2015.01.16

С.Ганбаатар: Өр нэмж авбал юунд зарцуулах вэ. 1.5 тэрбум доллар шиг ”нохойн зам”-аар оруулах юм биш биз

УИХ-ын нэгдсэн чуулганаар яг одоо Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэлэлцэж байна. Засгийн газар болон Сангийн сайдаас өргөн барьсан төсвийн тогтвортой байдлын тухай хуультай холбоотой асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Өрийн талаар өөр юм яриад байх юм. МАН засагт орсон даруйдаа өр тавьчихсан юм уу. Эвсэл хуучин буруу тоо баримт хэлдэг байсан юм уу. Өрийн таазаа нэмээд зээл авсан тохиолдолд ямар салбарт оруулах гэж байна. 1.5 тэрбум доллар шиг бас нохойн замаар оруулах гэж байна уу. Үүнийгээ тайлбарлаач. УИХ-ын чуулган дээр Чингис бондын мөнгөний зарцуулалтыг ил тод ярих хэрэгтэй байна. Ийм боломж байна уу. Мөн Оюутолгойн гэх мэт ашиггүй байгаа гэрээгээ эргэж харах хэрэгтэй байна.  Чаддагаар нь хэдэн ээжүүд, хүүхдүүдийнхээ хоолын мөнгийг хасаад байх юм уу. Өнөөдөр манай оронд 100 аж ахуйн нэгж төсвийн мөнгөнөөс болоод өрөнд орчихоод байна. Банкны зээл, ажилчдын цалингаа өгч чадахгүй байна” гэж асуусан юм.

Түүний асуултад УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат “МАН засагт орж ирэхдээ өр нэмэгдүүлнэ гэж орж ирээгүй. Өр нэмэхгүй шүү гээд хамтарсан гэрээнд гарын үсэг зурсан. МАН засагт хамтраад нэгж төгрөгийн зээл нэмж аваагүй. Тусгасан байгаа зүйлдээ санхүүжүүлвэл  58.4 болно гэдгийг хэлсэн. Та намайг энэ талаар ярьж байхад хуралд байхгүй байсан болохоор зарим зүйлийг ойлгоогүй бололтой.

Ц.Даваасүрэн гишүүн Төсвийн байнгын хорооны дарга байсан хүн танд тайлбарлаад өгөх байх. Засгийн газар өр тавиад ийм болгосон зүйл байхгүй. Цаашдаа ч өр тавихгүй. Хэрвээ боломж гарч валютын ханш маань буугаад дээр нь таны хэлээд буй том төслүүдийг хөдөлгөж чадвал, өшөө трмоохон төслүүдийг ашиглалтад оруулаад боломж гарч ирээд, эргэн төлөлт хийх чадвартай болвол Засгийн газраас албан ёсоор ийм зүйлийг хийхийн тулд зэх зээлээс ийм хэмжээний мөнгө босгох боломжтой байна гэж магадгүй. “Чингис” бонд, “Самурай” бонд хоёроор Засгийн газрын авсан өр хаагдсан байгаа” гэж хариулсан юм.