2016.12.13
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2016.12.13/ хуралдаанаар Засгийн газраас энэ оны есдүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад байнгын хорооны гишүүдээс гаргасан 80 гаруй зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг Ажлын хэсэг судалж, боловсруулах шаардлагатай гэсэн шалтгаанаар хойшлуулаад байсан юм.
Өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэдийн гаргасан найруулгын шинжтэй зарчмын зөрүүтэй саналын 79 томьёолол тус бүрээр санал хураалт явууллаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, М.Оюунчимэг, Х.Нямбаатар нарын гаргасан саналуудыг тус бүрээр хэлэлцэн, Ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авч шийдвэрлэсэн юм.
Ийнхүү Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.