Д.Батцогт: ЭМД-ын шимтгэлийг нэмэхгүй
Сарын цалин нь 1.5 сая төгрөг бол Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 10 хувиар тооцон санд төвлөрүүлдэг болох нь, энэ асуудлыг УИХ хэлэлцэж байна гэсэн мэдээлэл цахим ертөнцөд тархаад байгаа. Иймд Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд дээрх асуудал туссан эсэх, мөн уг хуульд даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах асуудал хэрхэн тусгалаа олсон тухай УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогтоос тодрууллаа.
-УИХ-аар хэлэлцэгдэж байгаа Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөлд “Сарын цалин нь 1.5 сая төгрөг бол эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 10 хувиар тооцож авна” гэсэн заалт туссан юм уу. Ийм мэдээлэл цацагдах боллоо?
Сарын цалин нь 1.5 сая төгрөг, түүнээс дээш бол өндөр орлоготойд тооцогдоно. Гэхдээ Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөл, дагалдан өргөн мэдүүлсэн бүхий л хуулийн төслүүдэд энэ тухай заалт байхгүй.
УИХ, Байнгын хорооны хуралдаанаар дээрх төслүүдийг хэлэлцэх үед гишүүдээс энэ тухай саналын томъёолол оруулж, санал хураалгаагүй. Тийм учраас “Сарын цалин нь 1.5 сая төгрөг, түүнээс дээш орлоготой бол эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 10 хувиар тооцож авах нь” гэдэг нь ташаарчээ л гэж хэлэх байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөлд шимтгэлийн хувь хэмжээг тодорхой тусгасан. Тухайлбал, 0-18 хүртэлх насны хүүхэд, их, дээд сургууль, коллежи, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчийн сард төлөх ЭМД-ын шимтгэлийн хувь хэмжээг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1-ээс доошгүй хувиар жил бүр тогтоож байхаар тусгасан.
Энэ нь сарын 1900 орчим төгрөг болно, жилийнх нь 20 мянга гаруй төгрөг болно. Тэднээс оюутнууд ЭМД-ын шимтгэлээ өөрсдөө төлдөг байхаар өөрчилсөн. Өнөөдрийн хуулиар оюутны ЭМД-ын шимтгэлийг төрөөс олгодог. Ирэх жилээс төр даахгүй өөрсдөө төлнө гэж ойлгох хэрэгтэй.
Төрийн албан хаагч, хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад ажиллаж байгаа Монгол Улсын иргэний даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн хувь хэмжээг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2-оос доошгүй хувиар жил бүр тогтоож байхаар зааж өгсөн. Сард 3800 төгрөг жилдээ 40 мянга гаруй төгрөгийг ЭМД-ын шимтгэлд төлөх юм. Энэ нь ЭМД-ын шимтгэлийн доод хэмжээг УИХ-аар тогтоож өгч байгаа хэрэг л дээ.
-Даатгуулагч шимтгэлээ сар бүр төлдөг ч эргээд эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүй бэрхшээл бий. Дээрх хуулиар засагдах уу?
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөлд даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтууд өндөр төвшинд туссан гэж ойлгож болно. Жишээ нь, даатгуулагч бүр эрүүл мэндийн дэвтэр нээлгэдэг байсан бол ирэх жилээс цахим карттай болно.
Цахим картанд тухайн даатгуулагчийн өвчний түүх, ямар үйлчилгээ авсан, төлбөрийн үлдэгдэл нь хэд байгаа зэрэг бүхий л мэдээлэл нь багтана. Мөн даатгуулагч эмнэлэг, эмч хоёроо сонгон үйлчлүүлэх боломжтой. Товчхондоо энэ хуулиар даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын сангаас авах тусламж үйлчилгээний төрөл олон болно, сонголттой болно л гэж ойлгоорой.
-Сар бүр шимтгэл төлдөг ч эмнэлэгт хандаж үйлчилгээ авдаггүй хэсэг бий. Ийм иргэдийн даатгалыг шаардлагатай тохиолдолд гэр бүлийнх нь гишүүнд шилжүүлье гэдэг зүйл яригдаж байсан. Энэ асуудал шийдэгдсэн үү?
Шийдсэн. Даатгуулагч өндөр төлбөртэй эмчилгээ хийлгэх шаардлагатай болж, санхүүжигдэх төлбөр нь хүрэлцэхгүй бол гэр бүлийн гишүүндээ санхүүжилтээ шилжүүлэх боломж энэ хуулийн хүрээнд нээгдэж байгаа.
-Даатгуулагч ямар үйлчилгээг авах боломжтой вэ?
Амбулаторын үзлэг, оношлогоо, хэвтүүлэн эмчлүүлэх тусламж ,үйлчилгээ, өдрийн эмчилгээ, хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж үйлчилгээ, өндөр өртөгтэй зарим үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, уламжлалт сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээ зэргийг ЭМД-ын сангаас санхүүжүүлэхээр зааж өгсөн.
-Одоогийн хуулиар ЭМД-ын сан нь Нийгмийн даатгалын харьяанд байгаа. Энэ тогтолцоо өөрчлөгдөх үү?
Эрүүл мэндийн даатгалын санг тусад нь гаргаж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай болно. Мөн Үндэсний зөвлөлтэй байна. Үндэсний зөвлөл нь есөн гишүүнтэй, гурав нь Засгийн газраас, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалдаг байгууллагаас гурван төлөөлөл, Ажил олгогч эздийн байгууллагаас гурван төлөөлөл нийт есөн төлөөлөл байх юм. Үндэсний зөвлөлийн гишүүд нь компаниар ярих юм бол ТУЗ-ийн гишүүд гэсэн үг.
-Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголтой хамт олон төсөл өргөн мэдүүлэгдсэн. Тэр хүрээнд 1.5 сая төгрөгийн цалинтай иргэдийн татварыг нэмэгдүүлье гэдэг заалт орж ирсэн юм биш байгаа?
Төсвийн дагалдах хуулиудад ч ийм заалт байхгүй.