А.Бакей: Өрийн удирдлагын менежментийг сайжруулах шаардлагатай
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей
2015.01.27

А.Бакей: Өрийн удирдлагын менежментийг сайжруулах шаардлагатай

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтэй ярилцлаа. Түүний хувьд өнгөрөгч баасан гаригт батапсан 2015 оны төсвийн тодотгол хэлэлцэхэд АН-ын бүлгийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан юм.

-Өнгөрөгч баасан гаригт 2015 оны төсвийн тодотголыг Их хурал хэлэлцэн баталсан. Энэ удаагийн тодотгол ард түмний амьдрал ахуйд ямар бодит үр дүнг үзүүлэх вэ. Ард түмэндээ хандсан эерэг тодотгол болсон уу?

Монгол Улсын эдийн засаг хүндрэлтэй байгаа гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Тийм ч учраас Шийдлийн Засгийн газар төсвийн тодотголын төслийг өргөн мэдүүлэн хэлэлцлээ. Нэлээд олон асуудал дээр шийдэмгий санаанууд орж ирсэн. Их хурлын зүгээс Засгийн газрын оруулж ирсэн төслийг тэр чигээр нь бус нэлээд өөрчлөлт оруулж байж өнгөрөгч долоо хоногт баталлаа.

Ард түмний талаас аваад үзэхээр өмнө нь олгогдож байсан хүүхдийн мөнгө, одонтой эхчүүдийн мөнгө, жирэмсэн болон амаржсан эхчүүдийн тэтгэмж гэх мэт халамжийн шинжтэй  мөнгөнүүдийг зөвхөн зорилтот бүлэгт өгье гэж оруулж ирсэн. Үүнийг Их хурал дээр ярьж байгаад эдийн засаг хүнд байгаа энэ үед өмнө нь олгож байсны дагуу бүх хүүхдэд олгох нь зүйтэй гэж Ардчилсан намын бүлгээс санал гаргасан нь чуулган дээр дэмжигдсэн.

Зорилтот бүлэгт олгох нь хэрэгтэй ч эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан олгохоос өөр зам байсангүй. Эдийн засгийг хүний судсаар авч үзвэл томоохон судсуудаар цус сайн гүйж байгаа хэдий ч нарийн судас руу цус ерөөсөө очихоо байчихсан. Үүнтэй уялдуулан аваад үзэхээр зөвхөн хүүхдийн мөнгөөр амиа зогоож байгаа айл өрхүүд нэлээд олон бий.

Тийм болохоор хүүхдийн мөнгийг ямар нэгэн байдлаар танах нь зохисгүй. Энэ нь иргэдийн худалдан авах чадварт сайнаар нөлөөлж эдийн засагт эргэлт бий болж нийлүүлэлтийг өдөөх юм. Ард түмэнд энэ мөнгө үлдсэн нь зөв болсон.

Яам болон төрийн захиргааны байгууллагын дээд түвшинд үр ашиггүй зардлыг танаж зохих хэмжээний өөрчлөлтийг хийсэн.
-Ард түмэндээ хэдэн төгрөг өгөхөөр болсонд иргэд мэдээж таатай байх нь гарцаагүй. Харин төр өөрөө бүсээ чангалах тал дээр ямар арга хэмжээ асан бэ?

Яам болон төрийн захиргааны байгууллагын дээд түвшинд үр ашиггүй зардлыг танаж зохих хэмжээний өөрчлөлтийг хийсэн. Захиргааны зардлыг таван хувиар танах, давхардаж буй бүтцийг цөөлөх гэм мэтээр зардлыг бүрэн биш ч гэсэн зохих хэмжээгээр хэмнэсэн. Энэ нь үргүй зардлыг бууруулах алхам болсон. Татвар төлөгчдийн халааснаас гарсан мөнгийг үр ашигтай зарцуулах тал дээр бага ч гэсэн үр дүнгээ өгөх ажлын эхлэл тавигдлаа гэж бодож байгаа.

Мөн өрийн тааз болон улсын төсвийн алдагдлын хувь хэмжээн дээр маргаан дэгдсэн. Хэлэлцүүлгийн тал дээр нам эвслийн бүлэг болон хувь гишүүд янз бүрийн байр суурийг илэрхийлж байсан хэдий ч өмнөх УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд хууль нь батлагдаад Хөгжлийн банк шинээр байгуулсан. Хөгжлийн банкаар санхүүжүүлэгдэх бүтээн байгуулалтын ажлыг төсөвт тусгахгүйгээр бие даан явуулж ирсэн.

Сая тодотголоор харин үүнийг төсөвт тусгаад нэг төсөв болгон тооцож явах болохоор ДНБ-д эзлэх өрийн хувийн жин хуульд заасан хэмжээнээс хэтэрчихсэн. Тиймээс бодит байдлыг хуультайгаа нийцүүлэхээс өөр аргагүй болсон. Ингээд одоогийн нөхцөл байдалд тааруулан ДНБ-ий 58.3 хувиар баталсан. Ойрын 3-4 жилд шат. дараалан бууруулах шийдэлд хүрсэн. Төсвийн алдагдлыг ч гэсэн таван хувиас доош нь бууруулаар болсон юм.

Хамтарсан Засаг байгуулсан нөхцөлд л ийм шийдвэрт хүрч байна. Үүнийгээ цаашид баталгаатай хэрэгжүүлж явах хэрэгтэй. Нэгэнт ингэж баталчихаад дараа нь өсгөе гэсэн асуудал оруулж ирж болохгүй. Хэрэв тэгвэл 2015 оны нөхцөлд тааруулан түр зуурын амь аргацаасан зүйл болно. Ингэхгүйн тул хуулиа чанд баримтлан өрийн хэмжээ хязгаар менежментийг авч явах шаардлагатай.

-Бусад орнуудад өрийн хэмжээг тэд байх ёстой гээд хөдөлгөхгүй заалт бараг байдаггүй гэсэн. Гэтэл манайх хуульчлаад яваад байдаг...

Бусад орнуудад өрийн хувь хэмжээг хатуу тогтоогоод байдаг зүйл бараг байдаггүй. Манай улс болохоор хөдөлгөхгүй гэсэн хатуу чиглэлтэй. Энэ нь нэг талаараа зөв ч гэсэн эдийн засгийг тэлэх бодлого явуулж байгаа үед саад болж байгаа юм. Цаашид Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа ч гэсэн. эргэж харах шаардлага тавигдаж байна. Зээл авахгүй байх асуудлыг хориглож болохгүй. Зээл авах хэрэгтэй.

Гэхдээ түүнийг хамаагүй өр болгон хувиргаад байж болохгүй л дээ. Авсан зээлээ үр ашигтайгаар шинээр ажлын байр бий болгож, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, валютыг хавсрах зүйлд ашиглах ёстой. Асуудлын гол ердөө л энэ. Манайхан Тавантолгойн асуудлыг олон жил ярилаа. Тавантолгойн төсөл ард түмэн хийгээд төр засгийн зүгээс хамгийн их хүлээлттэй байсан зүйл. Гэтэл өдий хүртэл үр дүнгээ өгөхгүй байна.

Үүнд 700 сая ам.доллар хэдийнэ зарцуулчихаад байхад нэмэр алга. Мөнгө зарцуулаад байгаа хэрнээ үр ашиг өгөх ёстой төсөл маань хөдөлдөггүй. Энэ нь өр зээлийн менежменттэй холбоотой. Одоо томоохон төслүүдээ хөдөлгөөнд оруулж үргүй зардал гаргахгүй байх хэрэгтэй. Уг төсөлд зарцуулан Чингэс бондоос багагүй мөнгө зарцуулсан. Чалко компанитай гэрээ хийхдээ тухайн үеийн сонгуулийн амлалтыг биелүүлж иргэн бүрт 1.5 сая төгрөг өгөхийн тулд зээл тавьчихсан.

Ингэснээр үр ашигтай ажиллах ёстой Тавантолгой төслийг авч явах биш төслийн нэрийг ашиглаад улам өрөнд оруулсан. Тиймээс л өнөөдөр ард түмний хүсэн хүлээж байсан үр дүн гарахгүй байна. Одоо өрийн удирдлагын менежментийг сайжруулах шаардлагатай.

-Төсвийн тодотголоор цалин тэтгэвэрт хэдэн төгрөг өгөх юм. Одонтой эхчүүд, жирэмсэн болон амаржсаны дараахь эхчүүдэд хэдэн төгрөг өгөхөөр болсон бэ. Ямар ямар төсөл хөтөлбөрүүдэд хэдэн төгрөг хуваарилаад байгаа бол?

2015 оны төсвийн тодотголоор Төсвийн хүрээний мэдэгдэл, 2015 онд эдийн засгийн гол гол үзүүлэлтүүдийн хэмжээ хязгаарыг шинээр тогтоож өгсөн байгаа. ДНБ-ий өсөлтийг 7.1 хувь гэсэн бол хэрэглээний индексийн дундаж түвшинг долоон хувь байхаар тооцсон. Өнөөдөр иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж байгаа монгол төгрөгийн валюттай харьцах ханш нь өдөр ирэх тутам өсч байна.

Монгол төгрөгийн сулрал иргэдийн худалдан авахчадвартан байдлаар нөлөөлж байгаа. Үүнийг долоон хувь байхаар тогтоох нь бодлогын шинжтэй том үзүүлэлт юм. Үүнийг хангахын тулд төсөв тусдаа, Монголбанкны мөнгөний бодлого тусдаа байх нь үр дүнгээ өгөөгүй. Тиймээс Монголбанк Засгийн газартайгаа нягт уялдаатай ажиллаж төсвийн дүнд дэвшүүлсэн зорилтыг мөнгөний бодлоготой уялдуулж чадвал зорилт хэрэгжих боломжтой.

Үүний зэрэгцээ нэгдсэн төсвийн нийт зарлага ДНБ-д 32 хувь байхаар тооцсон юм. Энэ нь харьцангуй өндөр үзүүлэлт. Энэ тэгэхээр үрэлгэн зардал байсаар байна гэсэн үг. 2016, 2017 онд тодорхой хувиар бууруулах бодлого барих нь зөв.

Үүний зэрэгцээ нэгдсэн төсвийн нийт зарлага ДНБ-д 32 хувь байхаар тооцсон юм. 

Төсвөөс санхүүжүүлж байгаа нийгмийн халамжийн санхүүжилт 285.6 тэрбум төгрөгийг нийгмийн халамжийн тухай холбогдох хуулийн дагуу төсвөөс санхүүжүүлж байгаа. Энэ нь ДНБ-ий 1.2 хувийг эзэлж байна. Бидний яриад байдаг цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө энэ бүхэн үүнд багтаж байгаа юм.

-Сангийн яамнаас төсвийн алдагдлыг 4.8 хувь байхаар оруулж ирсэн намын бүлгүүд ярьж байгаад таван хувь болгосон. Энэ хоёрын зөрүү 0.2 хувь нь 40 гаруй тэрбум төгрөг болсон гэсэн. Уг мөнгийг намууд суудлынхаа тоогоор хувааж авахын тулд төсвийн тодотголд халтуурны байдлаар хандсан юм биш үү. Мөн Хөгжлийн банкнаас 18 тэрбум төгрөг орж ирснийг өмнөх 40 гаруй тэрбумтайгаа нийлүүлээд намууд хувааж авсан нь үнэн үү?

Төсвийн тодотголоор 2013, 2014онд эхэлсэн бүтээн байгуулалтын зарим нь ор тас орхигдсон. Шаардлагатай бүтээн байгуулалтыг 50 хувь бууруулсан. Шинээр эхлэх барилга нэг ч байхгүйгээр тодотгол хийсэн байсан. Олон жил үргэлжилсэн барилгууд дуусдаггүй сөрөг үр дагавар үргэлжлэх болсон. Дахин он дамжих байсан тул сургууль, цэцэрлэг баригдахгүй хүүхдүүд хохирч үлдэх байсан юм.

Тендерт шалгарсан компаниуд банкнаас зээл авч ажлаа эхлүүлсэн болохоор үүнийг дуусгах шаардлага тулгарсан. Намын бүлгүүд бүгд ярьж байгаад Хөгжлийн банкаар гарцаагүй нэн шаардлагатай хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх хэрэгтэй гэсэн шийдвэр гарсан. Чингэс бондын үлдэгдэл мөнгөнөөс тодорхой хэсгийг нь эргэлтэд оруулах үүднээс 18 тэрбум төгрөгийг обьектуудад хуваарилсан.

Хүндрэлтэй байгаа эдийн засгийг хумих тусам идэвхжил нь суларна. Тэгснээр эдийн засгийн үр дүн буурах тул өргөжүүлэх тал дээр зөвшилцөлд хүрсэн нээнэ юм. Тойргоос сонгогдсон гишүүд бүр тойрогтоо ажил хийхийн тулд төсвийн тодотголын үеэр нэгдсэн төсвийн бодлого биш төсвийн хөрөнгө оруулалтын уралдаан явагддаг. Энэ олон жил ингэж буруу явж ирсэн практик юм.