Ц.Даваасүрэн: Онцгой албан татварыг нэг доллар нь 1450 төгрөгөөр бодож авна
Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ. Өмнө нь машин, архи, тамхи импортлож байгаа аж ахуйн нэгжүүдээс доллароор татвар авдаг байсан бол төгрөгөөр бодож татвар авах өөрчлөлт оруулах гэж байгаа аж. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.
- Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байна. Өмнө нь доллароор татвар авдаг байсан бол төгрөгөөр тооцож авдаг болох аж. Ингэснээр улсын төсөвт сөрөг нөлөө бий юу?
Монголын томоохон татвар төлж байгаа компаниуд, Онцгой албан татвар төлдөг компаниудаас нэг долларыг 1450 төгрөгөөр тооцож татвар авах гэж байна. Адаглаад яагаад 1900-аар тооцож болоогүй юм бол гэдэг асуудал гарч ирнэ. Гэтэл жирийн иргэн, жижиг дунд бизнес эрхлэж байгаа хүмүүс доллароо 1900-аар авч байна.
Архи, тамхи, түлш, шатхуун, мөрийтэй тоглоом зэрэгт татвар төлөхдөө нэг долларыг 1450-иар тооцож төлөх гэж байгаа нь шударга бус асуудал. Намайг эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байхад тус хуулийг хоёр удаа оруулж ирсэн. Би байнгын хороог даргалж байсан хүний хувьд орж ирэх бүрт нь буцааж байсан. Намайг ажлаа өгөнгүүт дахин оруулж ирж байна.
-2015 оны төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэж байна. Нийгмээс маш их шүүмжлэл дагуулаад байгаа энэ асуудлын талаар та ямар байр суурьтай байна вэ?
Өргөн барьсан төсвийн тодотголыг харахад Шийдлийн Засгийн газрын нүүр, төрх ямар өнгөтэй байх нь тодорхой байна. Ч.Сайханбилэгийн Засгийн газар гадныханд, дотоодын бизнесийн томорсон бүлэглэлүүдэд ээлтэй, ард иргэддээ хатуу, залхуу Засгийн газар байх нь.
Татварын бодлого, шинэчлэлийн талаар юу ч оруулж ирсэнгүй. Шууд л иргэддээ татвар нэмэх зүйл оруулж ирлээ. Ялангуяа малчин иргэд рүүгээ хандсан хатуухан арга хэмжээ авч эхлэх гэж байна. Нөгөө талаар иргэдийн орлогыг бууруулсан. Өөрсдөө сонгуульд санал авахын тулд амлаж байсан зүйлүүдээсээ татгалзаж эхлэж байна. Хөрсөн дээр буусан төсөв гээд л байх юм.
Өөрсдөө өмнө нь хаана байсан юм бэ? Ерөнхий сайд хаана байсан юм? Америкаас ирсэн юм уу? Н.Алтанхуягийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, АН-ын бүлгийн дарга байсан шүү дээ. Тэр үед хүүхдийн мөнгийг айл өрхийн 10 хувь нь авдаггүй юм байна. Халамж хэтрээд 800 тэрбум төгрөг болоод байна шүү гэхэд “хүүхдийн мөнгөнд огт гар хүрэхгүй шүү” гэдэг байсан улс.
Гэтэл өнөөдөр хөрсөн дээр буулгана гэж ярьж байна. Яг үндсэндээ залхуурч байна. Бизнесийнхээ хүрээг тэлэх, орлогыг нэмэгдүүлэх, татвараа нэмэгдүүлэх талаар олигтой бодлого оруулж ирж чадаагүй. Шууд л иргэдийн халаасыг ухах бодлого оруул ирлээ. Оюу толгой, газрын тос, алт экспортын орлого олж болох томоохон зүйлүүдээс мөнгөө нэхэж чадахгүй байна. Амаа юугаар таглуулсан юм бүү мэд.
- Өрийн таазыг нэмэх, эсэх тал дээр хоёр нам зөрчилдөөд эхэллээ. Өрийн босгыг нэмэх нь хэр зөв зүйтэй алхам бэ?
Өрийн таазыг нэхэм гэж байсан хуулийн төсөл нь буцах байх. Өөрсдөө яамд, дэд сайдуудынхаа тоог нэмчихнэ. Яамдын өрөө тасалгааны засварын мөнгийг оруулсан байна билээ.
Зарим нэг яамдын дэд сайдуудын өрөө одоо засвар хийчихсэн байгаа. Өөрсдөө бол тансаглана, ард түмнийхээ бүсийг чангална.