Х.Баттулга: Одоо өрийн таазыг өсгөвөл амжилттай болохгүй
УИХ-ын гишүүн Х.Баттулгаас 2015 оны төсөв болон өрийн таазын талаар байр суурийг нь сонслоо.
- УИХ-ын даргад Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өчигдөр орой өргөн барьсан. Өрийн таазыг 60 хувьд хүргэхээр тусгасан байна. Та өрийн таазыг нэмэх ёстой гэж үзэж байна уу?
Төсвийн тодотгол цаг хугацааны хувьд тулгамдсан асуудал. Өнөөдөр эдийн засгийн хямрал нэрээр төсөвт хүндрэл үүсээд байна. Хямралгүй байх боломж бидэнд байсан. Сүүлийн 10-20 жил төсвийн алдаглалтай байсан. Бид ийм эдийн засагтай байгаа тохиолдод төсөв бүрдүүлэлт ийм байхаас өөр аргагүй.
Сүүлийн үед уул уурхай гэж их ярьдаг болсон. Уул уурхай түшиглэсэн, тэр дотроо түүхий эд түшиглэн борлуудаг эдийн засгийн бүтэц байж болохгүй. Ерөөсөө бид гол сууриа ингэж харахгүй болохоор түүхий эдийн үнэ унахаар улсын эдийн засаг хэцүүддэг. Ингэхээр тодотгол гээд татварын асуудал яригддаг. Энэ нь эргээд татвар төлөгч, ард иргэдийн нуруун дээр буудаг.
Тиймээс сууриар нь энэ асуудлыг ярихгүй л бол бид хүнд байдлаас гарахгүй. Эдийн засгийн 70-80 хувь уул уурхайн түүхий эдээс хамааралтай. Улс орон байтугай хувь хүн аж ахуйн нэгж хүртэл эдийн засгийн хүндрэлд орохоос өөр аргагүй. Энэ бол зүгээр гал унтраасан байдал.
-Өрийн таазыг 60 хувь болгохоор хоёр тэрбум долларын өр нэмж тавих юм байна. Энэ мөнгөө зам биш хүнд үйлдвэрлэл рүү зарцуулна гэж байна?
Н.Алтанхуягийн Засийн газар 1.5 тэрбум долларын зээл авсан. Цаашдаа таван тэрбумын зээл авна гэж УИХ-аар батлуулсан. Тэр мөнгө нь үр өгөөжөө өгөхгүй, зам бүтээн байгуулалт руу орсон. Тэгэхээр дахин зээл аваад хүнд үйлдвэр рүү оруулна гэдэг худлаа.
Учир нь өмнөх Засгийн газар аж үйлдвэрийн яамаа ойлгуулах гээд чадаагүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад байгаа баялагаа Сайншандад боловсруулъя гэдэг судалгаагаа танилцуулах гээд бараагүй. Тэгэхээр энэ Засгийн газар нь гэнэт ухаан ороод, танилцаад энэ ажлыг хийнэ гэдэг юу л бол. Тэгэхээр сууриараа бид эдийн засгийнхаа бүтцийг өөрчлөхгүй л бол хүндрэлүүд байнга гарна.
-Өрийн таазаа 60 хувьд хүргэх шаардлага бий юу?
Шаардлага бол байгаа. Гэхдээ ийм эдийн засаг дээр өрийн таазыг өсгөсөн нь амжилттай болохгүй. Бид хөгжилтэй орнуудын өрийг жишээ болгож их ярьдаг. Тэд бол аж ахуй, татвар төлөгчид нь суурин дээрээ босчихсон газрын өр, авалга аж ахуй дотроо л эргэлдэнэ.
Манай аж ахуй босоогүй байхад өр авлаа гээд халамж, дэд бүтэц гээд хэзээ ч эргэж төлөгддөгүй зам руу ордог. Энэ бол их өрөөсгөл ойлголт. Манай улс эдийн засгийн маш энгийн, эрүүл бус бүтэцтэй. Тэгэхээр өр тавихаасаа илүү хөрөнгө оруулалтыг чухалчилж байж аж ахуйн нэгжүүд босно. Тэд ашигтай ажиллаж байж татвар төлөгчид нэмэгдэнэ гэсэн үг.