Дэлхийд санаархсан Хятад
АНУ-ын хамар дор
Хятадын хувьд Өмнөд Америк нь нөөцийн чухал эх үүсвэр байхаас гадна АНУ-ын эсрэг зогсоход гол холбоотон болох учиртай.
Хятадууд Латин Америкт зэс, нефть олборлохын зэрэгцээ барилга, усан цахилгаан станци, авто болон төмөр зам барьдаг. Түүгээр зогсохгүй Панамын сувагтай хүчин чадлаар эн тэнцэхүйц шинэ суваг барьж өгөхөд бэлэн. Хятадууд гадны орнуудад хөрөнгө оруулахдаа АНУ-ын адил ардчиллын үнэт зүйлсийг мөрд гэж тулгадаггүй учраас төвөггүй ойлголцдог. Үр дүнд нь АНУ-ын хармаа өрөө гэгдэж байсан Латин Америкийн бүс аажмаар Хятадын нөлөөнд орж байна.
Хятадын тус бүс нутагт нөлөөллөө тогтооход ашигладаг хэрэгсэл нь худалдаа, хөнгөлөлттэй зээл. 2000 онд Хятад улсын Латин Америкийн гадаадын хөрөнгө оруулалт дахь хувь хэмжээ нэг хувиас хэтрэхгүй байсан бол 2013 он гэхэд 10 хувиас давж 12,6 тэрбум доллараас 261,6 тэрбум долларт хүрчээ. Энэ нь 13 жилийн дотор 20 дахин өссөн үзүүлэлт юм. Харин 2014 онд Хятадуудын тус бүс нутагт хийсэн хөрөнгө оруулалт Дэлхийн банк, Америк тивийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаас илүү гарчээ.
2014 онд Хятадуудын Латин Америкийн бүс нутагт хийсэн хөрөнгө оруулалт Дэлхийн банк, Америк тивийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаас илүү гарчээ.
Латин Америкийн орнуудын хувьд зөвхөн АНУ-тай нэг талын эдийн засгийн харилцаатай байдаг үе өнгөрч байна. Хятад улс Бразиль, Перу, Чилитэй хийсэн худалдаагаар АНУ-ыг хэдийнэ ардаа орхижээ. Сүүлийн гурван жилд бүс нутгийн орнуудад 50 тэрбум долларын зээл олгожээ. Аргентинд зөвхөн Хятадын эрэлтийг хангах зорилгоор шар буурцагийн тариалал, шар буурцгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүхэл бүтэн салбар бий болов.
Өмнөд Америк нь Made in China гэсэн тодотголтой өргөн хэрэглээний барааны зах зээл болоод зогссонгүй хятад авто машины гол худалдан авагч болов. Чили, Бразиль, Венесуэл, Кубад мянга мянган хятад ажилчин, инженер ажиллаж байна. 2008 онд Хятадын Сичан сансрын хөлгийн буудлаас Хятадад үйлдвэрлэсэн Венесуэлийн анхны хиймэл дагуул «Симон Боливар»-ийг хөөргөжээ. Мөн Бразильтай сансрын салбарт хамтарч байна. Хятадын харилцаа холбооны аварга компани «Хуавэй» Латин Америкт хэдийнэ байр сууриа олжээ.
Коста-Рика дахь хятад ажилчин
Африкийн шинэ колончлогчид
Хятадууд Африк тивийг зөвхөн эдийн засгийн хувьд сонирхдог. Өнөө үед улс гүрнүүд “дамжуулах хоолойн дипломат” гэгчийг хэрэгжүүлж, нүүрс устөрөгчийн ордын хөрөнгө оруулалтын төлөө тэмцдэг болжээ. Улам бүр өсөн нэмэгдэж буй Хятадын аж үйлдвэрт их хэмжээний эрчим хүч, түүхий эд хэрэгтэй учраас Бээжингийн эрх баригчид дэлхий дахинд өрнөж буй нөөцийн дахин хувиарлалтад идэвхтэй оролцох болов. Хятадууд Алжир, Нигер, ӨАБНУ, Ангол, Судан зэрэг газрын тос, байгалийн хий, металлын ордоор баялаг улс орнууд дээр төвлөрчээ.
Африкийн орнуудын эрх баригчид хөрөнгө оруулах гэж буй этгээд тухайн улсын Засгийн газрын тэргүүнээс эхлээд мужийн амбан захирагч болон түүнээс дооших хүмүүсийг хүндэлж дэмжих ёстой гэж үздэг. Энэ нь шууд авлига өгнө гэсэн үг хараахан биш бөгөөд харин төрөл бүрийн хөнгөлөлт эдлүүлнэ гэсэн үг ажээ. Ийм маягаар “бетонон дипломат” бий болжээ. Өөрөөр хэлбэл Африкийн ерөнхийлөгчдийн хамгийн их хийх дуртай дэд бүтцийн томоохон төслүүдэд Хятадууд хөрөнгө оруулах болов. Хятадын компаниуд Африкийн аль нэг ордод олборлолт явуулсныхаа хариуд ямар нэгэн юм барьж өгөх ёстой. Жишээ нь Замбийн нийслэл Лусака хотод ийм маягаар Хөдөлмөрийн яамны барилга, Төрийн хувьчлалын агентлагийн байр, түүнчлэн Хөл бөмбөгийн ордон баригджээ. Өнөөдөр Африкийн барилгын зах зээлд Хятадууд 30-40 хувийг эзэлж байна.
Өнөөдөр Африкийн барилгын зах зээлд Хятадууд 30-40 хувийг эзэлж байна.
Гэхдээ Африкийн зах зээлд Хятадын маш хүчтэй өрсөлдөгчид бий. Хуучин колончлолын гүрнүүд болон АНУ Хятадын компаниудад Баруун Африк дахь зах зээлээ тун ч дургүй тавьж өгчээ. Энэтхэг ч мөн адил Африкийн нөөцийг авах гэж оролдсон. 2000-аад оны дунд үеэс Бразиль, Турк, Япон, Орос улсууд Африкийн нөөцийг хуваах уралдаанд оролцож эхлэв. Хятадууд үргэлж дангаар ялалт байгуулж чадсангүй. Тиймээс бусад улстай хамтарсан төслүүдийг ч хэрэгжүүлж эхэлжээ.
Хятадууд Африк тивд ураны эрэл хайгуул, олборлолтоор багагүй амжилтанд хүрсэн. Канад, Казахстан, Австралиас гадна ураны томоохон зах зээл бий болж байна. Хятад улс Намиби, ӨАБНУ, Нигерийг ураны зах зээл болгохыг зорьж байна. Энэ онд 5700 тонн уран олборлох хүчин чадалтай, Намибийн төв мужид байрлах Хисаб нэртэй орд газрын төсөл хэрэгжиж эхэлнэ. Намибийн ураныг Хятадууд хэрэглэх бөгөөд ирээдүйд Хятад улс атомын цахилгаан станцынхаа тоог хоёр дахин нэмэх төлөвлөгөөтэй. Хувьцааны хяналтын багцыг Хятадын China Guangdong Nuclear Power Holding Corp корпораци эзэмших ажээ. Хятадын ураны олборлолт зөвхөн энхийн зориулалттай гэвэл өрөөсгөл. Жил бүр олборлосон уранаас тодорхой хэсгийг хамгийн өндөр хэмжээнд баяжуулж цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ашигладаг. Тэгээд ч Хятад улс олноор сүйтгэх зэвсгийн эсрэг ямар ч олон улсын бичиг баримтад гарын үсэг зураагүй.
Хятад худалдаач үйлчлүүлэгчидтэйгээ ярилцаж байна. Маливийн Бүгд найрамдах улсын Салима хот.
Африк дахь Хятадуудын үйлдлийг шүүмжлэх хүмүүс олон. Хятадын компаниуд Африкийн удирдагчдын гэнэн байдлыг далимдуулж алтыг нь аваад авдрыг нь хаяж байна гэж буруутгадаг. Түүнээс гадна Хятадын компаниуд өөрсдийн хүмүүсийг ажиллуулахыг илүүд үздэг бөгөөд тухайн улсын иргэдийг бараг хөлсөлдөггүй. Зарим тоо баримтаас харахад эдүгээ Африк тивд 600 мянган хятад иргэн ажиллаж байгаа аж. Тиймээс Хятадын хувийн болоод төрийн өмчит компаниуд Африк дахь стратегиа өөрчлөх хэрэгтэй болж байна.
2013 онд Хятадууд Африкт нийт 20 сая долларын хөрөнгө оруулалт хийжээ. Энэ нь Африкийн хувьд багагүй тоо ч Хятадын хувьд нийт шууд хөрөнгө оруулалтын дөнгөж 3-4 хувийг эзэлж байгаа юм. Түүгээр барахгүй Хятадууд Африкийн Засгийн газруудад дуртай зээл олгодог бөгөөд энэ нь Олон улсын валютын сангийн Африкийн орнуудын төсвийн зарцуулалтыг сайжруулах ажилд багагүй саад болдог байна.
Сүүлийн жилүүдэд Африкийн хэд хэдэн орнуудад дунд анги гэж нэрлэж болохоор хэсэг хүмүүс бий болж эрэлт үүссэн нь Хятадын төслүүд амжилттай хэрэгжихэд нэг түлхэц болжээ. Хямд үнэтэй, энгийн хийцтэй Хятадын бараа Африкийн хэрэглэгчдийн хувьд яг тохирсон зүйл болов. Тиймээс барууны стандарт бүхий бусад үйлдвэрлэгчид Хятадуудад байраа тавьж өгсөн байна.
Зарим тоо баримтаас харахад эдүгээ Африк тивд 600 мянган хятад иргэн ажиллаж байгаа аж.
Хятадууд Барууныхнаас ялгаатай нь Африкийн удирдагчдыг хүний эрх зөрчлөө гэж буруутгадаггүй. Энэ нь Африкийн дарангуйлагчдад таалагдаж, Барууны улс төрчдийн дургуйг хүргэдэг. 2012 онд тэр үед АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга байсан Хиллари Клинтон Африкт зүгээр л мөнгө өгдөг улсуудыг шүүмжилсэн нь далдуураа Хятадыг буруутгасан нь ойлгомжтой байлаа.
Гэсэн ч Хятадууд удаан хугацаанд үйлчилдэг стратеги хэрэгжүүлдэг заншлаараа Хар тивийн эрх баригчдыг өөртөө татах ажлыг үргэлжлүүлсээр байна. Африкийн 20 гаруй оронд Конфуцийн сургууль нээгджээ. Конфуциазм бол Хятадын “зөөлөн хүчний” гол хөтөч юм. Африкийн мянга мянган оюутнууд Хятадын Засгийн газрын тэтгэлгээр өмнөд хөршид сурч байна. Тиймээс хэдэн арван жилийн дараа Африкийн элитүүд түншүүдтэйгээ Мао Цзэдуны хэлээр ярьдаг болохыг үгүйсгэхгүй.
Хятадын луу умардыг зорив
Арктикийн газар нутагт хамгийн их санаархаж буй улс бол Хятад. Нөөцийн импортоос хамаардаг Хятадын хөгжиж буй эдийн засагт Хойд мөсөн далайд баялаг олборлоно гэдэг алдаж болшгүй боломж. Олон улсын эрчим хүчний агентлагийн судалснаар 2020 он гэхэд Хятад улс дэлхийн хамгийн том нефть импортлогч болно, харин 2035 гэхэд Хятадын эдийн засагт өдөр тутам 13 сая баррель нефть хэрэгтэй болно. Хятадын хувьд аюулгүй тээвэрлэх нь тулгамдсан асуудал. Одоогоор Азийн орнууд дайн дажинтай байгаа Ойрхи Дорнодоос нефтийнхээ тал хувийг татдаг. Харин Хятадын нефтийн импортын 85 хувь Номхон далайд байдаг 1,5 миллийн өргөнтэй Малаккийн хоолойгоор дамждаг. Хамгийн аюултай нь тэнд Америкийн цэргийн бааз бий. Хэрэв байдал дордвол энэ маршрутыг хаахад амархан. Тэгвэл Хятадын эдийн засаг нэг өдрийн дотор элгээрээ хэвтэнэ. Тиймээс Хятадын эрх баригчдын хувьд нефтийн эх үүсвэрээ олшруулах нь хамгийн сэтгэл зовоосон асуудал болж байна.
Бээжингийн төлөвлөснөөр ойрын ирээдүйд Хятадын мөс зүсэгч онгоцнуудын флот Канад, АНУ-ын флотыг нийлүүлснээс ч илүү хэмжээнд хүрнэ.
Зөвлөлтийн төслөөр хийгдсэн «Сюэлун» (Цасны луу) нэртэй Хятадын мөс зүсэгч хөлөг онгоц Арктикт хэд хэдэн судалгаа хийж 2010 онд Хойд туйлд хүрсэн. 2004 оноос Хятадын “Хуанхэ” судалгааны станци Шпицбергений арал дээр ажиллаж эхэлсэн. 2016 онд Цасны луун дээр нэмээд илүү орчин үеийн мөс зүсэгч хөлөг онгоцыг ашиглалтад оруулна. Бээжингийн төлөвлөснөөр ойрын ирээдүйд Хятадын мөс зүсэгч онгоцнуудын флот Канад, АНУ-ын флотыг нийлүүлснээс ч илүү хэмжээнд хүрнэ. Арктикийн мөсөн дунд илүү сайн маневрлахын тулд хятадууд хуягт корпустай онгоцнуудыг барьж эхэлжээ. Шинжээчдийн тооцсоноор Хятад улс далайн тээврээ Умардын маршрутад шилжүүлвэл жилд 60-120 тэрбум долларын ашиг олох ажээ.
Гэхдээ Арктикийг хянадаг туйлын бүсийн таван улс Хятадын санаархлыг дэмжихгүй нь мэдээж. Хятад Арктикийн зөвлөлд байнгын ажиглагч болох хүсэлтээ өгсөн ч гурван удаа буцаагдаж байв. Тэгэхээр нь Бээжингийн эрх баригчид Орос, Канадын нефть, байгалийн хий олборлох төсөлд хөрөнгө оруулж дэмжлэг авахыг оролдов. Гэвч Орос, Канадын аль нь ч баялгаасаа хуваахгүйг мэдээд бусад улсаас дэмжлэг авахаар шийдэв. 2008 онд хятадууд Исланд улсад хямралаас гарахад нь тусалж хоёр улсын хооронд хэд хэдэн хэлэлцээ, түүний дотор туйлын бүсийг судлах хэлэлцээ байгуулав. Хариуд нь тэр үеийн Исландын ерөнхий сайд Йоханна Сигурдардоттир Арктикийн зөвлөлд орох Хятадын хүсэлтийг дэмжив. Түүнээс гадна Хятадын төлөөлөгчид Гренландын нөөцийг судлахад туслах ам өгч Данийн дэмжлэг, түүнчлэн Шведийг талдаа оруулснаар байнгын ажиглагч болов.
Хамгийн хачирхалтай нь Хятад улс дэргэдээ байгаа Өмнөд болон Зүүн Хятадын тэнгист НҮБ-аас гаргасан далайн эрх зүйн бүх конвенцийг зөрчдөг мөртөө Арктикийг хянадаг таван орноос Арктикийн конвенцийг мөрдөхийг шаарддаг.
Цасны луу
Хятад, Америкийн санхүүгийн дайн
Хятад, Америкийн санхүүгийн дайны нэгэн тулаанд Хятадууд ялалт байгуулав. Ингэхдээ америкчуудыг өөрсдийг нь ашиглажээ.
Хятадын зөөлөн хүчний шинэ зэвсэг нь Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (AIIB) болов. Бээжингийн эрх баригчид AIIB-гийн тусламжтай дэлхий нийтэд, юуны түрүүнд АНУ-ын холбоотнуудын дунд Вашингтоны нэр хүндэд хүндхэн цохилт өглөө.
Америкчуудын хувьд энэхүү банк нь Хятадын гадаад бодлогын хүчтэй зэвсэг болно гэсэн болгоомжлолоо нуусангүй. Хятадууд Азийн санхүүгийн зах зээл дээр хүчээ авч, бусад тивд нөлөөгөө тогтоож эхэлвэл Цагаан Ордныхонд түгшүүртэй байдал үүснэ. Энэ удаа аливаа төсөл дээр итгэлтэй холбоотнуудтай байж дассан АНУ ялагдал хүлээв. АНУ-ын Ази болон Европ дахь холбоотнууд Америкийн үгийг дагахаас татгалзаж Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг өөрийн улсдаа байгуулахыг зөвшөөрөв. Тэдгээрийн дотор АНУ-ын хамгийн итгэлтэй холбоотон болох Герман, Франц, Итали, Австрали, Шинэ Зеланд, Канад улсууд дээрх банкны сүлжээнд орох хүслээ илэрхийлжээ. Тэр байтугай байнга Вашингтоны үгэнд ордог Лондон хүртэл “урважээ”.
Хятадууд анх AIIB-г Япончуудын эсрэг ашиглах зорилготой байгуулсан. Гэтэл Япон улс энэ банкны гишүүн болно гэхээр хятадууд томоохон ялалт байгуулжээ гэдэг нь харагдаж байна. АНУ, Япон хоёр Азийн хөгжлийн банкны гол тоглогчид бөгөөд AIIB-гийн өрсөлдөгч юм. Гишүүдийнх нь тооноос харахад цаашдаа AIIB нь Барууны орнууд ноёрхдог ОУВС, Дэлхийн банкны хүчтэй өрсөлдөгч болох шинжтэй байна.
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд нэгдэх хүсэдлтээ Азийн 21 орон илэрхийлжээ.
AIIB-г хамгийн ихээр сонирхож буй орнууд бол мэдээж хөгжиж буй орнууд. Хятад улс Америкийн холбоотнуудыг өөртөө татахдаа олон тэрбум доллар өгөөд зогсохгүй үүсгэн байгуулагчийн хувьд аливаа хориг тавихгүй гэсэн нь гишүүн орнуудад таалагджээ. Цагаан Ордон Конгрессыг ятгаж ОУВС-д нэмэлт санхүүжилт гаргуулж чадаагүй нь AIIB газар авахад нөлөөлжээ.
Бээжингийн төлөөлөгчдийн ярьж буйгаар Үүсгэн байгуулах гэрээ зургадугаар сарын сүүлээр бэлэн болж, 2015 оны төгсгөл болоход AIIB ажилдаа орох аж. Саналын эрх дараах байдлаар хувиарлагдана. Саналын эрхийн 75 хувийг Азийн 27 улс ДНБ-ийхээ хэмжээнээс хамаараад хувааж авна. Үлдсэн 25 хувь бусад тивийн орнуудад хувиарлагдана. Хэрэв иймэрхүү байдлаар AIIB бий болчихвол AIIB дэх Хятадын нөлөө, ОУВС дахь АНУ-ын нөлөө хоёр эн тэнцүү болно.
Шинэ торгоны зам
2015 онд хамгийн ихээр яригдах сэдвүүдийн нэг болох магадлалтай Си Цзиньпиний “Шинэ торгоны зам” төсөл нь Хятадын хөгжлийн ойрын 10 жилийг тодорхойлж, Евразийг өөрчилж байна. Асар их хэмжээний хөрөнгө оруулалтаар тэтгэгдсэн Торгоны замын Эдийн засгийн бүс нь, Тэнгисийн торгоны зам нь XXI зууны Хятадыг бэлгэдэж, Евразийн тоглогчдод түүхэн боломжийг олгож байна.
Хятад нээгдсэнээр дэлхий нийт хятадын нийгэмд нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлж, Дундад улсын өөрийнх нь төслүүд ч дэлхий нийтийн шинжтэй болох боломжийг бий болголоо. Хятадын Евразийг онцгойлон анхаарах болсныг геополитикийн үүднээс авч үзвэл Обамагийн засаг захиргаанаас зарласан “Ази руу хийх эргэлт”-д өгсөн хариулт хэмээн зарим мэргэжилтнүүд үзэж байна. Гэвч Шинэ торгоны замыг хэн нэгэнтэй өрсөлдөхийн төлөөх тактик схем төдийхнөөр ойлгож болохгүй.
Удахгүй дэлхийн тэргүүлэгч эдийн засаг болох гэж буй БНХАУ нь эрх мэдлийг дагаад хариуцлага ирдэг гэдгийг ухамсарлаж байгаа. Энэ утгаар нь авч үзвэл Шинэ торгоны замыг Маршаллын төлөвлөгөөний хятад хувилбар гэж үзэж болно. Уг төсөл ёсоор Дундад улс нь хөрш орнуудаа тэтгэж, тэдгээрийг хөгжүүлж, Бээжингийн боловсруулсан системд тодорхой байр суурийг гарган өгч байна.
Хятадын худалдааны номер нэг түнш болох Европын холбоо нь Шинэ торгоны замын төслөөр олдож буй боломжуудыг алдах юм бол стратегийн хувьд сохорсон хэрэг болно. Европын холбооны шинэ гурвал болох Еврокомиссын дарга Жан-Клод Юнкер, Еврозөвлөлийн дарга Дональд Туск, гадаад харилцаа болон аюулгүй байдлын бодлогын Дээд дарга Федерика Могерини нар түүхэн хариуцлагаа ухамсарлан Шинэ торгоны замын төсөлд зохих ёсоор анхаарч хандах шаардлагатай. Эс тэгвэл Хятадын улс төрийн шийдмэг байдал, эдийн засгийн хүчин чадлыг тооцон үзвэл ямар ч нөхцөлд Евразийг өөрчлөх энэ чухал хандлагаас Европын холбоо нь хаягдаж хоцрох эрсдэлтэй.
Тив хоорондын төмөр зам
Тив хоорондын төмөр зам барина гэдэг хүний санаанд багтмааргүй зүйл ч Хятадын эрх баригчдын хувьд хийж болохоор ажил. Бээжин-Лондонгийн чиглэлд өндөр хурдны төмөр зам барих санааг хэдийнэ гаргажээ. Хятадын инженерийн Академийн гишүүн, төмөр замын төслүүдийн зохицуулагч Ван Меншугийн үзэж буйгаар энэ төмөр замыг хэдхэн арван жилд барих ажээ. Бээжингээс хөдөлсөн өндөр хурдны галт тэрэг ердөө хоёр хоноод Лондонд хүрнэ.
Хятадын өндөр хурдны галт тэрэг
Түүнчлэн Бээжин-Лос-Анжелесийн чиглэлд 13 000 км төмөр зам барих төлөвлөгөө ч бий. Уг маршрут Бээжингээс эх авч Оросын Ангийн тэнгисийн эрэг, Владивостокоор дайраад Берингийн хоолой орчимд 200 км-ийн туннелээр явна. Дараа нь Аляскийг хөндлөн гулд туулж Канадын баруун эргээр Ванкувараар дамжиж АНУ-д очих ажээ. Энэ төлөвлөгөөг гаргасан хүмүүс Хятадын галт тэрэг энэ замыг хэдхэн хоногт туулна гэж үзэж байна.
Сүүлийн жилүүдэд Хятадад хийгдсэн төмөр замын бүтээн байгуулалтыг харахад дээрх санаанууд бүтэхгүй гэх үндэс алга.
Одоохондоо Хятад улс төмөр замынхаа уртаар нэгдүгээрт ороогүй ч удахгүй энэ байранд очно. Сүүлийн 20 жилд барьсан хурдны болон өндөр хурдны төмөр замын сүлжээ Япон, Европын төмөр замын сүлжээг нийлүүлснээс ч их болжээ.
Хятадад баригдсан өндөр хурдны төмөр замын урт 16 мянган км-т хүрчээ.
Өндөр хурдны төмөр зам барих анхны төслийг 2004 онд боловсруулж байв. 10 жилийн дараа төмөр замын сүлжээ 28 муж, автоном район, хотуудыг хамарчээ. 2006-2010 онд улсын төслөөр баригдсан өндөр хурдны төмөр замыг “4х4” томъёоллоор барьжээ. Хятадын өмнөөс умард руу дөрөв, баруунаас дорно руу дөрөв, нийтдээ 8 том замыг барьж дуусгасан байна.
Бээжингээс Умардын Харбин хот хүртэлх төмөр замыг 7 жилийн дотор, Бээжингээс Шанхай хүртэлх 1,5 мянган км замыг 4-хөн жилийн дотор барьжээ. Босоо тэнхлэг хэмээн нэрлэгдэх Бээжингээс Хонконг хүртэлх (Гуанчжоу, Шэньжэнээр дайрсан) 2200 км төмөр зам бараг бэлэн болжээ.
Зөвхөн 2014 онд ашиглалтад орсон 8000 км замын 5000 нь өндөр хурдны зам байна. Нийтдээ Хятадад баригдсан өндөр хурдны төмөр замын урт 16 мянган км-т хүрчээ. Хятадын төмөр замын хөгжлийн хөтөлбөрт тусгаснаар ийм үр дүнд 2020 онд хүрэхээр төлөвлөж байжээ.
Ийм том төслүүдэд их мөнгө орох нь мэдээж. Хятадын төмөр замын корпорацийн мэдээлснээр 2014 онд төмөр замд хийсэн хөрөнгө оруулалт 800 тэрбум юаньд хүрчээ.
Төмөр замын ажил
Непалийн төлөөх тэмцэл буюу Эверестийн доогуурх төмөр замын туннель
Хятад, Энэтхэг хоёрын хооронд Непалийн төлөөх шинэ тэмцэл эхлэв бололтой. Хятадын албан ёсны хэвлэлүүд Непалийн талын хүсэлтээр Хятад, Непалийг холбох дэд бүтцийн төслийг боловсруулж буй талаар мэдээлэв.
Уулархаг газарт төмөр зам тавина гэдэг амаргүй ажил. Ялангуяа Гималай шиг өндөр уулсын бүсэд. Төслийг боловсруулж буй Хятадын Инженерийн шинжлэх ухааны Академийн шинжээч Ван Мэншугийн хэлснээр төмөр зам тавихын тулд Эверестийн доогуур туннель ухахаас өөр аргагүй болж магадгүй тухай China Daily мэдээллээ.
Ван Мэншугийн тооцоолсноор огцом өндөрлөг, гуу жалгатай нөхцөлд галт тэрэгний хурд 120 км/цагаас хэтрэхгүй аж.
Хятадуудын санаанд багтамгүй гэмээр ийм төслийг боловсруулах болсон шалтгаан нь мэдээж геополитик. Энэтхэг улсын өөрийн сонирхлын хүрээнд байлгана гэж үздэг Непалийг Хятад улс өөрийн талдаа оруулахыг хичээж байгаа. 2020 он гэхэд Хятадын Цинхай мужийн Синин хотыг Төвдийн нийслэл Лхастай холбох 2000 км урттай төмөр замын ажил Непалийн хилийн наана дуусна гэж тооцож байна. Цаашдаа энэ төмөр зам Эверестийн доогуур “шургана”. Үүний тулд төмөр замыг Катманду хүртэл сунгах хэрэгтэй. Энэ тухай өнгөрсөн 12 дугаар сард Непалд айлчлахдаа Гадаад хэргийн сайд Ван И мэдэгдсэн.
Хятад-Непалийг холбох төмөр замын төсөл
Непалийн төлөөх Хятад, Энэтхэгийн тэмцэл эртний түүхтэй. Гималайн бүсэд оршдог Непал нь дэлхийн ядуу орнуудын нэг. Тэнд Хятадын компаниуд олон тэрбум долларын хөрөнгө оруулалттай зам харгуй, эрчим хүч, харилцаа холбооны дэд бүтцийн объектууд барьж байна. Манай гаригийн 8000 метрээс дээш өндөртэй 14 оргилын 8 нь байдаг Непалд ирэх хятад жуулчдын тоо ч өссөөр байна.
Энэ байдал нь Энэтхэгийн эрх баригчдын санааг зовоож байна. Хятад улс Пакистантай холбоотны харилцаатай. Түүнчлэн Шри-Ланк, Мальдив, Непалийг өөртөө татаж Энэтхэгийг “Хятадын нөлөөний тойрогт” оруулахыг зорьж байна.
Мэдээж энэтхэгүүд гараа хумхиад суухгүй. 2014 оны эцсээр Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди хөрш орнууддаа зориулж гаалийн саад тээгийг арилгах, цуврал төслүүдийг санхүүжүүлэхээ амласан. Гэвч Дэлхийд хамгийн их валютын нөөцтэй Хятадтай өрсөлдөнө гэдэг юу л бол.
Хятадад үйлдвэрлэсэн арал
undefined
АНУ болон Зүүн Өмнөд Азийн орнууд Өмнөд Хятадын тэнгис дэх аварга том хөвөгч хавтанг анхааралтай ажигласаар байна. Хавтан дээр том гэгчийн газар ухагчийг суурилуулжээ. Үүнийг Хятадуудын хийсэн арал үйлдвэрлэгч гэж хэлж болох бөгөөд овоолсон шороогоороо улсын хилийн зурвасыг өөрчлөх чадалтай. Хавтан 24 цагийн турш ажилладаг.
Өнгөрсөн есдүгээр сард сансраас авсан зургаас харахад газар ухагч Спратлийн бүлэг арлын орчим ажиллаж байв. Эдгээр аралд Хятадаас гадна Тайвань, Вьетнам, Филиппин, Бруней, Малайз зэрэг хэд хэдэн улс санаархдаг.
Дээрх хавтангийн тусламжтай Хятадууд далайн дундах хүн амьдрахын аргагүй хадан хясаануудыг барилга барьж болохоор хиймэл арал болгон хувиргаж байна.
Одоогоор хавтан Спратлийн бүлэг арлын зургаан шүрэн арал дээр ажиллаж байна. Аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хиймэл арал хийх нь бүс нутгийн улс орнуудыг өдөөн хатгасан, хэтэрхий амбицтай төсөл учраас мөргөлдөөн гарах магадлалыг улам ихэсгэж байна. Тэр байтугай Хятадууд барьсан аралдаа Тянь Цзин Хао гэх мэтийн нэр өгчээ.
Хятад улс энэхүү хавтангаар 10 хүрэхгүй сарын дотор Спратли дахь таван шүрэн арлыг танихааргүй болтол өөрчилжээ.
Хавтангийн хүчин чадал ч бас алмайруулж байна. Энэ төхөөрөмж цагийн дотор 4,5 мянган метр куб шороог далайн ёроолоос татаж гаргадаг. Хятад улс энэхүү хавтангаар 10 хүрэхгүй сарын дотор Спратли дахь таван шүрэн арлыг танихааргүй болтол өөрчилжээ.
Харин гурван сарын дотор 127 метрийн урттай энэ хавтан хоёр шүрэн арлыг дээр нь барилга барихаар болгож засчээ.
Хятадын хөрш орнуудын санааг хамгийн ихээр түгшээж буй арал бол Тянь Цзин Хао. Энэ арал стратегийн чухал ач холбогдолтой, далайн тээврийн зангилаа газар юм.
Пентагонд суудаг нөхдийн үзэж буйгаар хиймэл арлууд дээр барилга барих магадлал бага, яагаад гэвэл Вьетнам өөрийн мэдэлд байдаг пуужингуудаар хялбархан сөнөөж болох аж. Гэхдээ нөгөө талаас хэрэв Хятадууд хиймэл арал дээр хөнгөн онгоцны нисэх буудал барьчихвал тэр нь Өмнөд Хятадын тэнгист эргүүлийн болон агаарын хамгаалалтын бүс байгуулах Хятадын төлөвлөгөөний нэг хэсэг болно гэдгийг АНУ сайн ойлгож байгаа.
Хиймэл арал үйлдвэрлэгч хавтан
Хиймэл арлаас болж Хятад болон тэдний хөршүүдийн зөрчил мөргөлдөөнд шилжих магадлал өндөр. Жишээ нь өнгөрсөн тавдугаар сард Вьетнамын санаархдаг арлын ойролцоо нефть олборлох хавтан барих болоход Вьетнамд олон мянган хүн эсэргүүцэж жагсаж байсан билээ.
Түүнчлэн Джонсон, Квартерон, Гаван зэрэг шүрэн арлууд Хятад, Филиппины хамгийн том хэрүүлийн алим юм. Джонсон арлаас болж 1988 онд Хятад, Вьетнамын далайн цэргийн онгоцууд буудалцаж байсан түүхтэй.
Бээжинд суудаг гадаадын дипломатууд хиймэл арал нь Америкийг сорьсон хэрэг гэж үзэж байна. Тодруулбал Хятадын дарга Си Цзиньпин эдүгээ Украйн, Ойрхи Дорнодын асуудлаар толгойгоо өвтгөж байгаа Обамаг хэр зэрэг хол санаархдагийг шалгаж буй аж.
Хятаджсан Алс Дорнод
1,3 сая хүн амтай Хятад улсад тариалангийн газрын хүрэлцээ маш муу. Гэхдээ уг асуудлын шийдлийг хилийн цаана олж болно. ОХУ-ын асар уудам газар нутаг дээр ердөө 141 сая хүн амьдардаг. ЗХУ задарч хамтралын аж ахуй алга болсноор бүх тариан талбайн дөрөвний нэг нь ашиглалтгүй орхигджээ. Энэ бол манай гариг дээрх хамгийн том тариалангийн талбайн нөөц юм. Алс Дорнодод дөнгөж зургаан сая орос амьдардаг.
Гэвч нөхцөл байдал аажмаар өөрчлөгдөж байна. Хятадын «Синьхуа» агентлагийн мэдээлснээр Биробиджан болон Хабаровскийн хязгаарт зөвхөн 2012 онд хятадууд 426 мянган га газрыг эзэмших эрх авчээ. Тэд өөрсдийн компанийг байгуулж, ажилчдаа Хятадаас авчирдаг.
Алс Дорнод дахь хятад ногоочин
ОХУ-ын Алс Дорнодод орших Еврейн автономит тойрогт амьдардаг 28 настай Ли хэмээх хятад залуугийн ажлын урт өдрөө дуусав. Тэр соустай гахайн хавиргыг хятад архиар даруулан зооглоно. Гадаа -20 градус хүйтэн ч гахай, үхэр тэжээхэд зориулсан шар буурцгийн ургац хураалт үргэлжилсээр.
Ли Asahi Shimbun гэх Япон сонины сурвалжлагчид “Оросод ирснээр миний орлого 10 дахин нэмэгдсэн” гэж сэтгэл хангалуун ярина. Хятадад тэр энгийн хятад тариачныхаас хоёр дахин их газартай байв. Харин Оросод наймуулаа нийлээд 300 га газрыг түрээсэлдэг. Тэд бүгдээрээ Манжуурт үйл ажиллагаа явуулдаг “Baoefengshou” нэртэй Хятадын хөдөө аж ахуйн компаний төлөө ажилладаг. Уг компани Алс Дорнодод 4,7 мянган га газрыг түрээсэлж шар буурцаг тариалдаг бөгөөд удахгүй дахин дөрвөн мянган га-г авах ажээ. Ургуулсан шар буурцгаа үхрийн тэжээл ихээр дутагддаг Хятад улсдаа экспортолдог.
Хятадууд Алс Дорнодод тариалан эрхлэхийн зэрэгцээ тэндхийн орос эмэгтэйчүүдтэй гэрлэх тохиолдол олон
Сибирт шар буурцгийн ургац хураалт явагдаж байх зуур Урал дахь Останино тосгонд хятадууд хүлэмжид ургуулсан улаан лоолио хайрцаглаж байдаг. Өмнө нь Екатеринбургт наймаа хийдэг байсан нэгэн сүйхээтэй хятад соёлт нийгмээс гээгдсэн энэхүү тосгонд хэдэн жилийн өмнө ирсэн байна. Социализмын үед хамтралын гишүүн байсан тосгоны оршин суугчид өмч хувьчлалаар газраа үнэгүй авсан байлаа. Харин тэр газрыг дээрх хятад хүн хямдхан худалдан авч Golden Land нэртэй компанийг байгуулж эх орноосоо ажилчид авчирчээ. Тэд тэндхийн дэлгүүрээс архи, хиам, янжуур хангалттай худалдаж аваад олон таван үггүй сарампай оромжинд амьдардаг ажээ.
Энэ зуур компани орон нутгийн зах зээл дээр тарьсан улаан лоолио борлуулж бизнес нь цэцэглэсээр. Компаний эзэн өөрөө Харбин хотод байнга амьдарч Хятадын тосгодоор ажилчид илгээх ажилтай. Ажилчид дутагдахын зовлон байхгүй. Манжуур болон тэндхийн гурван мужид л гэхэд 100 орчим сая хятад амьдардаг. Сарын 650 долларын цалингийн төлөө (Golden Land компаний санал болгодог цалин) олон хятад хүн гуравдугаар зэрэглэлийн вагонд Сибир хүртэл чихцэлдэн явахад бэлэн.
Сарын 650 долларын цалингийн төлөө олон хятад хүн гуравдугаар зэрэглэлийн вагонд Сибир хүртэл чихцэлдэн явахад бэлэн.
Golden Land бол Свердловск мужид байдаг есөн том хятад компаний зөвхөн нэг нь юм. Түүнээс ч илүү тооны компани хөрш зэргэлдээ Челябинск мужид бий. Тэр байтугай Хятадууд гэрээс нь олон мянган километрын зайд орших Москва, Петербургийн орчим ногоо тарьдаг.
Останино тосгоны оршин суугч Владимир Баласаняны ярьж буйгаар хэдийгээр Оросын Засгийн Газар орос хүн өөрийнхөө талбай дээр ажиллаасай гэдэг ч орос тариачид өөрсдөө ажиллахыг хүсдэггүй ажээ. Одоо Владимир Баласанян Хятадын компанид бригадын ахлагчаар ажилладаг, харин үүнээс өмнө Хятадууд газар худалдаж авахын тулд түүний овог, нэрийг ашигладаг байжээ.
Хятадууд нутгийн иргэдтэй найрсаг харилцаатай байхыг хичээж ажилд нь тусалсан хүн болгонд үнэгүй улаан лооль өгдөг байна. Гэхдээ ихэвчлэн настай хүмүүс ирдэг ажээ.
Сарыг хулгайлах төлөвлөгөө
2013 оны 12 дугаар сарын 14-нд Хятадын саран дээр явагч “Хаш туулай” хэмээх робот сарны тоосон шуурганд өртөж унтах горимдоо шилжиж чадалгүй гацсан билээ. Нарны гэрлээр ажилладаг учир 14 өдрийг наргүйгээр өнгөрөөх болсон нь түүний хувьд «амьд гарах» боломжийг багасгав. Шөнө болгон тэрээр “Эх дэлхий минь, хүн төрөлхтөн минь сайхан амраарай” гэж хэлдэг байв.
“Хаш туулай” саран дээр нүх гаргаж сарны хөрсний найрлагыг тогтоох эцсийн зорилготой байв. Хятадуудын үзэж буйгаар сарны эрдэс баялгийг олборлож болох аж. Резерфорд Эплтоны лабораторийн сансрын хэлтсийн захирал Ричард Холдавэйн (Richard Holdaway) хэлснээр арилжааны үндэслэл бий болвол Хятадууд саран дээрх ашигт малтмалыг олборлох төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжийг судалж буй гэнэ.
Хятадын саран дээр явагч "Хаш туулай" робот.
Хэрэв уг төлөвлөгөө хэрэгжиж эхлэвэл хууль зөрчсөн гэх үндэслэлгүй. Яагаад гэвэл Сарны тухай олон улсын хууль дүрэм Хятадын санаархлаас «хол хоцорсон» аж. Онолын хувьд мөнгө нь байвал хэн ч байсан маргааш ч хамаагүй сансрын хөлгөөр саранд очоод үнэт чулуу олборлож, дэлхийд эргэж ирээд хамгийн өндөр үнэ санал болгосонд нь зарах үүд хаалга нээлттэй. Хятадууд сарыг задалж, хэсэг хэсгээр нь зарсан ч олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчихгүй. Үүнийг хориглох шаардлага байна уу үгүй юу гэдэг энгийн асуултад хариулах хэрэгтэй.
“Сарны баялаг” гэдэг ойлголт ямар нэгэн шинжлэх ухааны уран зөгнөл биш. Саран дээр олборлох зүйл бий гэдэгт эргэлзэх хэрэггүй гэж Холдавэй үзэж байна.