“Бөөр шилжүүлэн суулгах хагалгаа 100+” ёслолын ажиллагаа боллоо
Ёслолын ажиллагаа
2015.04.23

“Бөөр шилжүүлэн суулгах хагалгаа 100+” ёслолын ажиллагаа боллоо

Өнөөдөр буюу 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын ууган эмнэлэг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн бөөр шилжүүлэн суулгах багийхан 100 дахь хагалгааг амжилттай хийлээ.

УНТЭ нь 2006 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Эрхтэн шилжүүлэх Үндэсний багийхан анхны бөөр шилжүүлэх мэс заслыг амжилттай хийж байсан түүхтэй. 

Энэ үйл ажиллагааны хамрах хүрээнд өнөөдөр 14 цагаас бөөр шилжүүлэн суулгах 100 дахь мэсэл засалд зориулсан хүндэтгэлийн самбар байршуулах шав тавих ёслолын үйл ажиллагаа боллоо.

Энэхүү арга хэмжээнд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, яамны газар, хэлтсийн дарга нар болон УНТЭ –ийн дарга Б.Бямбадорж, Монгол Улсын хүний гавъяат эмч Д.Нямсүрэн, Л.Жамбалжав, Английн Профессор М.Слапак нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

УНТЭ нь эмч нараа Хятад, Солонгос, Тайланд, Банконг, Англи, Финляндад сургаж туршилагажуулсанаар өнөөдрийн ийм амжилтанд хүрэхэд ихээхэн нөлөөлсөн байна.

Монгол Улсын ууган эмнэлэг УНТЭ-ийн хамт олон эрүүл мэндийн салбарын хөгжлийн өнгийг тодорхойлж, хэзээд анхдагч, манлайлагч байхаар алсын хараагаа тодорхойлон ажилласаар 2015 онд түүхэн 90 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа талаар салбарын сайд хэлсэн үгэндээ онцолсон юм.

Харин тус эмнэлгийн дарга Б.Бямбадорж “Түүхт ойн жилдээ эрхтэн шилжүүлэн суулгах чиглэлээр “Бөөр шилжүүлэн суулгах хагалгаа 100+”, “Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн спортын 2-р наадам”, “Донорын тухай хуулийг шинэчлэн боловсруулах”, “Евро-Азийн бүсийн эрхтэн шилжүүлэн суулгалтын олон улсын эрдэм шинжилгээний конферениц” зэрэг чухал үйл явдлуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн талаараа ярьж байлаа.

Нэмж мэдээлэхэд УНТЭ-т 100 дахь бөөр шилжүүлэн суулгах хагалгаа, 20 дахь элэг шилжүүлэн суулгах хагалгаа, 2 дахь ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээнүүд хийгдэхээр төлөвлөгдөн эхнээсээ хийгдэж байгаа нь энэ аж.

alt