Шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо
197 дугаар цэцэрлэг ашиглалтад оров.
2015.01.16

Шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо

Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны 106.000 хүүхэд байгаагийн 75.600 нь цэцэрлэгт явдаг. Тэгвэл энэ тоог нэмэхэд нэмэр болох нэгэн цэцэрлэг Баянгол дүүргийн XII хороонд өчигдөр ашиглалтад орлоо.

Тус хорооны, цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 154 хүүхдээс 106 нь шинэ цэцэрлэгт явахаар болов. Ингэснээр эл хорооны хэмжээнд цэцэрлэгийн насны хүүхдийн 94.4 хувь нь сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломж бүрдсэн аж.

XII хорооны нутагт байсан 40 тоосгон гараашийг Баянгол дүүргийн ЗДТГ-аас буулгуулж, газар чөлөөлснөөр дээрх цэцэрлэгийг барьжээ. Иргэн Н.Мандахзаяа “Хоёр охиноо намар цэцэрлэгт өгөх гэж хэдэн өдөр шөнө дугаарлаад бүртгүүлж чадаагүй.

Харин манай хороонд 197 дугаар цэцэрлэг ашиглалтад орсноор хүүхдүүдээ бүх зүйл нь шинэ, сайхан цэцэрлэгт явуулах боломжтой болсонд баяртай байна” хэмээв. Дөрвөн бүлэгтэй уг цэцэрлэгт багш, туслах багш, тогооч, жижүүр, сав угаагч зэрэг 21 ажлын байр бий болжээ.

Үүнд тус хорооний ажилгүй иргэдийг авсан байна. Дэлхийн банкны санхүүжилтээр Канад технологиор нийслэлд 17 цэцэрлэг барина. Үүний 14 дэх нь энэ юм.