2020.05.12

Гэр бүлийн хүчирхийллийг зөрчилд бус гэмт хэрэгт тооцдог болов

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2004 онд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр 2007 онд тус тус батлагдан хэрэгжиж, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчыг хамгаалан байрлуулах, утсаар зөвлөгөө өгөх болон нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг байгуулан хохирогчдод үйлчилгээ үзүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа боловч Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зохицуулалт оновчтой бус, байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий, салангид байдлаар тусгаж, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах журмыг орхигдуулсантай холбоотойгоор хүчирхийллийн гаралт буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих болсон байна.

Иймд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах зарчимд нийцүүлэн хуулийг шинэчлэн баталсан. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлан гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, гэр бүлийн бусад гишүүдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг уг хуулиар тогтоосон юм. Хуулийн шинэчилсэн найруулгад хохирогчийн нэр төрийг хүндэтгэх, үл буруутгах, аливаа хэлбэрээр ялгаврлан гадуурхахгүй байх, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах, хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг шуурхай хангах, нууцлалыг хамгаалах зэрэг өөрчлөлтүүдийг оруулсан.

Хуульд орсон гол заалтууд:

- “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан баг” гэсэн нэр томъёоны тодорхойлолт шинээр нэмж, мөн төслийн 3 дугаар зүйлд заасан этгээд хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэл гэж өөрчлөн тодорхойлж, хохирогч хүүхэд гэсэн нэр томъёог гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд гэж өөрчлөх

- Хохирогч гомдлоосоо татгалзсан, эсвэл хүчирхийлэл үйлдэгчтэй эвлэрсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг зогсоох үндэслэл болохгүй гэсэн нь энэ хуулийн зохицуулах хүрээнд хамаарахгүй тул хасах

- Гэр бүлийн хүчирхийллийн талаарх статистик, тоо бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх, мэдээлэл солилцох журмыг холбогдох яамд тус тусдаа батлуулахаар байсныг өөрчилж, Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах

- Хүн амын тоо, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг харгалзан, орон нутгийн төсвийн хөрөнгөөр нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байр байгуулах асуудлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын шийдвэрлэх

- Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас хорих ял шийтгүүлсэн этгээдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, баривчлах, албадан сургалтад хамруулах шийтгэл хүлээсэн этгээдэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх, цагдаагийн байгууллага зан үйлд нөлөөлөх албадан сургалтыг тус тус зохион байгуулахаар өөрчилсөн болно.

Хууль батлагдснаар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг эрт илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах төрийн байгууллагын бүтэц, төрийн байгууллага, албан тушаалтнуудын оролцоо, гүйцэтгэх үүрэг, эрх хэмжээ, тэдгээрийн үйл ажиллагааны уялдаа холбоог нарийвчлан зохицуулахтай холбогдсон эрх зүйн орчин боловсронгуй болсон юм. 

Ц.Соёлмаа