Конвенциудыг дэмжив
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай 88 дугаар конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 88 дугаар конвенцийг тус байгууллагын 1948 оны 31 дүгээр чуулганаар баталсан бөгөөд конвенцид нийт 89 улс нэгдэн оржээ. Монгол Улсад хөдөлмөрийн салбарын бодлого, үйл ажиллагаа нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Жижиг, дунд үйлдвэрийн тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай зэрэг салбарын 10 гаруй хуулийн хүрээнд хэрэгждэг байна.
Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд нийгмийн зөвшилцлийн механизмыг хэрэглэж байгаа нь хөдөлмөр эрхлэлтийн бодлогын үр дүнг дээшлүүлэх, талуудын үүрэг, оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн нийгмийн зөвшилцлийн энэхүү бүтцийг Хөдөлмөрийн тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан нийгмийн зөвшилцлийн бусад бүтэцтэй үйл ажиллагааг нь нэгтгэж, хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг нэгдсэн үзэл баримтлалаар хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм байна.
Түүнчлэн энэхүү конвенцид нэгдэн орсноор зуучлалын бодлогыг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх, үр дүнг хянахад ажил олгогч, ажилчдын төлөөлөлтэй зөвшилцөх механизмыг бодлогын хүрээнд боловсронгуй болгох нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа аж. Энэхүү конвенцийг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжиж, нэгдэж орох нь зүйтэй гэж үзэв.
Дараа нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын тухай” 181 дүгээр конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцэв. Олон улсын хөдөлмөрийн байгууллага нь хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын ажиллах боломж, нөхцөл, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах хэм хэмжээг тогтоосон “Хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын тухай” 181 дүгээр конвенцийг 1997 онд баталсан бөгөөд одоогоор 28 улс нэгдэн оржээ.
Монгол Улсад 2012 оноос хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллага болох хөдөлмөрийн хувийн биржүүд байгуулагдаж, 2014 оны наймдугаар сарын байдлаар 44 аж ахуйн нэгж, байгууллага Хөдөлмөрийн төв биржийн зөвшөөрөлтэйгээр хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлж, төрөөс санхүүжих замаар үйл ажиллагаа эрхэлдэг байна.
Биржийн зэрэгцээ томоохон ажил олгогчийн захиалгат хүний нөөцийн компаниуд, онлайнаар ажлын байрны зар түгээж төлбөр авдаг байгууллагууд, гадаадын хөрөнгө оруулалттай компанид мэргэжлийн өндөр түвшний албан тушаалтныг зуучлах үйл ажиллагаа эрхэлдэг болон зөвшөөрөлгүй боловч сайн дурын үндсэн дээр ажлын байрны зуучлалын үйлчилгээ эрхэлж, ажил хайгч, олгогчоос шууд болон шууд бусаар төлбөр авч санхүүждэг байгууллага, аж ахуйн нэгж зэрэг хөдөлмөр зуучлалын олон хэлбэр бий болоод байгаа аж.
Энэ нь хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, шударга өрсөлдөөнийг бий болгох эерэг талтай ч хууль эрх зүйн хувьд зохицуулах боломжгүй байгаа нь хувийн хэвшлийн байгууллагаар дамжуулж гадаад, дотоод зуучлалын үйлчилгээ авсан иргэдийн хөдөлмөрлөх эрхийн баталгаа хангагдахгүй, эрх ашиг нь хохирох, амь нас эрсдэх, хүний наймаа, бэлгийн хүчирхийлэл зэрэг хууль бус үйл ажиллагаанд өртөх олон сөрөг үр дагавар бий болох нөхцөл байдлыг үүсгэж байгааг төсөл санаачлагч илтгэлдээ дурдав.
Иймээс дээрх конвенцид нэгдэн орж, түүний агуулгад нийцүүлэн хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын нэр томъёо, чиг үүрэг, хөдөлмөрийн зах зээл дэх үүрэг, оролцоо, хариуцлага зэрэг үйл ажиллагааны талаарх эрх зүйн нэгдсэн зохицуулалт, бүртгэл, төр, олон нийтийн хяналт, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх боломжийг бүрдүүлснээр үйлчлүүлэгч, зуучлуулагчдын хөдөлмөр, нийгмийн хамгааллын эрх ашгийг хамгаалах, хууль бус хөдөлмөр эрхлэлтэд өртөх, хөдөлмөрийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа аж.
Манай улс уг конвенцид нэгдэн орсноор улсын төсөвт ямар нэгэн нэмэлт ачаалал үүсэхгүй, түүнчлэн ямар нэг бүтэц байгуулах шаардлага гарахгүй. Харин Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд зохих өөрчлөлт оруулах шаардлага үүснэ гэдгийг Хөдөлмөрийн дэд сайд хэллээ. Монгол Улс уг конвенцид нэгдэн орох тухай хуулийг төслийг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжлээ.
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар “Антарктидийн тухай гэрээнд нэгдэн орох тухай” хуулийн төслийг хэлэлцсэн юм. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийн Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн танилцуулав.
Олон улсын геофизикийн жилийн хүрээнд Антарктидэд хамтарсан судалгаа хийсэн 12 улсын (Австрали, Аргентин, Бельги, Шинэ Зеланд, Норвеги, ЗХУ, АНУ, Чили, БНФУ, ӨАХУ, ИБУИНВУ, Япон) төлөөлөгчид Антарктидийн гэрээ байгуулах асуудлыг хэлэлцээд 1959 оны 12 дугаар сарын 1-нд “Антарктидийн тухай гэрээ”-нд гарын үсэг зурж, 1961 оны 6 дугаар сарын 23-нд хүчин төгөлдөр болжээ. Энэ гэрээ нь нийт 14 зүйлтэй бөгөөд уг гэрээнд Антарктидийг зөвхөн энхийн, цөмийн зэвсгээс ангид, судалгааны зорилгоор ашиглахыг тунхагласан Антарктидийн тухай анхны олон улсын эрх зүйн баримт бичиг юм байна.
Тус гэрээ нь өмнөд уртрагийн 60°-аас урагш орших нутаг дэвсгэрт үйлчлэхээр заасан байдаг аж. “Антарктидийн тухай гэрээ”-гээр тогтоосон энэхүү бүс нутаг нь олон улсын эрх зүйн дагуу олон улсын нутаг дэвсгэрт хамаарах бөгөөд “Антарктидийн тухай гэрээ”-нд нэгдэн орсон аливаа улс тус нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах эрхтэй юм байна.
Манай улс анх 1972-1974 онд Антарктид тивийг судлах олон улсын судалгааны багт өөрийн мэргэжилтнээ оролцуулж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд Монголын туйл судлаачид тус тивд судалгаа шинжилгээний ажил хийхдээ бусад улсын /ЗХУ, Болгар, Испани, Чили, Аргентин зэрэг/ судалгааны багийн бүрэлдэхүүнд орж ажиллах замаар судалгаа хийж ирсэн. Манай судлаачид дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цаашдын хандлага, цаг агаарын прогноз гаргах, далайн усны болон эрдэс баялгийн судалгаа хийхэд зохих хувь нэмрээ оруулж иржээ.
Манай улс энэхүү гэрээнд нэгдэн орсноор Антарктидэд өөрийн судалгааны багийг илгээх, судалгааны станцыг Антарктидэд байршуулах боломжтой болохоос гадна өөрийн орны ажиглагчийг тус тив рүү илгээж Антарктид судлалыг Монгол Улсад хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Гэрээг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжив.