Л.Гантөмөр: 144 цахим лабораторийг бүтээсэн
БСШУ-ны сайд Л.Гантөмөр
2015.04.13

Л.Гантөмөр: 144 цахим лабораторийг бүтээсэн

Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангаас Нээлттэй боловсролын "Нэг Монгол" үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг танилцуулах үйл ажиллагаа өнөөдөр Төрийн ордонд боллоо.

 Үйл ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболд, БСШУ-ны сайд Л.Гантөмөр болон УИХ-ын гишүүд оролцсон юм.Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд амжилт гаргаж оролцсон Б.Бурмаа, А.Амарзаяа нарт БСШУ-ны сайдын талархлыг Л.Гантөмөр сайд гардууллаа. 

Нээлттэй боловсролын "Нэг Монгол" үндэсний хөтөлбөрийг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд анхны үйл ажиллагааг дэлхий даяар хамгийн өндөр хандалт, ашиглалттай, үнэ төлбөргүй, онлайн, нээлттэй сургалтын арга хэлбэр болох АНУ-ын Хан Академийн 500 видео хичээлийг монгол хэлнээ орчуулан бэлтгэсэн "Нэг Академи" төслийн үр дүнг танилцуулснаар эхлүүлж байгаа аж.

БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлж өөртөө болон ирээдүйдээ итгэх итгэлийг төлөвшүүлэх, амьдралын сайн сайханд тэмүүлэх цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, өөрийгөө хөгжүүлэн бие даан суралцах чадвартай болгох нь боловсролын салбарын шинэчлэлийн бодлогын зорилго.Хүүхдийн сурч хөгжих орчинг мэдээллийн технологиос ангид авч үзэх аргагүй болоод байна.

Тийм ч учраас өнөөдрийн сургалтын системийг шийдвэрлэж чадахгүй олон асуудлыг шийдэж байгаа цахим сургалтын технологи дэлхий дахинд болон манай улсад өргөн дэлгэр ашиглагдаж байна. Дэлхий нийтэд интернетэд суурилсан нээлттэй боловсролын талбар бий болж байгаа нь насан туршийн, тасралтгүй, чанартай боловсрол эзэмших боломжийг бүрдүүлж байна.

Технологийн энэхүү боломжийг бид боловсролын чанарын шинэчлэл хийхэд ашиглах зайлшгүй шаардлага байсан. Энэ хүрээнд бид өнгөрсөн жил ЕБС-ийн 8-12 дугаар сангийн сурагчдад байгалийн ухааны хичээлийг бие даан суралцахад зориулан 144 цахим лабораторийг бүтээж нээлттэй эх үүсвэр болгосон.  Тус хөтөлбөрийн хүрээнд хүссэн хүн бүхэн нээлттэй ашиглах боломжтой Монгол хэлний онлайн тайлбар толь, Монголын тухай онлайн нэвтэрхий толь бүтээсэн. Технологийн энэ давуу талыг ашиглаж хүүхэд бүрийг хөгжүүлэх их үйлсэд амжилт гаргахыг боловсролын салбарын хүн бүрт хүсье” гэлээ.

З.Энхболд: Монголын гурван сая хүн дэлхийн иргэдтэй өрсөлдөхөд боловсрол чухал

УИХ-ын дарга З.Энхболд “Энэхүү хөтөлбөр олон мянган,  эрдэмтэд инженер, мэргэжилтэн, оюутан сурагчдыг хамарсан том хөдөлгөөн болно гэж бодож байгаа. Монгол Улс дэлхийн нээлттэй мэдлэгийн санаачилгуудад идэвхтэй оролцож, бусадтай мөр зэрэгцэн явах юм. УИХ-ын төсвөөс энэхүү төслийн санхүүжилтийг  баталсан нь гурван сая иргэнийхээ сурч боловсрох орчин, дэд бүтцийг бий болгох зорилготой.

Миний үеийнхэн 10, 20 жилийн өмнө дээд сургууль төсгөөд миний мэдлэг болоо гээд орхидог байсан бол энэ цаг үед тасралтгүй сурахгүй бол хоцрогдох болсон байна. Тиймээс нээлттэй боловсролын энэ санаачилгад УИХ-аас өндөр ач холбогдол өгч, тууштай дэмжих зорилго тавьж байгаа.

Бид гурван сая хүн дотроо өрсөлдөх бага хэрэг болсон. Харин дэлхийн бүхий л хүнтэй өрсөлдөж ажлаа олж авахгүй бол ажил глобалчлагдаж байна. Нээлттэй мэдлэг боловсрол нь монголын боловсролын тэргүүлэх хэсэг болно” гэлээ.