөгжүүлэх арга зүйд суралцах 3 хоногийн сургалтыг бүх бага ангийн багш нарт зориулан зохион байгуулах гэж байна. Ээлжит болон нэгж хичээлийн төлөвлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулах арга зүйг манай эрдэмтэн багш нар бодит амьдрал дээр тулгуурлан гаргаж ирсэн ба юуны түрүүнд бага боловсролын түвшинд хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөн ажиллаж байна. Үүнээс гадна БШУЯ, Нийслэлийн боловсролын газраас бага боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар олон хэлбэрийн арга ажиллагаа, сургалт семинаруудыг тусгай хуваарийн дагуу тогтмол явуулж байгааг хэлэх нь зүйтэй. Ер нь хаа сайгүй их ажил өрнөж байна даа.

Түүнээс гадна бага боловсрол гэлтгүй бүх шатанд үнэлгээний шинэ зарчмыг хэрэгжүүлж байна. Энэ зарчмыг хэрэгжүүлснээр хүүхэд, багшаас дүн авахын төлөө сурах биш өөрөө өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг боловсрол эзэмшихийн тулд бие даан ажиллах бололцоог сурагчдад түлхүү олгосон үнэлгээ юм. Товчхондоо өөрийн үнэлгээнд түлхүү анхаарна гэсэн үг л дээ. Хуулахаа болино.  Тухайлбал сурагч өөрөө гүйцэтгэсэн даалгавраа ногооноор, бусдын тусламж авсан бол шараар, чадаагүй бол улаанаар тэмдэглэнэ. Тухайн сурагч нэг боловч даалгаврыг бие даан гүйцэтгэсэн бол өөртөө өгөх зохих үнэлгээгээ тавьж болно гэсэн үг. Ингэвэл тэр хүүхэд дараагийн удаа шараар тэмдэглэсэн даалгавар гүйцэтгэлээ ногоон болгох, улааныг шар болгохын төлөө эрмэлзэж хичээлэдэг болсноор хүүхдэд зөв сэдлийг төлөвшүүлнэ.

- Сургалтын процесст эцэг, эхийн оролцоог хэрхэн хангаж байна вэ?

Дүүргийн ИТХ-н тэргүүлэгчдийн хурлын 2013 оны 10-р сарын 10-ны өдрийн 132-р тогтоол, Засаг даргын захирамжийн дагуу  “Сорил, оношлогоо, сургалт, судалгаа, арга зүйн зөвлөл”-г 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан, судлаач багш, төлөвшлийн, явуулын заах аргын зөвлөн туслах гэсэн 3 багийн хэсэгт хуваагдан үйл ажиллагаа явуулж байна. Тэр дундаас төлөвшлийн баг эцэг, эхийн оролцоог хангах чиглэлд ажилладаг. 1-5 дугаар ангийн хүүхдүүдийн хувьд “Хүүхдийн хөгжил, төлөвшлийн дэвтэр”-ийг хөтөлдөг.  Хүүхдийн хөгжил төлөвшлийн талаар багш, сурагч, эцэг эхчүүд аль аль нь дүгнэлт өгч тэмдэглэл хөтөлнө гэсэн үг. Эцэг, эх ядаж улиралд нэг удаа дэвтэрт бичигдсэн асуултын дагуу хүүхдийнхээ хөгжил, төлөвшлийг үнэлж бичих ёстой. Эхэндээ сурагчийн хөгжил төлөвшлийн талаар багш, эцэг эхийн өгсөн үнэлэлт дүгнэлтүүд өөр хоорондоо нилээдгүй зөрүүтэй байсан. Харин дараагийн удаа ойртсон.  Энэ нь эцэг, эхчүүд хүүхэддээ өөрөөр анхаарах болсныг харуулж байна. 

Түүнээс гадна эцэг, эхийн оролцоог хангах өөр нэг арга нь олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах.  Тухайлбал бид  Сүхбаатар дүүргийн Засаг даргын нэрэмжит “Авьяас-2013”, “Бидний авьяас-2014” урлагийн их наадмуудыг жил бүр уламжлал болгон  зохион байгуулж байна. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг арга хэмжээнд багш, эцэг эх, сурагч, хүүхэд багачууд хамтран оролцдог бөгөөд өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад даруй нэг дахин өссөн дүн гарч байгаа юм. Багш-сурагч-эцэг,эхийн хамтын хүчээр хийгддэг уг арга хэмжээний гол санаа нь гурвын холбоог бэхжүүлэхэд оршдог.

Гуравдугаарт бид “Шилэн цэцэрлэг”, “Шилэн сургууль” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ нь ямар учиртай вэ гэхээр эцэг, эхчүүд сургууль, багш болон хүүхдийнхээ талаарх хүссэн мэдээллээ интернет ашиглан авах бүрэн боломжтой болно гэсэн үг. Уг программ нь багш, сурагч, хүүхэд багачууд, сургууль буюу цэцэрлэг, эцэг эхчүүд гэсэн 4 цонхтой. Тухайлбал, багшийн заасан хичээлийн төлөвлөлт, дадлага туршлага, хүүхэд бүрийг оношилсон байдал, сургууль цэцэрлэгийн төсвийн хөрөнгө зарцуулалт гэх мэт бүх л зүйлийг харж болно. Бүх юм ил тод байх учраас үл ойлголцол гарахгүй.  Хоорондоо мэдээлэл чөлөөтэй солилцох нөхцөл бүрэн бүрдэнэ. 

- Сургууль болгонд захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, багш, сургуулийн эмч, үйлчлэгч гэх мэт бүхэл бүтэн баг ажилладаг. Тэдний хамтын хөдөлмөрийг хүүхэд бүрийг хөгжүүлэхэд нэгэн зүгт чиглүүлэхэд ямар менежментийг хэрэгжүүлж байна вэ?

Энэ бол маш чухал асуудал. Хамтын нөлөөлөл гэж нэрлэдэг. Хүүхэд бүрийг хөгжүүлэх үйлсэд захирал, багш, нийгмийн ажилтан, сургалтын менежер, ажилтан ажиллагсад ямар үүрэгтэй оролцох талуудын оролцоог нарийвчлан тодорхойлох зайлшгүй шаардлагатай. Талуудын оролцоо тодорхой болох нь дэвшүүлсэн зорилгоо хэрэгжүүлэх суурь нөхцөл болж өгдөг юм. Бид 2015 онд хамтын нөлөөллийг хөгжүүлэхийн төлөө ажиллана. Хамтын нөлөөллийн утгыг тодруулахын тулд өөр талаас нь тайлбарлъя. Нэг гутал хийлээ гэж бодоход нэг хүн улыг нь, нөгөө хүн их биеийг нь, гурав дахь нь дизайныг нь гэх мэт олон хүний хамтын хөдөлмөр, оролцоотойгоор бүтдэг. Хүн бүрийн гүйцэтгэх үүрэг нь тодорхой тул ямар нэг маргаан, ажлын давхцал огт гардаггүй давуу талтай.