Эмгэг судлалын үндэсний төв түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж байна
Эрүүл мэнд, спортын сайд Д.Шийлэгдамба
2015.04.09

Эмгэг судлалын үндэсний төв түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж байна

Эрүүл мэнд, спортын сайд Д.Шийлэгдамба, Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Ганчимэг төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Олон улсын жишигт нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломжийг эрүүл мэндийн салбарт төрийн ба хувийн гэлтгүй нэвтрүүлэх боломж байгааг тэрбээр энэ үеэр хэллээ. Эхлээд салбарын сайд Эмгэг судлалын үндэсний төвөөр орсон юм. Эмгэг судлалын үндэсний төв нь улсын хэмжээнд эмгэг судлалын төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээс гадна эмнэлгийн нас баралтын задлан шинжилгээг хийдэг.

Гэтэл энэ төв нь өнөөдрийг хүртэл Хууль зүйн яамны харьяа Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн байранд түрээс төлөн үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнчлэн тус төвийн эмгэг судлалын лабраторид ашиглаж байгаа техник тоног төхөөрөмж нь 30 жилийн өмнөх хэвээрээ ямарч шинэчлэл хийгдээгүй байна. Мөн бүхэл бүтэн эмгэг судлалынхаа төвийн хэмжээнд задлан шинжилгээ хийх ганцхан ортой гээд салбарын сайддаа тулгамдаж байгаа асуудлуудаа танилцууллаа. 

Төрийн төсвийн нэртэй эмнэлэгүүдэд энэ мэт бэрхшээл олон байгаагийн жишээ нь энэ байлаа. Г.Шийлэгдамба сайдын дараагийн очсон эмнэлэг бол Интермэд эмнэлэг байлаа. Олон улсын эрүүл мэндийн чанар стандартыг монголдоо нэвтрүүлж иргэн бүр эмчилгээ оношилгоог гадны улс орныг зориж хийлгэх бус өөрийн орондоо хамгийн сүүлийн үеийн техник тоног төхөөрөмж, чадварлаг эмч мэргэжилтэнүүдийн багаар оношлуулан эмчлүүлэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаагаа сайдад танилцууллаа. 

Дараагийн очсон эмнэлэг Гранд мед эмнэлэг байлаа. Гурав дахь шатлалын төв эмнэлгийн түвшинд үйл ажиллагаа явуулж байгаа тус эмнэлгийн тухайд монголдоо нарийн мэргэжлийн бүхий л оношилгоог орчин үеийн өндөр хүчин чадалтай техник технилогиор хийлгэж эмчилгээ үйлчилгээ авах нөхцлийг бүрдүүлж ажиллаж байгаа хувийн хэвшлийн эмнэлэгүүдийн нэг. 

alt

Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хувийн эмнэлэгүүдийн нэвтрүүлээд байгаа эмчилгээ үйлчилгээ бүрэн нэвтрэх боломж байгаа нь эндээс харагдаж байлаа. Улсын эмнэлэгүүд өнөөдөр төсөвийн байгууллагын статустай үйл ажиллагаа явуулж байгаа нь нэг талаасаа эрүүл мэндийн салбарын хөгжлийн чөдөр тушаа болж байгаа тул салбарын сайдын зүгээс эрүүл мэндийн салбарын засаглалын тогтолцоог шинэчлэн улсын эмнэлэгүүдийг Удирдах зөвлөлтэй болгож удирдлагын менежментийг сайжруулахаар зориж холбогдох хуулиудад өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа.

alt

Үүний үр дүнд эхний орсон эмгэг судлалын үндэсний төв мэт улсын эмнэлэгүүд үйл ажиллагааныхаа хүрээнд олсон орлогоо өөрсдөө захиран зарцуулж үйл ажиллагаагаа өргөжүүлэн чадавхижих бүрэн боломж нээгдэх юм. Нөгөө талаар олон улсын стандартын дагуу эмчилгээ үйлчилгээ үзүүлэх эмнэлэгүүдийн магадлан итгэмжлэлийн босгыг өндөр байлгах нь эрүүл мэндийн салбарын үйлчилгээний чанар жишиг ахих явдал гэдгийг сайд онцлож байлаа.

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа олон улсын жишигт хүрсэн тусламж үйлчилгээг үзүүлэх боломж бүрэн байна. Монгол Улсын эрүүл мэндийн салбарын засаглалын тогтолцоог шинэ шатанд гаргаснаар энэ ажил хэрэгжих үндэстэй гэдгийг энэ үеэр хэллээ.