Г.Баярсайхан: Ерөнхий сайд өөрөө популист мэдэгдэл хийлээ
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2015.01.30

Г.Баярсайхан: Ерөнхий сайд өөрөө популист мэдэгдэл хийлээ

УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.

-Ардчилсан хүчний холбооны их хурал ирэх ням гаригт болох зар түгсэн байна лээ. Та энэ холбоондоо байгаа юу?

Ардчилсан хүчний холбоо бол төрийн бус байгууллага. Энэ байгууллагын №5 дахь үнэмлэх нь минийх байдаг юм. Өөрөөр хэлбэл, Ардчилсан хүчний холбоо, “Шонхор" фракцыг би байгуулалцсан. Дэд ерөнхийлөгчийнх нь сонгуульт ажлыг хийдэг.

1990 онд МоАХ нийт Монголын ард түмний хүсэл эрмэлзлэлээр байгуулагдаж байсантай ижил таван жилийн өмнө Ардчилсан хүчний холбоог байгуулсан даа. Нийгмийн шаардлагаар энэ холбоог байгуулснаас хойш таван жил өнгөрчихөж. Тэгээд бид энэ өндөрлөгөөс туулсан замаа эргэж нэг харъя л гэж байгаа юм. Холбооны их хурал тийм л зорилготой.

Манай холбоо бол нам харгалзахгүй гишүүнчлэлтэй явдаг. Тэгэхээр намын хурал энэ тэр гэж ойлгох хэрэггүй. Өнөөдөр үүссэн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг дүгнэе, цаашид яахаа цуглаж ярья гэж байгаа юм.

-Тэгэхээр “Шонхор” фракцдаа байгаа гэж ойлголоо. Ер нь танай фракцын асуудал шийддэг арга хэлбэрт өөрчлөлт орсон уу. Сая УИХ-ын дарга З.Энхболд АН- ын дарга болсноор фракцаасаа гарснаа зарласан. Түүнээс хойш нөхцөл байдал өөрчлөгдөв үү?

“Шонхор" фракц наймуулаа байгаа. Бид асуудлаа олуулаа яриад л шийддэг. Ардчилсан зарчим ямар байх ёстой, яг тэр дагуу л манай фракц явдаг. Аливаа асуудлыг олонхиороо шийддэг. Заавал олонхи гэхээргүй асуудлын тухайд тэр асуудал дээр ач холбогдол өгч байгаа гишүүд нь нийлээд фракцын шийдвэрийг гаргадаг.

Нэмээд хэлчихэд, манайх бол жинхэнэ сонгодог утгаараа явж байгаа фракц. Зарим фракц дээр шийдвэр зөвхөн даргынх нь үгээр гардаг. Хэдийгээр фракц нь хуралддаг ч дарга нь ганцаараа түр гарч орж ирэхдээ “Би ингэж шийдлээ” гээд л фракцын шийдвэрээ гаргачихдаг. “Шонхор” бол хэзээ ч тэгж байгаагүй. Олуулаа ярьж байгаад л шийдвэрээ гаргадаг.

-“Шонхор” фракцыг одоо Д.Ганхуяг гишүүн даргалж байгаа юу?

З.Энхболд намын дарга болсон учраас фракцын даргаар Д.Ганхуяг гишүүнийг сонгоё гэж бид шийдсэн.

-Сая Засгийн газрыг шинээр эмхлэн байгуулахад МАН засагт орж ирлээ. УИХ дотор ч албан тушаалын хуваарилалт өөрчлөгдлөө. Энэ бүхэнд “Шонхор” фракц ямархуу оролцоотой байв. Жишээ нь, та Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын суудлаа МАН-ын гишүүнд өгчихлөө.

Байнгын хорооны даргын хувьд жил бүр сонгогдоод явдаг албан тушаал. Би хоёр удаа улирсан. Тэгээд ажлаа өгсөн. Ер нь байгаа юмыг байгаагаар нь л хэлье. УИХ дээр фракцууд улс төрийн албан тушаалыг бүгдийг нь хувааж авсан юм. Манай “Шонхор” фракцад нэг Байнгын хорооны квот ирсэн.

Тэр квотыг бид ярьж байгаад Д.Батцогт гишүүнд өгсөн. Одоо Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороог даргалаад явж байна.

Байнгын хорооны даргын хувьд жил бүр сонгогдоод явдаг албан тушаал. 
-Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат танай фракцад ороогүй юм уу. “Шонхор”-т элсээд, шонхор шувууны баримал авч байгаа зураг нь хүртэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан шүү дээ. МоАХ-ноос “Шонхор” руу ороогүй юм уу?

Ер нь бол бидний үзэл бодол ойролцоо байдаг. Жишээ нь, би МоАХ угшилтай “Шонхор" гэж явдаг. Манай С.Эрдэнэ гишүүн ч адилхан. Тэгэхээр үзэл баримтлал нэг гээд ойлгочихож болно. Мэдээж МоАХ фракцыг УИХ дээр бол Х.Баттулга гишүүн ахлаад явж байгаа. Тэдний фракцтай олон асуудал дээр бидний санал бодол нэгддэг.

Д.Ганбат гишүүний хувьд “Шонхор"-ын зарим арга хэмжээнд оролцоод явдаг юм. Түүгээр нь “Шонхор"-т орчихсон гэж үзэхгүй. Бид хүнийг хүчлэхгүй шүү дээ. Энэ асуудал дээр та бүхэнтэй адил байр суурьтай байна гээд ирэх нь хэвийн л үзэгдэл.

-УИХ-д “Шонхор”-ынхон наймуулаа гэж та түрүүнд хэлсэн. З.Энхболд гишүүнийг тооцоод биз дээ. Тэгвэл АН-ын ҮЗХ-нд ямархуу “хөл”-тэй байгаа вэ. Сая зарим аймаг, дүүрэгт ҮЗХ- ны гишүүний нөхөн сонгууль боллоо. Танд мэдээлэл ирж л байгаа байх.

УИХ-ын “Шонхор" фракц дээр З.Энхболд гишүүнийг шууд тооцоод явах нь өрөөсгөл байх аа. Энэ хүн АН-ын дарга гэдгийг бүгд мэдэж байгаа. ҮЗХ-ны хувьд олон жил салхи ороогүй бугшсан бүтэцтэйгээ байгаа.

ҮЗХ-ны гишүүний ротацыг яаралтай явуулах хэрэгтэй гэдэг байр суурийг би намын даргад хэлж байгаа. Сая зарим газар нөхөн сонгууль болсон. Энэ бол зөв. Нам гэдэг байнга шинэ цусаар сэлбэж байх ёстой бүтэц. Гэвч "Алтангадас”-ыг олонхи байх үед, Н.Алтанхуягийг намын дарга байх үед намын амьдрал бүхэлдээ царцсан байсан.

Одоо харин өөрчлөгдөж байгаа бололтой. Манай Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нам дээр жагсаал цуглаан болж, дүүргийн намын дарга нар нөхөн сонгуулиар хамаатнуудаа ҮЗХ-нд орууллаа хэмээн шүүмжилж ярьж байгаа нь нам амилж буйн илрэл. Өөрөөр хэлбэл, ардчиллын механизм нь ажиллаад эхэлсэн. Үүнийг би хувьдаа зөв зүйтэй гэж үздэг.

ҮЗХ-нд ротац хийгээд явах нь, 228 гишүүнийг үргэлж сольж байж АН эрүүлжинэ. Сая хууч өвчинд баригдаад, цус нь гүйхээ больчихсон байлаа шүү дээ. Би хувьдаа нам өөрөө өөрийгөө шинэчлээд явж байх ёстой гэж боддог. Намын шинэ дарга ийм бодлого бариасай гэж боддог доо.

-Н.Алтанхуяг намын дарга байх үед АН-ын зарим гишүүн шүүмжлэлттэй хандаж  байсан. Нэг нь та. Тэр үед Н.Алтанхуяг даргыг намын Их хурлаас бус, ҮЗХ-ноос сонгогдсон дүрмийн бус дарга ч гэж хэлж байсан. Тэгвэл ҮЗХ-ноос сонгогдсон З.Энхболд одоо ямар дарга вэ. Дүрмийн үү, дүрмийн бус уу?

Н.Алтанхуягийг ҮЗХ-ноос нэрийг нь дэвшүүлээд батламжлаад явж байсан. Тэгж яваад байгаа л даа. Миний хувьд ҮЗХ-ны хуралдаан дээр намын даргын асуудал яригдлаа гэхэд их хурлаараа бас баталгаажуулаад явах нь зөв зүйтэй гэж хэлмээр байна. Тэгж байж илүү хууль ёсны болно.

Сая С.Ганбаатар гишүүн санал хураалгахад би “Дэд сайд хэрэггүй" гэдэг дээр л кнопдсон.
-Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдаад хоёр сар орчим боллоо. Энэ засгийн ажилд та УИХ-ын гишүүний хувьд ямар дүгнэлт өгөх вэ. Мэдээж хоёр сар гэдэг богино хугацаа, гэхдээ бүрэн эрхтэй нь,' өнөөгийн нөхцөл байдалтай нь харьцуулахад бас ч гэж боломжийн хугацаа санагдана.

Миний хувьд сүүлийн гурван Засгийн газрын аль нь илүү жинтэй шийдвэр гаргасан юм бэ гэж харьцуулж харж байгаа. Ингээд бодохоор хамтарсан Засгийн газар Оюутолгойн гэрээг хийж чаджээ. Энэ бол хамгийн их жин дарж байна. Харин шинэчлэлийн Засгийн газар бонд босгосон.

Гэхдээ бондынх нь зарцуулалт асуудал үүсгэсэн. Тэгэхээр арай бага жин дарж байна. Харин шийдлийн Засгийн газар дээр харахад өнөөдөртөө гялтайх юм алга. Би хувьдаа их л хүлээлттэй байсан. Гэвч байгуулагдаад хоёр сар боллоо.

Эхний сарууддаа л шийдвэр гаргаж чадахгүй бол хэцүү шүү дээ. Одоо тэр Тавантолгой байна. УИХ-ын хувьд аль ч Засгийн газрыг дэмжээд л явдаг. Ажиллах бүх нөхцөл бололцоог нь хангаад явдаг шүү дээ.

-Та Ерөнхий сайдын телевизэд өгсөн ярилцлагыг үзэж амжсан уу?

Би сониноос хальт харсан.

-Хоёр сонголтын талаар ярьж байсан. Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдээ шийдэх нэг зам, зардаг хэрэглээгээ бууруулах хоёрдахь замын тухай ярьсан. Та үүн дээр ямарбодолтойбайнавэ ?

Айлын хувьд гүйцэтгэх засаглал гэдэг эцгийн үүрэг гүйцэтгэж байна. Энэ айлыг тэжээх, мөнгө тогреголох гээд. Тиймээс шийдэмгий, зоригтой байх ёстой. Ер нь бол УИХ л ард түмнээсээ асууна. Харин Засгийн газар бол УИХ-ынхаа хяналт дор ажиллана. Тэрийг ойлгох хэрэгтэй.

Мөнгө олох гүйцэтгэх засаглалын ажлаа ард түмнээс асууна гэсэн нь миний санаанд лав буухгүй байна. Бүх хууль нь байна. Засгийн газар хуулийнхаа хүрээнд л ажиллахад болно шүү дээ. Ийм байхад юу асуух гээд байгаа юм бэ.

Бүх ардт үмнээсээ санал асуулга асуух гээд байгаа юм уу. Бид өмнө нь нэг удаа тусгаар улс байх уу гэж ард түмнээсээ асуучихсан шүү дээ. Одоо юу асуух юм. Энэ асуулт асууна гэж байгаа нь эргэлзэж, тээнэглзэсэн хүний л хийх зүйл.

Айлын хувьд гүйцэтгэх засаглал гэдэг эцгийн үүрэг гүйцэтгэж байна. 
-Еренхий сайд бол ард түмнээсээ нэг удаа асуухын буруу гэж юу байх вэ л гэж байна лээ.

Хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын зааг ялгаагаа нэг санаач гэе. Бид асуухаа асууна. Ерөнхий сайд харин юу асуух гээд байгаа юм.

-Энэ хоёрын замын алийг нь сонгох вэ л гэдгээ асуух гээд байгаа юм биш үү?

Хоёр замаар хоёулангаар нь л явна ш дээ, зэрэгцүүлээд. Гэхдээ ард түмний хэрэглээнд битгий ор. Тансаг хэрэглээтэй нь тансаг юмаа хэрэглээд л яваг. Яадаг юм. Иргэд өерийнхөө хэрэглэдэг зүйлийг хэрэглээд л яваг л дээ. Яаж амьдрахыг нь бид заагаад яахав. Харин төр нь өөрөө ядаж үлгэртэй байх л хэрэгтэй.

Жишээ нь, дэд сайд хэрэггүй гэж би шийдлийн Засгийн газрыг анх байгуулж байх үед хэлж л байсан. Сая С.Ганбаатар гишүүн санал хураалгахад би “Дэд сайд хэрэггүй" гэдэг дээр л кнопдсон. Энэ мэт том том асуудал дээрээ төр засаг нь үлгэртэй байх ёстой. Түүнээс Оюутолгой, Тавантолгой, төмөр зам гээд хийж болох арга чарга юу л байна энэ төслүүдээ Засгийн газар бүгдийг явуулах ёстой.

-Ер нь засгийн ажил ямархуу байна вэ?

Засгийн газраас оруулж ирж байгаа асуудал нь нэг л болохгүй байна. Амьдрал хүнд байхад Монголын ард түмнийг татвараар дарамтлах гээд байх юм. Хүүхдийн мөнгө, одонтой ээжүүдийн мөнгийг хасъя гэлээ. Приус машиныг татвартай болгоё гэсэн. Энэ мэт олон буруу юм хийгээд байлаа л даа. Эндээс харахад яг улс төрийн оновчтой алхам Ерөнхий сайдаас харагдсангүй.

Яагаад би ийм дүгнэлт хийв гэхээр Засгийн газар УИХ-д бодитой асуудал оруулж ирсэн бол 100 хувь дэмжээд л явна. Гэтэл өнөөдөр оруулж ирсэн асуудал болгоных нь 50 хувь унаад байна. Засагт нь намууд хамтарч, УИХ нь бүдүүн нэг том бүлэг болчихоод байгаа ийм үед уг нь бүх асуудал ногоон гэрлээр явдаг. Гэтэл яагаад явахгүй байна гэхээр засгийнх нь бодлого л буруу байна гэсэн үг.

-УИХ-д популист гишүүн олон байгаа юм биш үү. Тэгээд унагаад байна гэж Ерөнхий сайд хэлсэн шүү дээ?

Өөрийгөө тэгж өмгөөлж хамгаалах буруу байх аа. Тэр тусмаа Ерөнхий сайд хүний хувьд. Гишүүдийн популист, популист бишийг сонгогчид ялгачихна. Харин гишүүн гишүүнийхээ ажлыг дүгнэнэ гэж байхгүй. Би Ерөнхий сайдын ажлыг дүгнэх бол өөр. Одоо ч дүгнэчихье. Ерөнхий сайд өөрөө популист мэдэгдэл хийчихсэн.