С.Ганбаатар: УИХ-ын дарга З.Энхболд, Р.Гончигдорж гишүүн хоёр улаан цайм хууль зөрчиж, шийдвэр гаргуулсан
УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.
-Бие даагч гишүүдийн хувьд Төсвийн тодотголыг хэлэлцэж байх үед дэд сайдуудыг хасах санал гаргаж, дэмжигдсэн. Гэвч гишүүд унасан саналыг босгоод батлуулчихсан. Тэгэхээр Үндсэн хуулийн Цэцэд хандсанаар энэ асуудлыг эргэн оруулж ирэх боломжтой хэрэг үү?
Бид дэд сайдын албан тушаалыг байхгүй болгоё гэдэг санал тавьсан. Яагаад гэвэл, монгол гэрийн дээд бүслүүрийг дээд зэргээр чангалж, дундынхыг нь боломжийн, доод бүслүүрийг гайгүй бүслээрээ гэсэн үг байдаг.
Тэгвэл өнөөдөр доод бүслүүрийг буюу жирийн ард иргэд, эмч, багш, бизнес эрхлэгчдийн бүсийг тасартал нь чангалаад дунд болон дээд бүслүүр нь тасраад алга болчихсон байна. Энэ тэнэг байдлаа зогсоохын тулд улстөрчид өнөөдөр “Биднээс болж хямарч байгаа.
Бид өөрсдөө үүрэлцэх ёстой гэдгээр улс төрийн албан тушаалтнууд дотроос бүсийг чангалах нь зөв. Дэд сайдуудын орон тоог хасъя, зардлыг нь байхгүй болгоё” гэдэг асуудлыг УИХ-д тавьсан, гишүүд дэмжсэн. Бас нэг бүлэглэл, фракцийн толгойлогч нарын тохиураар дандаа хөдөлдөг үү гэдгээ харуулж, гишүүд дэмжсэн.
Дараа нь Р.Гончигдорж, З.Энхболд, нам, бүлэглэлийн дарга нар дэд сайдуудаас мөнгө авчихсан баймааргүй юм. Мөнгө авчихсан юм шиг сандралдан гүйлдэж, гишүүдийн гаргасан шийдвэрийг хууль бусаар унагасан. Хууль бусаар унагасан учраас Р.Гончигдорж гишүүнээр санаачлуулсан энэ шийдвэрийг бид хуульчидтай зөвлөлдсөнөөр Үндсэн хуулийн Цэцэд цуцлуулахаар өгсөн. Цэц цуцлуулах шийдвэр гаргавал асуудал өөрөөр эргэнэ.
Оруулж ирсэн байнгын хороо асуудлаа дахиж ярьдаг.
-Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга хууль зөрчөөгүй гэдэг зүйл тавьж байгаа шүү дээ?
100 хувь хууль зөрчсөн. Яагаад гэвэл, хоёрдугаар хэлэлцүүлэг боллоо, гуравдугаар хэлэлцүүлэг рүү оруулъя гээд алх цохисны дараа бол гуравдугаар хэлэлцүүлэгт орж ирж байгаа зүйлд асуулт асуух ч эрх байхгүй. Юун санал босгож ирэх манатай. За яах вэ, “хүчиндээд” хууль зөрчлөө гэхэд буцаагаад Төсвийн байнгын хороонд асуудлыг ярих ёстой.
Оруулж ирсэн байнгын хороо асуудлаа дахиж ярьдаг. Хэрвээ хууль зөрчсөн гэж үзвэл хуулийн зөрчлийг арилгуулахын тулд Төсвийн байнгын хороо дагалдах хуулийг санаачилж оруулж ирэх байтал энгийн зүйлүүд дээр УИХ-ын дарга З.Энхболд, Р.Гончигдорж гишүүн хоёр улаан цайм хууль зөрчиж, шийдвэр гаргуулсан.
Өөрөөр хэлбэл, өөрийнхөө фракцийн гишүүдийг “хүчиндэж” хууль бус шийдвэр гаргуулахад нөлөөлсөн. Тиймээс бид Цэц дээр ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байгаа. Би Монголын ард иргэдийн төрд итгэх итгэлийг сэргээе гэж байгаа. Бие даагчид та нартайгаа адил зовж, зүдэрч байгаа. Хямрал дээр, доргүй нөлөөлж байгааг харуулах хэлбэр бол энэ юм.
-УИХ Засгийн газрынхаа гар, хөл болж ажиллаж байна гэж бишгүй их ярьж байгаа. Энэ асуудлаар парламент нь засаглалынхаа нөлөө болж байгаа хэрэг биз?
УИХ Засгийн газрын хуулийн хэлтэс болчихсон байгаад харамсч байна.
-Хямрал нийтэд нөлөөлж байгааг хэн ч үгүйсгэхгүй. Төсвийн тодотголд цалин, тэтгэвэрт гэж 10 орчим хувийн хангалтгүй нэмэгдэл орлоо. Энэ нэмэгдэл хаанаа ч хүрэхгүй гэдэг нь ойлгомжтой байна?
Хангалтгүй. Гэхдээ бие даагчид, МҮЭ тэмцээгүй бол 13 хувь ч байхгүй, бүр хасагдах тухай ярьж байсан.
-Уг нь бодитой нэмэгдүүлэхийг МҮЭ шаардаж байсан. Гэвч...?
Гэхдээ 10 хувь ч үгүй байсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Мэдээж би үүнийг голж байгаа. Одонтой эхчүүд, жирэмсэн эх, хүүхдүүдийн мөнгийг хасчихсан байсан. Харин Бие даагчдын зөвлөл мэдэгдэл гаргаж, Ерөнхий сайдыг огцруулах хэмжээнд тулж, дараа МАН, АН мэдэгдэл гаргаж эхэлсэн. Тэгэхээр эд ямар хэмжээнд бидний бүсийг чангалж байна вэ гэдгийг харж байгаа биз.
Дээр нь нэмээд хэлэхэд Америкийн компанид Оюутолгойн талаар зөвлөгөө авна гэж 17.5 тэрбум төгрөгийг явуулчихсан байгаа. Энэ нь ахмадуудын тэтгэврийг нэмсэн мөнгөөс илүү хөрөнгө. Нийт ахмадын тэтвэрийг 15 тэрбумаар нэмэгдүүлсэн. Тэгэхээр үүн дээр бодох хэрэгтэй.
Гэхдээ 10 хувь ч үгүй байсан гэдгийг хэлэх нь зүйтэй.
-Гацууртын ордыг ашиглахтай холбоотойгоор Ноён уулын булшаа хамгаалах хөдөлгөөн өрнөж байна. Үнэхээр энэ ордыг ашиглах нь зөв үү?
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Гацууртын ордыг ард түмэн эсэргүүцэх юм бол хэн ч хөдөлгөж, ажиллаж чадахгүй” гэж илэрхийлж байсан юм билээ.
Яг үнэндээ өвөг дээдсийнхээ онгон булшийг оролдож, зөөж ухна гэдэг бол их л аюултай зүйл. Би шүтлэгтэй, Монголын ёс заншлыг хүндлэхийг хичээдэг. Тиймээс үүнд үнэхээр их санаа зовж байна. Өвөг дээдсийн бунхныг хамаагүй оролдож болохгүй.