Монгол хэлний тухай хууль сөргөөр нөлөөлж байна гэв
Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү
2015.04.06

Монгол хэлний тухай хууль сөргөөр нөлөөлж байна гэв

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны боловсролын үйлчилгээг сайжруулах чиглэлээр байгуулагдсан ажлын хэсгийнхэн 4-р сарын 4-ний Бямба гарагт нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24-р дунд сургуулийн Хурлын танхимд тус дүүргийн сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш, ажилчдын төлөөлөлтэй уулзалт-хэлэлцүүлэг хийлээ.

Энэхүү арга хэмжээний эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү төрөөс боловсролын талаар баримталж буй бодлого, боловсролын үйлчилгээг сайжруулах чиглэлээр хийж буй ажил амьдралд хэрхэн хэрэгжиж байгаатай газар дээр нь танилцах, салбарын ажилтнуудын санал сэтгэгдлийг сонсож цаашдын ажил хэрэгтээ тусгах зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаагаа мэдэгдээд байнгын хорооныхоо ажлын талаар товч мэдээлэл хийсэн юм.

Үүний дараа уулзалтанд оролцогчид өөрсдийн ажиллаж буй сургууль цэцэрлэгийн өнөөгийн бодит байдал, тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэхэд учирч байгаа бэрхшээлийг ярьж, төр, засгаас гаргаж буй хууль тогтоомж тухайн салбарт хэрэгжихгүй байгаагийн учир шалтгаан, асуудлыг шийдвэрлэх гарц, боломжийн талаар тус ажлын хэсгийнхэнтэй санал бодлоо хуваалцлаа.

160 гаруй мянган хүн амтай, 19 хороотой тус дүүргийн хэмжээнд 12-хон сургууль, 22 цэцэрлэг ажилладаг бөгөөд тэдгээрийн зарим нь бүр 1950-1960-аад онд баригдсан, цас, борооны ус байнга нэвчдэг үжирч өмхөрсөн дээвэртэй, стандарт бус барилгад үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Даац нь ихэвчлэн 2 дахин хэтэрсэн тооны хүүхэдтэй, багш, ажилчид нь өндөр ачаалалтай ажилладаг, биеийн тамирын заал, дуу хөгжмийн танхимаас авахуулаад наад захын тоног төхөөрөмжийн байнгын дутагдалтай орчинд сургалт, хүмүүжлийн ажил явуулах, нийгмийн өнөөгийн шаардлагад нийцүүлэн хүүхдийг хөгжүүлэх асуудлыг ярихад үнэхээр амаргүй байдгаа багш нар ярьж байлаа.

Тус дүүргийн нэлээд алслагдсан 19-р хорооны 117-р сургуулийн багшаас авахуулаад нийслэлийн төвд байдаг, нэлээд боломжтой айлын хүүхдүүд сурдаг 23-р сургуулийн багш ч багагүй зоовлон бэрхшээл тоочиж байсан юм.

Ялангуяа сургуулийн барилга байшинг засварлах, өргөтгөх хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлүүлэх, хүүхдийн аюулгүй байдлын үүднээс сургууль орчмын машин зам дээр хурд сааруулагч тавих, сургалтын тоног төхөөрөмж, түүний дотор компьютер, техник хэрэгслийг шинэчлэх асуудлыг үг хэлсэн хүн бүр тавьж байсан бөгөөд төрөөс эдгээр асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа нөхцөлд эцэг эхчүүдээс дэмжлэг авах, багшийн хөгжлийг дэмжих сан хөмрөг үүсгэх зэрэгт хууль эрх зүйн орчин зарим талаар саад тотгор болж буйд шүүмжлэлтэй хандаж байв.

Түүнээс гадна багш, ажилчдын цалин хөлс бага, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх нөхцөл боломж муу, төрийн үйлчилгээний ангилалд багтдаг ч төрөөс хүртдэг тусламж дэмжлэг ховор, бараг толгой дараалан цалингийн зээлтэй болохоор орон сууцны зээлэнд хамрагдах ч боломжгүй байгааг уулзалтанд оролцогсод онцлон ярьсан юм. Тэгээд ч багш нарын тэтгэвэр, тэтгэмж, хүлээлт үүсгээд байгаа 24, 36 сарын тэтгэмж олгох тухай Засгийн газрын тогтоол, шийдвэрийг тойрсон асуудал энэ үеэр ихээхэн хөндөгдөж байлаа.

Уулзалтанд оролцогчид зөвхөн сургалтын орчин нөхцөл, өөрсдийн нийгмийн байдлыг сайжруулах талаар яриад зогсохгүй боловсролын талаар төрөөс баримтлах бодлого үе үе өөрчлөгддөг нь хүүхдийн ирээдүй, нийгмийн хөгжилд хэрхэн тусаж байгаа, төрөөс улсын сургуулиудад үзүүлэх дэмжлэг сул байгаагаас хувийн сургуулиудын боломж хэрхэн тэлж байгаа, ялангуяа Монгол хэлний тухай хууль гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай төрийн 3-хан сургуульд хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа талаар санал бодлоо илэрхийлсэн юм.

Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийнхэн сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш нарын санал бодлыг сонсож, асуултанд нь тодорхой хариулт өгснөөс гадна боловсролын салбартай холбоотой хууль тогтоомжид тусгах бодлогоо тодорхойлохын тулд хаврын чуулганаар хэлэлцэх Төрийн албаны тухай хуулиар өөрсдөд нь шууд хамаатай өөрчлөлт, шинэчлэлт орох гэж байгаад тэд хэрхэн хандаж буйд ихээхэн анхаарч, энэ талаар санал хүсэлтээ ирүүлэхийг салбарын ажилтнуудаас хүслээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлллээ.