Согтууруулах ундааны хуулиар завсарлага авлаа
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2015.01.28/ хуралдаанаар Согтууруулах ундааны хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. /Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг 2014.11.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, Засгийн газар 2015.01.20-ны өдөр өргөн мэдүүлсэн/
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нар тус тус танилцуулсан.
Согтууруулах ундааны хяналтыг судалгаанд суурилсан, бодитой байдлаар хэрэгжүүлэх, татварыг нэмэгдүүлэх замаар сөрөг үр дагаварыг бууруулах, бодлого тодорхойлоход ашиг, сонирхлын зөрчилтэй этгээдийн нөлөөг оруулахгүй байх зэрэг согтууруулах ундааны хяналтыг хэрэгжүүлэхтэй холбоотой тодорхой зарчмыг Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд тусгасан байна.
Мөн Засгийн газар согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрлийг төсөл сонгон шалгаруулах журмаар олгодог байхаар тусгаж, эрх бүхий байцаагчийн санал, дүгнэлтийг үндэслэн төрөл тус бүрээр олгож, хугацаагаар сунгаж, эсхүл хүчингүй болгохоор заажээ.
Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулгадаа, 2000 онд Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг баталсан. Энэ хуулийн гол зорилт нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлтэй байсан учраас энэ асуудал Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэгдэж байсан. Сүүлийн үед дэлхийн нийтийн чиг хандлага согтууруулах ундааны хор уршгаас бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилготой болж байгаа учраас энэ асуудал Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр орж ирж байгаа гэж ойлгож байгаа.
Өнөөдрийн байдлаар манай улсад согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий спиртийн 7, архины 57, шар айрагны 19, дарсны 10 нийт 93 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хавтгайруулан олгосноор зах зээл дэх архины нийлүүлэлт, хүн амын архины хэрэглээг нэмэгдүүлэх, чанарын шаардлага хангахгүй согтууруулах ундаа хэрэглэх үндэс болж байна. Статистик дүнгээс үзэхэд манай улсад гарсан нийт гэмт хэргийн гуравны нэг хувь нь хүнд, хоёрны нэг хувь нь онц хүнд хэрэг, нийслэлд гарсан гэмт хэргийн 57, 7 хувийг согтуугаар үйлдсэн байдаг. Үүнээс үзэхэд гэмт хэрэг гарах үндсэн шалтгаан нөхцөл нь архидан согтуурахтай шууд холбоотой байна. Иймд согтууруулах ундааны хэрэглээ, үйлдвэрлэлийг багасгахад чиглэсэн арга хэмжээ авах шаардлагатай байгаа гэв.
Хууль санаачлагчдын илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Д.Арвин, О.Баасанхүү, Я.Содбаатар, Ё.Отгонбаяр, С.Одонтуяа, Г.Баярсайхан, Ц.Оюунгэрэл, С.Ганбаатар нар асуулт асууж, тодруулга авлаа.
Мөн хуулийн төслүүдтэй холбогдуулан гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж үг хэлсэн юм. Гишүүдийн зүгээс сүүлийн үед архидалт багассан. Архины хязгаарлалт хийснээр шагийн бизнес, далд худалдаа цэцэглэнэ. Иймээс архины хэрэглээг багасгах, ямар түвшинд архидалт их байгаад анхаарал хандуулах, ухамсарлуулах, соён гэгээрүүлэх чиглэлд түлхүү ажиллах шаардлагатайг хэлж байсан юм. Нийгмийн сөрөг үзэгдэлтэй шууд хатуу аргаар тэмцэх бус харин хууль зөрчсөн тохиолдолд өндөр хариуцлага хүлээлгэх замаар явах нь зөв гэсэн байр суурьнаас хандаж байв.
Тухайлбал Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, эдийн засгийн хямралтай хүнд энэ үед архины хяналт, худалдааг чангатгах нь буруу. Энэ нь нэг талаас олон мянган хүний ажлын байртай холбогдоно. Хатуу хууль гаргаснаар хууль бус худалдаа, шагийг бий болгоно. Иймээс архи худалдаалах дагнасан цэг бий болгох цаг нь арай болоогүй байна гэсэн байр суурьтай байсан бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, олон янзын судалгаанаас үзэхэд архидалтыг багасгах хамгийн гол үр дүн бол хүний ухамсарт нөлөөлөх асуудал юм байна гэдэг дүгнэлтийг хийсэн.
Иймд эртнээс хүний ухамсарт нөлөөлөхийн тулд залуу хүмүүст хандсан заалтууд их байх хэрэгтэй . Мөн дөнгөж архинд орж эхэлж байгаа хүмүүсийг эртнээс ухамсарлуулж энэ байдлаас гаргахад зориулсан үйл ажиллагаагаар дэмжих шаардлагатай гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, хоёр хуулийн төслийн аль аль нь архины худалдаа, үйлдвэрлэл, жижиглэнгийн худалдаа, архины үйлчилгээ, хэрэглээ гээд бүх шатанд чангатгах чиглэлийн үзэл баримтлалаар орж ирсэн гэж ойлгож байгаа. Мэдээж Улсын Их Хурлын 76 гишүүн бүгдээрээ архины эсрэг, архидалтын эсрэг байгаа гэдэгт эргэлзэхгүй байгаа. Гагцхүү энийг яаж хуулинд зөв оруулах асуудал хамгийн чухал асуудал.
Архины эсрэг тэмцэнэ гээд архитай тэмцэх гээд байгаа хандлага буруу гэдэгтэй санал нэг байгаа. Архи худалдах тусгай зөвшөөрөл олгохдоо сонгон шалгаруулалт хийнэ, дуудлага худалдаагаар явуулна гэж байгаа нь зөв эсэхэд анхаарах хэрэгтэй. Архины хэрэглээг багасгах чиглэлийн асуудлыг эдийн засгийн хөшүүргээр зогсоох хэрэгтэй гэсэн саналтай байна. Харин шууд хориглох, хасах асуудлаар шийдэх нь үр дүнгээ өгөхгүй.
Гэхдээ зарим заалтуудыг дэмжих бололцоотой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Харин Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, энэ хуулийн төслийг маш удаан ярьж ,хуулийн талаас нь тодорхой хэмжээнд зохицуулалт хийе гэж байгаа. Хэрэглэгчдийн холбоо, Архины эсрэг тэмцдэг Төрийн бус байгууллагууд өөрсдөө энэ хуулийг гаргахыг хүсч дэмжиж байгаа гэсэн тайлбарыг хийж, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжихийг гишүүдээс уриалсан юм.
Ингээд гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа АН-ын бүлэг уг асуудлаар 5 хоногийн завсарлага авах Б.Гарамгайбаатар гишүүний гаргасан горимын саналыг байнгын хорооны дарга хүлээн авлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.