2016.12.22

О.Баасанхүү: Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой бусад хууль болон утааны асуудлыг оноос өмнө шийдэх хэрэгтэй

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 4асуудал хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудлын эхэнд "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төсөл багтаж байгаа юм. Тэгвэл энэ хууль батлахтай холбогдуулан О.Баасанхүү гишүүний асуулт асуусан юм. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

"Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн гол гэж хэлж болох хууль нь батлагдах юм шиг байна. Бусад хууль нь хэзээ орж ирэх вэ? Энэ хууль цогцоороо явж байж хүчин төгөлдөр болно.

Манай эмэгтэй гишүүд энэ тал дээр жаахан идэвхитэй ажилламаар байна. Хаусд амьдардаг Ц.Нямдорж дарга нарын хүмүүс утааны зовлонг  мэдэхгүй байж болно.

Утааны хор нөлөө ард түмэнд яаж нөлөөлж байгааг бид бүгд мэдэж байгаа. Ээжүүд үр хүүхдийнхээ эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа утааны асуудлаар жагсаал хийнэ гээд явж байна. Манай эмэгтэй гишүүд энэ асуудлыг үнэхээр дэмжиж хэлэлцүүлмээр байгаа бол ээжүүдтэй хамт жагсаж болно шүү дээ.

Байгаль орчны байнгын хорооны дарга та Сонгино-Хайрхан дүүргээс нэр дэвшсэн хүний хувьд тэр орчимын утаа ямар хэмжээнд хүрээд байгааг сайн мэдэж байгаа байх. Зайсанд амьдарч байгаа хүмүүст ч авилгадахгүйгээр хүрч байгаа ганц хүчин зүйл нь утаа болж байгаа.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг батлах гэж байгаа бол бусад дагалдах хуулиудыг нь ч гэсэн энэ онд багтааж оруулж ирэх хэрэгтэй байна. Мөн энэ ондоо багтаж утааны асуудлаа ч хэлэлцэж шийдээч гэж хэлмээр байна."

Н.Оюундарь: Энэ хуулийн төлөө эрэгтэй, эмэгтэй гэлтгүй олон гишүүн идэвхи, зүтгэл гаргаж байгаа та санаа зоволтгүй

"Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбогдох хуулийн тухайд миний бие ахлаж бусад эмэгтэй гишүүд оролцсон ажлын хэсэг гарч идэвхи санаачлагатай ажилласан. Энэ асуудалд эмэгтэй гэлтгүй эрэгтэй гишүүд ч санаа зовж орон нутагт энэ хуулийн хэрэгжилт ямар байгаа тухайд ч газар дээр нь очиж ажилласан.

Энэ хуулийн төсөлтэй холбоотойгоор нийт 14 хуульд өөрчлөлт орж байгаа. Анхны хэлэлцүүлгээр 9 хуульд өөрчлөлт орсон бол өнөөдрийн байдлаар 4 хуульд өөрчлөлт орохоор яригдсан байгаа.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д анхны хэлэлцүүлгээр гарсан саналыг үндэслэн байнгын хорооноос нэмэлт хуулиудыг нэмж оруулж болно гэсэн заалт байдаг. Энэ хуулийн заалтын дагуу гэр бүлийн хүчирхийлэлийн хуулийн төсөл батлагдсаны дараа нэмэлт 4 хууль хэлэлцэгдэх юм. Тиймээс О.Баасанхүү гишүүнээ та санаа зовох хэрэггүй."