Бие даагчид ордноос гарч тэмцэж магадгүй
УИХ дахь Бие даагчдын бүлэг
2015.02.02

Бие даагчид ордноос гарч тэмцэж магадгүй

УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс УИХ, байнгын хороодоор хэлэлцэх асуудлаар байр сууриа илэрхийлж өнөөдөр мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Ажил хийх биш томилгоо хийсээр маш их цаг алдаж байна. Энэ долоо хоногт л гэхэд УИХын дэд хорооны дарга нарын томилгоог хийнэ. Томилгоо сум, баг, хороонд үргэлжилсээр сонгуультай  золгох нь. Дээрээс нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн  иргэдийн гар утсаар авч буй санал асуулга гэгчийн цаад утга санаа нь юу болохыг гайхаж байна. Өлсөх үү, Оюутолгойг хөдөлгөх үү сонго гэж тулгаж байна. Уг нь Оюутолгой хэдийн хөдөлчихсөн, 2014 онд хоёр их наяд төгрөгийн борлуулалт хийсэн,

2015 онд  гурван их наяд төгрөгийн  борлуулалт хийнэ. Гурван их наяд гэдэг бол Монгол Улсын төсвийн 70 хувь. Ингээд Оюутолгой хэдийнэ эхэлчихээд байхад хөдөлгөх үү гэж асууж байгаа нь ойлгомжгүй байна. Миний сонссоноор Риотинтог гадны нэг компани худалдаж авахаар хэлэлцээ хийж байгаа.

Харин Риотинтогийн 19 хувийг эзэмшдэг “Чанелко”  зөвшөөрөхгүй байгаа юм. Энэ хэлэлцээр ирэх 4-р сард дуусах ёстой. Үүнтэй холбоотойгоор л ард иргэдээс Оюутолгойг хөдөлгөх үү, өлсөх үү гэдэг сонголт асууж байна.

Тавантолгойн хувьд бол өөр хэрэг” гэлээ. Тэрбээр энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх  “Урт нэртэй” хуулийн дагаж мөрдөх журмын өөрчлөлтөөр энэ хуулийг алга болгох санаархал явж байгаа тул Төрийн ордноос гарч, тэмцэлд нэгдэхэд бэлэн байгаагаа энэ үеэр  дуулгалаа.

 УИХ-ын гишүүн С.Ганбаатар мөн л Ерөнхий сайдын явуулж буй санал асуулгад шүүмжлэлтэй хандаж байсан. Тэрбээр Ч.Сайханбилэг үнээгээ идүүл, эсвэл үнээнийхээ сүүг өг гэдэг сонголт тулгаж байна.  Гурав дахь сонголт байх ёстой” гэлээ.

Мөн энэ долоо хоногт хэлэлцэгдэх Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, Соёлын тухай хууль, Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслүүдэд саналаа тусгаж, анхаарч ажиллахаа Бие даагчдын зөвлөлөөс мэдэгдлээ.