С.Одонтуяа: Гэрээр эмчилгээнд хамрагдсан ч даатгалаас мөнгө олгоно
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2014.10.30

С.Одонтуяа: Гэрээр эмчилгээнд хамрагдсан ч даатгалаас мөнгө олгоно

Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай хуулийн төслийг удахгүй хэлэлцэх гэж байгаатай холбоотой УИХ-ын гишүүн С.Одонтуяатай ярилцлаа.

-УИХ-ын өнгөрсөн хаврын чуулганаар Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэж байсан. Энэ төсөл илүү боловсронгуй болж, эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай хуулийн төсөл нэртэй болсон гэж ойлгож болох уу?

Саяхан Засгийн газраас Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай хуулийн төслийг өргөн барьсан. Үзэл баримтлалын хувьд өмнө нь Байнгын хорооноос гаргасан ажлын хэсгийн гишүүдийн боловсруулж байсан хуулийн төсөлтэй зарчмын хувьд ижил, ганц нэгэн заалт нэмэгдэж, хасагдсан.

Хуулийн төслийг улам сайжруулан боловсруулж, бүх эмнэлэг, мэргэжлийн хүмүүс, холбогдох төрийн ба төрийн бус байгууллага, иргэдээс санал авч тусгасан байгаа. УИХ-аас шинээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

-Энэ хуулиас олон нийтийн хүлээж байгаа гол зүйл нь эрүүл мэндийн даатгалд сар бүр төлдөг цалингийнхаа хоёр хувийг эргүүлэн хүртдэг байх. Үүнийг хуулиар хэрхэн зохицуулж байна вэ?

Хуулийн төсөлд эрүүл мэндийн даатгалын сангаас зардлыг нь төлөх тусламж, үйлчилгээний хамрах хүрээг нэмэгдүүлсэн. Түүнчлэн даатгуулагч өөрөө сонгож үйлчлүүлсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагыг өмчийн хэлбэрээс нь үл хамааран эрүүл мэндийн даатгалын сан- гаас ижил тарифаар хөнгөлөлт үзүүлэхээр төсөлд тусгасан.

-Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг яаж тогтоож байгаа вэ?

Дэлхийн олон улс орны эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нь эв санааны нэгдлийн зарчим руу шилжих хандлагатай байгаа. Учир нь эрүүл мэндийн улмаас иргэдэд учирч байгаа санхүүгийн дарамт нэмэгдэж байна. Гэвч төрөөс шимтгэлийг нь хариуцан төлдөг иргэдийн эрүүл мэндийн даатгалд төлөх шимтгэлийн хэмжээ албан секторт ажилладаг аж ахуй нэгжийн ажиллагчдынхаас хэд дахин доогуур хэт зөрүүтэй байна.

Хуулийн төсөлд эрүүл мэндийн даатгалын сангаас зардлыг нь төлөх тусламж, үйлчилгээний хамрах хүрээг нэмэгдүүлсэн.

Хэдийгээр эрүүл мэндийн даатгалын эв санааны нэгдэл бүхий тогтолцоо нь иргэн бүр өөрийн орлогодоо үндэслэн хувь нэмэр оруулах ёстой боловч сард төрөөс 670 төгрөгийн шимтгэл төлж байгаа нь хэт доогуур байгаа юм. Иймд хуулийн төсөлд төрөөс шимтгэлийг нь хариуцах иргэдийн шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан жил бүр тогтоож байхаар тусгасан.

Жишээ нь, шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёр хувиар төлнө гэвэл сард 3844 төгрөгийг сард төлнө гэсэн үг.

-Манай одоогийн даатгалын систем ор, хоногоор санхүүждэг. Гэтэл эмнэлэгт хэвтэх шаардлагагүй, өдрийн эмчилгээ хийлгэж болох хүмүүс ч даатгалаас санхүүжилт авахыг хүснэ. Үүнийг нэг мөр шийдэх үү?

Шийднэ. Хуулийн төсөлд бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагаас үзүүлсэн өдрийн эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт үзүүлэхээр оруулсан. Түүнчлэн өрхийн болон сумын эмнэлгийн өдрийн эмчилгээ, гэрээр үзүүлэх үйлчилгээнд хамрагдахад санхүүжилт олгохоор тусгаж байгаа.

-Эрүүл мэндийн даатгалын хууль “эрүүл” гарсан ч гэлээ энэ салбарын хөгжил зөв голдиролдоо орох болов уу?

-Энэ салбарыг бид олон жил эдийн засгийн нүдээр харахгүй ирсэн. Иргэн хүн өнөөдөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахын тулд өөрөөсөө 35-45 хувийг төлж байна. Харин дэлхийн жишигт бол 25 хувийг төлөхөд л ард иргэдийг санхүүгийн эрс- дэлд орно гэсэн тооцоо байдаг. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг эрх зүйн орчны, санхүүгийн, хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийн, хүний нөөцийн шинэчлэл гэсэн дөрвөн үндсэн чиглэлээс эхлэх ёстой гэж бодож байна.

Ихэнх төрийн өмчийн эмнэлэг нь хүний нөөц болон төсвийн хувьд төвлөрсөн эрх мэдлийн дор үйл ажиллагаагаа явуулдаг.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд юуны түрүүнд төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагыг бизнесийн орчинд улс төрөөс хараат бус байдлаар бие даасан тогтвортой ажиллах хууль эрх зүйн орчинг бий болгох ёстой. Яагаад гэхээр манай төрөлжсөн эмнэлгүүдийн дийлэнх нь төрийн өмчит байгаа. Ингэхээр өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагыг зах зээлийн харилцаанд тэгш оролцох боломжоор хангах, зөвхөн тусламж үйлчилгээнийхээ чанараар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна.

Эрх зүйн орчны шинэчлэлийн чухал хэсэг нь эрүүл мэндийн даатгалын хууль. Гэвч дан ганц даатгалын хууль өрөөсгөл. Тиймээс манай хэсэг гишүүн хамтран эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зохион байгуулалтын тухай хуулийн төслийг боловсруулж дууслаа. Удахгүй өргөн барина. Энэ хуулийн хамгийн амин чухал хэсэг нь эмнэлгийн засаглал, санхүүжилтийн асуудал.

-Эрүүл мэндийн салбарт эмнэлгийн засаглал, бие даасан байдлыг сайжруулах талаар олон улсын туршлага хэр байдаг юм бол?

1970-аад оноос дэлхийн олон оронд эмнэлгийн засаглал, бие даасан байдлыг сайжруулах оролдлогууд хийж байсан юм билээ. 1980-аад оноос хөгжиж буй болон шилжилтийн гэгдэх Болгар, Чех, Эстони, Серб, Словак, мөн Африкийн орнуудад хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээр оронд эмнэлгийн тусламжийн чанар, үр ашгийг сайжруулахад засаглал, санхүүжилтийг бие даасан байдалд шилжүүлэн эмнэлгийн тусламжийн чанар, хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлж чадсан байгаа.

Эндээс харахад эмнэлгийн засаглал, бие даасан байдлыг сайжруулахад дан ганц эмнэлгийн удирдах зөвлөл байгуулан, эрх мэдлийг нь өгөөд зогсохгүй, санхүүгийн болон эмнэлгийн үр ашгийг сайжруулах арга хэмжээг хамтад нь хэрэгжүүлж байж сая үр дүнд хүрнэ.

Манайд эмнэлгийн салбарын засаглал салбарын төвшиндөө ЭМЯ, Эрүүл мэндийн даатгалын сан ба даатгалын зөвлөл, нийслэлийн ЗДТГ, дүүргийн удирдлага, МХЕГ, Сангийн яам, Төрийн албаны зөвлөл зэрэг хэд хэдэн байгууллагын хувьд хуваагдмал байдалтай байна.

Ихэнх төрийн өмчийн эмнэлэг нь хүний нөөц болон төсвийн хувьд төвлөрсөн эрх мэдлийн дор үйл ажиллагаагаа явуулдаг. Хэдийгээр эмнэлгийн төвшинд төсөв боловсруулдаг боловч төсвийн хуваарилалт болон санхүүжилт нь Сангийн яамны төвшинд эцэслэдэг тул анхны төслийн агуулга бүтнээрээ хадгалагдаж чаддаггүй.

-Уг нь энэ салбарын эрх зүйн орчин харьцангуй тодорхой байх шиг байдаг?

Эрүүл мэндийн салбарт 12 үндэсний хөтөлбөр ,19 стратеги, таван удаагийн төрөөс баримтлах бодлого батлагдан гарсан байдаг. Хэдийгээр энэ тооны баримт бичигт эмнэлгийн салбарт шинэчлэл хийх хэрэгцээ байгааг дурдсан боловч эдгээрт нэгдмэл алсын хараа дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл, 10 жилийн дараа эмнэлгийн салбар ямар байх вэ гэдэг дээр нэгдмэл зөвшилцөл бий болоогүй байна. Төрөөс эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар баримтлах бодлогоо эхлээд батлуулж байж дагалдах хуулиуд, хөтөлбөр, төслүүд хэрэгжих ёстой.