Б.Гарамгайбаатар: Бидэнд чөдөр тушаа болсон хоосон мэтгэлцээнийг хойш тавьж, урагшаа явахаас өөр гарц байхгүй
Төсөв тойрсон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатартай ярилцлаа.
-Сүүлийн өдрүүдэд иргэд “Монгол Улсын өрийн таазыг 60 хувь болгох уу, эсвэл 70 хувь уу” гэдэг маргааныг орой бүр сонсож байгаа. Ерөнхийдөө 60 хувьд хүргэхээр тогтсон гэж ойлгож болох уу?
Иргэд сонгогчдын өдрийн амгаланг эрье. Таны хэлж байгаачлан өрийн таазыг шинэчлэн тогтоох асуудал хүн бүрийн анхаарлын төвд байна байна хэмээн та хэллээ. Тэгэхээр өрийн тааз гэдэг нь өөрөө юу вэ гэдэг ойлголтоос эхэлье. УИХ 2010 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хууль баталсан.
Тэр хуулинд улсын нийт өрийг тодорхой хугацаанд хэр хэмжээний хэлбэлзэлтэй байхыг тогтоосон. Олон улс оронд ийм хууль бий. Монгол Улс ч энэ хуульд нэлээд өндөр ач холбогдол өгч батлаад, 2012 оноос хэрэгжүүлсэн. 2012 оноос гэхээр 2010 онд хэрэгжих ёстой хууль 2012 онд хэрэгжээд, хэрэгжихдээ эхний хэмжээнээсээ биш, хоёр дахиасаа эхэлж явсан ийм түүх байна.
Одоо Засгийн газраас өргөн барьсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн 2 зүйл заалт дээр байгаа юм. Засгийн газраас өргөн барьсан хуулиар бол Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.6, 19.1 заалтуудыг өөрчлөх зайлшгүй шаардлага гарсан гэж өргөн барьсан. Яагаад ингэж өөрчлөх шаардлага гарав гээд өнөөдрийн нөхцөл байдал дээр дүн шинжилгээ хийгээд үзэхээр дараах дүр зураг гарна.
Гадаадын банк, санхүүгийн байгууллагууд болоод Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны Валютын сангийн зөвлөмжийг үндэслэж байж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг мөрдөх шаардлага гарсан. Энэ хуульд нийцүүлж төсвийг өөрчилнө гэхээр төсөвт тусгагдаагүй байсан санхүүгийн нэмэлт эх үүсвэрүүдийг төсөвт суулгах шаардлага гарсан.
Үүнээс үүдэлтэй өрийн таазны хэмжээг өсгөх шаардлага үүссэн. Өсч байгаа шардлага нь бол 2012 оноос эхлээд Хөгжлийн банкны хууль гаргаж, Хөгжлийн банкыг бий болгож түүгээрээ төсөл арга хэмжээг санхүүжүүлж байсан. Энэ маань Монгол Улсын төсөвт суухгүйгээр хоёр дахь эх үүсвэр болж явагдаж байв. Энэ бүхнийг одоо нэг төсөвтэй болгож байгаагаас үүдэн үүсч байгаа асуудал гэж тайлбарлаж болно.
-Өрийн тааз 60 хувьд хүрсэнээр ямар өөрчлөлт, эерэг-сөрөг үр дүн гарах вэ?
Намууд дээрх бодит нөхцөл байдлыг ойлгоод, зөвшилцөөд хамтран шинэ Засгийн газар байгуулсан. Өмнөх Засгийн газрын алдаа, оноог шүүмжлээд огцруулчихлаа. Тэгээд УИХ-д суудалтай намууд хамтран Засгийн газар байгууллаа. Одоо бид улс эх орныхоо төлөө нэг чиг рүү харж ажиллаж байгаа бол бодит нөхцөл байдлаа зөв харья.
Энэ зөв харсан нөхцөл байдлаа нэгдсэн үедээ зөвөөр ашиглаад, цаашлаад улс эх орны эдийн засаг, төсвийн байдлыг зөв зүйтэй зам руу оруулья гэсэн үндэслэлээр зөвшилцлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээ дээр Хөгжлийн банкны санхүүжилт буюу Монголбанкны үнэ тогтворжуулах гэрээ хийгдэж байсан төсвөөс гадуурх орлого, зарцуулалтуудыг төсөвт суулгах зайлшгүй шаардлага бий.
Үүнээс үүдэлтэй өрийн таазны хэмжээг өсгөх шаардлага үүссэн.
Тэдгээрийг төсөвт суулгахад өрийн хэмжээ одоо байгаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу мөрдөгдөж байгаа ДНБ-ий 40 хувиас давсан. Одоогоор 58.3 хувьд хүрээд байгаа нь тодорхой болсон учраас намууд үүнийг хүлээн зөвшөөрье гэдэг асуудал байгаа.
Засгийн газар өрийн таазыг 60 хувьд хүргэх санал өргөн барьсан. Тэгэхээр энэ хэмжээгээрээ тогтоод, нэмж ямар нэгэн эх үүсвэрээс зээл авахгүй байх тал дээр намууд зөвшилцсөн.
-Өрийн таазыг ДНБ-ий 60 хувьд хүргэхээр эдийн засагт яг ямар өөрчлөлт гарах вэ. Инфляци буурах уу, ажлын байрны хэдэн хувийг авч үлдэх бол. Шинэ Засгийн газрын анх оруулж ирсэн 70 хувь гэдэг саналыг дэмжсэн бол ямар үр дүнд хүрэх байв. Харьцуулсан судалгаа байна уу?
Засгийн газар анх 70 хувь гэж оруулж ирсэн. Энэ бол нэлээн тооцоо судалгаа хийж, үндсэлэл гаргаж байж 70 хувь гэж оруулж ирсэн. Энэ 70 хувийг УИХ дэмжээд, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулсан бол тодорхой асуудлыг шийдэж, харьцангуй олон ажил явуулах боломж байлаа. Харамсалтай нь, дэмжээгүй.
Тиймээс Засгийн газар өрийн таазыг 60 хувь болгох санал УИХ-д өргөн бариад, УИХ эл саналыг хэлэлцэн, одоо нэгдсэн ойлголцолд хүрэх гээд явж байна. Өнөөдрийн байгаа 60 хувь гэдэг үндсэндээ хүлээгдэж байгаа гүйцэтгэлийг санхүүжүүлнэ гэсэн үг. Бодит үнэн бол энэ. Ардчилсан намын бүлэг бол 40 хувьд бариад 2 хувьтай байлгаж болно.
Мөн өнөөдрийн яригдаж байгаа төсвийн алдагдал 5 хувь, өрийн тааз ДНБ-ийн 60 хувьтай тэнцүү байх зэргийн алийг нь ч хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна. Юу энэ асуудалд нөлөөлөөд байгаа вэ гэвэл, МАН-ын тавиад байгаа шаардлагыг хүлээн зөвшөөрөөд, хэрэгжүүлэх юм бол бид ямар ч бүтээн байгуулалтын ажил хийх боломжгүй.
Яагаад гэвэл тухайн үед Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг гаргаж байхад Монгол орны эдийн засгийн чадавх өнөөдрийнхөөс өөр түвшинд байсан. Өнөөдрийн түвшин бол тэрнээсээ хэд дахин өссөн түвшинд хүрчихсэн. Үүнээс болоод зайлшгүй ийм өөрчлөлт хийх шаардлага гарсан учраас намууд ойлголцож байгаа гэсэн үг юм. 60 хувь дээр санал нэгдээд баталдаг юм аа гэхэд чадвал хүлээж байгаа гүйцэтгэлээ оруулж тооцсон Засгийн газрын тооцоо байгаа.
Бид Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сан гээд гаднын банк санхүүгийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу хэрэгжих ёстой хуулийнхаа хүрээнд бүгдийг нь оруулж ирээд бодит, хөрсөн дээр нь буулгасан төсөл явуулж байгаа. Энэ нь сайн үзүүлэлт гэж бид үзэж байгаа.
Үүнээс цааш олон улсын байгууллагууд бол заавал ийм бай гэсэн шаардага тавьж байгаа юм биш. Зөвхөн ийм байвал сайн, энэ хуулийг мөрдвөл сайн, хуулийг мөрдөхдөө үнэн зөв юмаа тавих ёстой. Зөв тайлан гарга гэдэг зөвлөмж өгдөг. Үүний дагуу л Засгийн газар тавьсан байгаа. Цаашдаа Хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэх олон ажил, 2015 онд хийгдэх хөрөнгө оруулалтын олон ажлуудыг хийе гэвэл дотоодын бонд гаргаж ирэх зайлшгүй шаардлага гарна.
Намуудын зөвшилцөл дээр өрийн таазыг нэмэхгүй, гадаадад өндөр хүүтэй бонд гаргахгүй, зээл авахгүй гэсэн ийм заалтууд бий. Монгол Улс хил хязгаарын хувьд төдийгүй эдийн засгийн хувьд тусгаар тогтносон улс байхын тулд үйлдвэрлэл хөгжүүлэх шаардлагатай.
Аж ахуйн нэгжүүдийг дэмжих хэрэгтэй. Ганцхан энэ тоонд баригдаж ажиилах боломжгүй байгаа нь харагдаж байгаа юм. Хууль байна, бид нөхцөл байдлаа зөв гольдролд нь оруулаад, мөрдөх гээд эхний алхмаа хийж байна.
Үүнээс цааш олон улсын байгууллагууд бол заавал ийм бай гэсэн шаардага тавьж байгаа юм биш.
-Шинэ Засгийн газар өрийн таазыг 70 хувь болгох санал оруулж ирсэн ч буцааснаар 60 хувь болгохоор тогтож байна. Одонтой ээжүүдийн тэтгэмж, хүүхдийн мөнгийг танах гэснээс үүдэн нийгэмд эсэргүүцэл гараад ирэхээр өөр арга эрэлхийлж байх шиг байна. Цалин, тэтгэврийг нэмэхгүй гэж байсан ч 103 тэрбум төгрөгийг цалин, тэтгэвэрийг нэмэхээр төсөвт тусгах гэж байна. Шинэ Засгийн газрын энэ шийдвэрүүдээс үүдэн “Шинэчлэл хийх гэж байгаа бол байр суурин дээрээ бат байх ёстой биш үү” гэсэн хандлагыг илэрхийлж байгаа хүмүүс байна?
Ардчилсан намын бүлэг Засгийн газраас оруулж ирж байгаа асуудлаа маш сайн хамгаалдаг чадвартай байх ёстой. Түүнийхээ төлөө зогсдог байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа. Гэхдээ бид өрийн хэмжээгээ нэгдсэн байдлаар тодорхойлж чадахгүй л байсан. 55 хувь, 58.3 хувь гээд өөр өөр тоо яригдаж байна. Юуны өмнө тоо баримтаа нэгтгэх нь хамгийн чухал.
Тэгвэл цаашид арай өөр ойлголцолд хүрнэ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зайлшгүй өөрчлөлт орохоос өөр аргагүй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрөх ёстой. Ингэсний үндсэн дээр асуудал нэг өнцгөөс хандаж, нэг ном журмаар явна. Бид удахгүй Өрийн удирдлагын хуулийг батлах гэж байгаа. Энэ хууль гарснаараа Төсвийн тогтвортой байдлын тухай хуультай холбогдож гарна.
Энэ утгаараа өрийг зөв зохистой менежментээр удирдаад явах юм бол бид нарын болгоомжлоод байгаа асуудал цэгцрэх боломж бүрдэж байгаа юм. Засгийн газар 2015 оны төсвийн тодотголыг өргөн барихдаа төсвийн орлого, зарлагаа тооцож үзээд тодорхой хэмжээний таналтууд хийхээр санал оруулж ирсэн. Үүнд, Ардчилсан нам нэлээд шүүмжлэлтэй хандсан.
Тухайлбал, одонтой эхчүүдийн тэтгэмж, хүүхдийн мөнгө, жирэмсэн эхчүүдийн тэтгэмжийн мөнгө, цалин, тэтгэврийг нэмэх ёстой бөгөөд энэ гарцыг хай гэдэг чиглэл өгсөн. Энэ чиглэлийн дагуу Засгийн газар ажиллаад нефть импортлогчдын НӨАТ-ын хуулийг шинээр дахин мөрдөхөөр болоод түүнээсээ 200 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэрийг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон.
Энэ эх үүсвэрээр иргэдийн бухимдлыг төрүүлээд байсан асуудлыг шийдэх боломжтой боллоо. Зөвхөн энд зориулж энэ эх үүсвэрийг зарцуул гэдэг шийдвэрийг өгсөн. Үүний үндсэн дээр төсвийн тодотгол дээр энэ асуудлууд сууна. Мөн Улаанбатаар хотын албан татварын асуудал дээр санал зөрж байсан. Энэ асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг ярилцаад, зөвхөн архи тамхи, зочид буудлын үйлчилгээнээс татвар авах нь зохистой гэдэг тодорхой чиг өгсөн.
Мөн бага шатахуун зарцуулдаг, иргэдийн хамгийн түгээмэл хэрэглэдэг суудлын машинуудын татварыг нэмэхгүй байх чиглэл өгсөн байгаа. МАН ч бүлгээрээ хуралдаад энэ асуудлыг дэмжсэн. Энэ асуудлууд дээр УИХ дахь намын бүлгүүд зөвшилцсөн, нэгдсэн. Намын бүлгүүд ойлголцлын түвшинд нэгдсэн учраас Засгийн газар энэ асуудлыг тодотголдоо суулгаад асуудал шийдэгдэнэ.
Ирэх 7 хоногийн лхагва гарагт төсвийн тодотгол болон Төсвийн тогтвортой байдлын тухай хууль батлагдах байх. Хэдийгээр улс төрийн намууд өөр өөр үзэл баримтлалтай байдаг ч гэлээ одоо үүнийг хойш нь тавиад бүгд, намууд урагшаа харж эх орныхоо хөгжлийн төлөө нэгдмэл нэг ойлголтоор аливаа асуудалд хандах шаардлага тулгаран ирээд байна.
Үүний дараа хүлээгдэж буй олон хуулиуд байна, Өрийн менежментийн тухай, эдийн засгийн өршөөлийн тухай хууль, зөвшөөрлийн тухай хуулиуд хүлээгдэж байна.
-Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг төсвийн тодотгол хийхтэй зэрэгцэн эрсдэлтэй олон заалт оруулж ирсэн. Ингэхэд хувь улс төрчийнхөө хувьд нэлээд эрсдэл хүлээж байна гэдэг зүйлийг улс төр судлаачид хэлж байсан. Эх хүүхдийн мөнгийг хасах, зорилтот бүлэг рүү ялгавартай олгох асуудлыг болиулсан нь сонгуулийн өмнөх жилтэй холбоотой гэж харах хүмүүс байна. Яагаад гэхээр иргэддээ таалагдахын тулд. Энэ тал дээр ямар хариулт өгөх вэ?
Ардчилсан намын зүгээс одоогийн Засгийн газрыг үнэхээр эрсдэлтэй алхам хийж байгаа гэдгийг ойлгож байна. Хийхээс ч өөр гарц байхгүй. Нэгэнт намууд нийлсэн энэ үед хамгийн зөв шийдвэрийг аль болох богино хугацаанд хийж, зөв үр дүн гаргахын төлөө л Ардчилсан нам ажиллаж байна.
Тэр утгаараа татвараас гадна өөр ямар эх үүсвэрүүд байгааг судалж, анхаарч ажиллах ёстой гэдэг дээр Засгийн газарт шахаж байгаа. УИХ шийдвэр гаргадаг, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг нь Засгийн газарт өгдөг учраас бүхнийг Засгийн газрын буруу мэтээр тайлбарлах нь өрөөсгөл. УИХ тодорхой хэмжээнд хариуцлага хүлээх ёстой. Энэ үүднээс бид 2015 оны төсвийн тодотголыг хийхдээ нэн хариуцлагатай ажиллахыг Засгийн газарт үүрэг болгосон.
Тэр дагуу Засгийн газар асуудлаа боловсруулж оруулж ирсэн. Нам сонгуульд ордог учраас 2016 оны эсвэл дараа дараагийн сонгуулийг бодох нь зайлшгүй асуудал. Гэхдээ зөвхөн тэр эрх ашгаа бодож асуудалд хандаж болохгүй. Хоёрдугаарт, санхүүгийн систем иргэн баян бол улс баян гэдэг зарчмыг л барих ёстой.
Тэр утгаараа төр оролцох юмандаа оролцож, оролцох шаардлагагүй зүйлээсээ аль болох хол байх тэр арга замыг хэрэгжүүлэхийн төлөө тууштай явах ёстой. Энэ утгаараа бид хувийн хэвшлийн хийж чадах бүх ажлыг чөлөөлж, төрийн оролцоо зайлшгүй шаардлагатай асуудлууд дээр төр тодорхой хувь хэмжээндээ л оролц гэдэг зарчим дээр л намууд ажиллаж байгаа. Ялангуяа Ардчилсан нам энэ тал дээр хатуу байр суурь баримталж байна.
Монгол орон өнөөдөр Олон улсын нягтлан болох бүртгэлийн системд бүрэн гүйцэд нэвтэрч чадаагүй өнөөдрийг хүрч байна. Энэ бол маш их тээгтэй явж байгаа. Үүнийг зохицуулж чадахгүй бол маш олон хүн хаалттай зүйлээс болж иргэдийг, бизнесийнхнийг аж ахуйн нэгжүүдийг үйл ажиллагаагаа явуулах тэр бүх боломжийг боомилж байгаа хуулиудыг маш богино хугацаанд өөрчлөлт хийх алхамуудыг хийе. Түүнээс биш жижиг сажиг зүйлээс болж маргаад байвал маш их цаг авна
-УИХ-ын дарга эдийн засгийн асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ одоогийн үүсээд байгаа нөхцөл байдал нэг талаараа боломж байж болох юм гэж хэлсэн. Тэгэхээр эдийн засгийн үүсээд байгаа нөхцөл байдлыг ямар өнцгөөр харж байна. Ер нь 2015, 2016 оны сонгуулийн жил ирэхэд эдийн засаг тодорхой хэмжээнд өсөлт гарах болов уу. Та бүхэн хэрхэн харж байна вэ?
Тодорхой ажлыг хийж байхад эрсдэл үргэлж дагаж явдаг юм. Ялихгүй улс төр хийгээд эргэж буцаад байх юм бол ажил явахгүй. Тэр утгаараа эрсдэлтэй ч гэсэн бид урагшаа явахаас өөр замгүй. Миний ойлгож байгаагаар, 2016 оны сонгууль гэнэ үү, улс төр ямар байна уу гэхээсээ илүүтэйгээр бидэнд ирээдүйд сэргэлт бий.
Ганцхан бид чөдөр тушаа болгоод байгаа хоосон маргаан, бие биенээ давах гэсэн мэтгэлцээнээ л хаяж, эрх зүйн орчноо сайжруулах асуудалд түлхүү анхаараад, УИХ-ын гишүүд нь гишүүд шиг байж хуулиа тогтоодог. Засгийн газар нь гаргасан шийдвэрийг нь цаг хугацаанд нь хэрэгжүүлдэг бол асуудал байхгүй. Ямар ч байсан эрсдэл бол гарна. Эрсдэлээс айх хэрэггүй урагшаа явахаас өөр гарц байхгүй.