Д.Батцогт: Татварын асуудалгүй компани ховор байгаа
Эдийн засгийн өршөөлийн хууль УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэгдэж буй. Тус хуулийн талаарх УИХ-ын гишүүн Д.Батцогтын байр суурийг сонслоо.
-Ерөнхий сайд эдийн засгийн хямралаас гарах хоёр зам байна гэсэн. Таны бодлоор аль замаар нь явбал илүү үр дүнтэй вэ?
Олон нийтийн санал асуулгын тухай хууль гэж бий. Энэ дагуу ард түмнийхээ саналыг аваад, асуудлаа шийдээд явдаг. Энэ бол шууд ардчиллын нэг хэлбэр. Гэхдээ бид эдийн засаг хүнд энэ цаг үед эдийн засгийн төслүүдээ явуулах тал дээр анхаарах шаардлага байна. Манайд улс төржилт маш их байна.
Ямар нэгэн асуудлыг улс төржүүлж, сөрөг муу болгож харуулдаг. Эдийн засгийн асуудлаа шийдэх бүрэн эрх УИХ, Засгийн газарт бий. Тэгсэн хэрнэ дотроо улс төржөөд байгаа учраас аргаа бараад ард түмнээсээ асууя гэж байна. Би хувьдаа Ерөнхий сайдын хэлж байгаа зүйлтэй санал нэг байгаа. Ажлаа явуулахын тулд бид ийм аргыг хэрэглэж болно.
-Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг баталснаар эдийн засагт хэдий хэмжээний мөнө төсөвт төвлөрөх боломжтой вэ?
Эдийн засгийн өршөөлийн тухай хууль гишүүдийн сөрөг байр суурь их бий. Шударга татвараа төлж байгаа хэсэг нь хохирох юм уу. Байж байгаад л өршөөлийн хууль батлаад татварын өртэй байгууллагуудыг өршөөдөг нь зөв үү гэсэн байр суурьтай иргэд маш их бий.
Гэхдээ өнөөдрийг хүртэл явж ирсэн туршлагаас харахад татварын ямар нэгэн асуудалгүй компани их ховор гэж бодож байна. Бүгд л хоёр данстай, хоёр бланс гаргаад явж ирсэн нь нууц биш. Хууль хяналтын байгууллагууд аж ахуй нэгжүүдийг дарамталж байна гэдэг хэл ам их гарч байгаа. Гэхдээ энэ нь эргээд нөгөө татварын өр, нуун дарагдуулснаас болоод хууль хяналтын байгууллагын хараа хяналтад их байдаг. Эдийн засгийн хямралтай үед бид баялаг бүтээгчдээ нэг удаа боломж олгох нь зүйтэй. Би бол энэ хуулийг дэмжиж байгаа.
-“Монгол газар” компани шүүхээр баталгаажуулаад дампуурлаа зарлана гэж байна. Сайн дураараа дампуурлаа зарлаж байгаа компаниудаас төрд ирэх хохирол гэж байх уу?
Ер нь хувийн компаниудын эрсдлийг төр даана гэдэг ойлголт байхгүй. Татвараа ядаж төл. Алданги, торгуулиас чөлөөлье гэсэн санал гаргаж байгаа хэсэг бий. Эдийн засгийн өршөөлийн хуулийг ард иргэд ч зөвөөр ойлгож хүлээж авах нь чухал.
УИХ-ын гишүүд өөрсдийнхөө компанийг татвараас чөлөөлөх гэж ийм хууль батлах гэж байна гэж ойлгох бус, жирийн баялаг бүтээгчид, олон ажлын байр бий болгоод явж байгаа компаниудынхаа дарамтыг багасгах тал дээр анхаарах нь зөв гэж бодож байна.