С.Одонтуяа: Хүнтэйгээ ажиллахгүй орхигдуулснаас болж гэр бүлийн харгис хүчирхийлэл гарч байна
-Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтдаа-
Монгол Улс Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуультай болоод 11 жил болж байна. Гэсэн хэдий ч гэр бүлийн хүчирхийлэл буурахгүй байгаа төдийгүй, гэр бүлийн хүчирхийлэлд өртөн олон хүн эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байгаа юм. Тиймээс УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг шинэчлэн найруулж намрын чуулганд өргөн барихаар болжээ. Тус хуулийн талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа ярилцлаа.
-Хоёр хоногийн дараа Мартын 8-н буюу эмэгтэйчүүдийн баяр болох гэж байна. Энэ баярыг УИХ-ын эмэгтэй гишүүд хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг вэ?
Энэ баяр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын тулд анх үүссэн. Энэ жилийн хувьд хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөөд байгаа дээр бодитой алхам хийх хэрэгтэй гэж үзэж байгаа. Энэ утгаараа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль дээр эмэгтэй гишүүд нэлээд ажилласан. Өргөн баригдахад ойртсон байхад Засгийн газар эргээд татсан. Өнгөрсөн долоо хоногт би ТББ-тай хамтраад Засгийн газарт энэ хуулийг яаралтай өргөн барь гэсэн шаардлагыг хүргүүлсэн.
Ингэхдээ энэ хууль заавал бие даасан хууль байх ёстой гэсэн. Энэ хуулийг яаралтай батлуулахын төлөө бид ажиллана. Хоёрдугаарт хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлын тал дээр дэвшил гарсан. Ослын даатгал, зориулалтын хувцас хэрэглэл, хяналт тавих байгууллагууд дэвшилттэй ажиллаж байна.
Бид нэг талаасаа Монголын уламжлалт зан заншил, өв уламжлалаа хөгжүүлэхийн төлөө ажиллана. Нөгөө талаасаа хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудлыг хатуу тавина. Тиймээс бид өвлийн улиралд бага насны хүүхдүүдээр морь унуулахгүй байх хуулийн төслийг санаачлан Засгийн газарт санал авахаар өгсөн. Үүнийг Мартын 8-наар өргөн барихаар бэлтгэж байна. Энэ нь маш товчхон хууль.
16 нас хүрээгүй хүүхдээр эрсдэлтэй буюу өвлийн улиралд морь унуулахаа болъё. Том хүмүүс унаж болно. Угаасаа Засгийн газраас хурдан морины бооцоот уралдааны хууль өргөн баригдах гэж байгаа. Энэ хуульд 16 наснаас дээш буюу мэргэжлийн унаачаар унуулах юм.
-Манай улс Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуультай болоод 11 жил болсон хэдий ч гэр бүлийн хүчирхийлэлд өртөн амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа иргэдийн тоо буурах нь бүү хэл нэмэгдэж байна. Энэ юутай холбоотой вэ?
Монголчуудын нийтлэг ойлголт буюу эр эмийн хооронд илжиг бүү жороол, олгой хагаравч тогоон дотроо гэсэн үзэл бий. Энэ бол үр хүүхдээ зөв хүмүүжүүлээд явж байгаа хэсгийн тухай биш сэтгэл санаа, бие мах бодийн хүнд гэмтэл, дарамт учруулж байгаа хэсгийг хамгаалах асуудлыг бид яриад байгаа юм. Өмнө нь бид хатуу, зөв хууль гаргачихсан байсан бол гэр бүлийн асуудал маргаан төдийхнөөр дуусч болох байсан. Гэтэл ийм хуульгүй учраас ядарсан хэсэг рүү хүчирхийлэгчид дайрч байна.
Тиймээс энэ асуудал дээр онцгой анхаарах хэрэгтэй. Нөгөө талаараа бид сүүлийн 25 жил мөнгө, ажил, амьдрал, орлого, цалин гэж гүйсээр байгаад хүүхдийнхээ хүмүүжлийн асуудлыг орхигдуулсан байна. Социализмын үеийн хамгийн авууштай зүйл нь хүнтэйгээ ажиллаж байсан. Зах зээлийн нийгмийн үед бид энэ зүйлээ орхигдуулсан байна.
Эцэг эхчүүдийн зарим нь Солонгос, зарим нь уул уурхай руу явж ажил хийсэн. Ингээд хүүхдийн хүмүүжил орхигдсон гэж хэлж болно. Үүн дээр төр засгаас нэгдсэн бодлого явуулаад, хөрөнгө мөнгийг нь батлаад ажиллавал энэ гажуудлыг засах бүрэн боломжтой.
-Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг намрын чуулганд өргөн барина. Энэ хуульд хүүхдийн эрхийг хамгаалах зүйл заалт орсон уу?
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль нь
- Урьдчилан сэргийлэх,
- Гарсан хэрэг дээр гэрч, хохирогчийг хамгаалж, аюулгүй байдалд байлгах,
- Дахиж гэмт хэргийн золиос болохгүй байх гэсэн үндсэн чиглэлтэй.
Хүүхдийн асуудал тусгайлан заалт болоод орсон. Үүнийг Засгийн газраас ямар байгууллага хариуцах, нийгмийн ажилтнууд юу хийх, орон нутгийн засаг захиргаа ямар үүрэгтэй юм гээд нэг бүрчлэн тусгасан. Хамгийн чухал асуудал нь энэ хуульд холбогдох төсөв, мөнгийг батлуулахыг үүрэг болгосон.
Өмнө нь бол сайхан заалтууд байсан хэдий ч төсөв байдаггүй. Төсөв байхгүй учраас сургалтаа хийж, хамгаалах байр бий болгож чадахгүй, гацаанд ордог. Тиймээс төсөв хөрөнгийн асуудлыг хамтад нь шийдэх учраас Засгийн газарт өргөн барихад бэлэн болоод байгаа.
Ер нь энэ хүчирхийлэл үйлдэж байгаа этгээдүүд дандаа өөрийгөө хамгаалах чадваргүй тэр хэсэгт халддаг. Эргээд бид тэр хүмүүст хоёр дахин хүчтэй цохилтыг хуулийн дагуу өгөх ёстой гэж бодож байна. Төсөвгүй бол амжилтад хүрэхгүй, хуурай хууль болно. Өмнө нь гэрч, хохирогчийг хамгаалах тал дээр тодорхой ахиц байгаагүй. Хүн өөрөө шүүхээр явдаг, өөрөө бүх хохирлоо тооцуулдаг байсан учраас хохирогч давхар хохироод байдаг.
Тиймээс эдгээр асуудлыг шинэ хуулиар зохицуулж өгч байгаа. Шүүхээр шийдвэрлүүлсэн бүх хэрэг хорих ялтай байдаг байсан. Одоо бол бүх хэрэг хорих ялтай биш, өмнө нь шат дараатай арга хэмжээнүүдийг авах нь. Тусгаарлах, электрон гав, олон төрлийн сургалтууд байж болно.
-Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь энэ хуулийн том хэсэг гэж байна. Тэгэхээр хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Урьдчилан сэргийлэх ажлыг бүх түвшинд зааглаад өгчихсөн байгаа. Жишээлбэл Засгийн газрын түвшинд ямар байгууллага хариуцаж, ямар ажил хийх, орон нутаг, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, иргэд ямар үүрэгтэй байхыг тодорхой зааж өгсөн.
-Хөрш айл нөхөр нь эхнэр хүүхдээ зоддог, дарамталдгийг мэдэж байгаа хэр нь холбогдох байгууллагад мэдэгдээгүй. Түүнээс болж хүний амь нас, эрүүл мэнд хохирсон тохиолдолд хариуцлага хүлээлгэх зүйл, заалт орсон уу?
-Иргэд хариуцлагагүйдээ бус хууль сайн мэддэггүй. Ядаж л тэр тусламжийн утас руу залгаад хэлэх ёстой гэсэн мэдээлэл байдаггүй. Нөгөө талаараа гэр бүлийн хүчирхийллийг холбогдох байгууллагад эртхэн хэлэхгүй бол нийгмийн маш том асуудал үүсдэг гэдгийг ухамсарладаггүй.
Нөгөө л нэг сэтгэхүйтэй холбоотой. Авгай, нөхөр хоёр хэрэлдэж байхад бидэнд ямар хамаатай юм гэж хандах сэтгэлгээ. Өмнө нь гэрч энэ талаар мэдээлэл өгөхөд түүнийг хамгаалах тогтолцоо байдаггүй байсан. Одоо энэ бүхийг хуульчилж өгч байгаа. Тиймээс одоо бид хуулиа хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, олон нийтэд танилцуулах хэрэгтэй.
-Шинэчилсэн хуулийн төсөл өмнөх хуулиасаа ямар зүйл заалтаараа илүү болсон гэж үзэж байгаа вэ?
Өмнөх хууль дээр урьдчилан сэргийлэх заалтууд их бага байсан. Харин одоогийн хуулиар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх заалтуудыг сайн оруулсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй ганц цагдаагийн байгууллага тэмцэх бус нийт ард түмэн тэмцэх ёстой. Хөрш айл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа мэдвэл ямар үүрэгтэй, тухайн нутгийн хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан, Засгийн газар, ТББ-ууд, Цагдаагийн байгууллагын эрх үүрийг нэлээн нарийвчлан зааж өгсөн. Тус бүр дээр нь холбогдох төсвийг УИХ-аар батлуулах заалт орсон.
-Дэлхийн улс орнуудад гэр бүлийн хүчирхийлэл ямар түвшинд байдаг бол. Тэд гэр бүлийн хүчирхийлэлтэйгээ хэрхэн тэмцдэг вэ?
Өндөр хөгжилтэй орнуудыг судлаад байхад гэр бүлийн хүчирхийлэл нэлээн тулгамдсан асуудлын нэг байдаг юм билээ. Хэлбэрээ өөрчилдөг. Манайх архи, ядуурлаас гэр бүлийн хүчирхийлэл үүсч байгаа бол хөгжилтэй орнуудад эд хөрөнгийн маргаан, өв залгамжлалын асуудлаас үүсдэг. Тиймээс бид энэ хуулийг яаралтай баталж гаргахгүй бол хөгжлийн үе шатаас үл хамааран нэмэгдээд байх магадлалтай.