2015.01.08

Ж.Энхбаяр: Батлан хамгаалах салбарт хүндэтгэлгүй, мэргэжлийн бус хандаж байна

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэгдэх хэлэлцүүлгийг хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр батлан хамгаалах салбарын төсвийн асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм.

Цэргийн албан хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар орж ирж. Товчхондоо хуулиар тогтоосон цэргийн албан хаагчдын 36-р сарын тэтгэмжийг бусад иргэний байгууллагын албан хаагчидтай дүйцүүлээд засгийн газрын журмаар шийддэг байхаар зохицуулж. Зэвсэгт хүчинд цэргийн алба гэдэг бол онцгой алба. Нийтийн албанаас өөрөөр авч үздэг, тусгайлсан хуулиар авч үздэг олон улсын эрхзүйн нийтлэг зарчимтай. Энэ салбарын албан хаагчид эх орныхоо өмнө амь насаараа дэнчин тавьж тангараг өргөдөг. Иргэний эрхээ үлэмж хязгаарлуулдаг.

Бүх төрийн байгууллагаас онцлог юм шүү. Зөвхөн хоёрхон эрхтэй. Хувцас, хоол гэсэн хангалтын талаар гомдол гаргах л эрхтэй, бусад эрх байхгүй. Тайлбар тавих эрхгүйгээр тушаалаар ажилладаг.  Монгол улс  үеийн үед энэ асуудлыг онцгойлон анхаарч ирсэн. Тийм ч учраас 36 сарын тэтгэмжийн асуудлыг шийдсэн. Албан хаах хугацаандаа 5-7 газрыг сэлгэж ажилладаг. Ар гэр, үр хүүхэд нь хаягддаг.  Нийгмийн асуудал нь орхигддог.  Эцэст нь арай гэж  36-р сарын тэтгэмжээрээ авч байж хашаа, байшин болгож нийгмийн асуудлаа шийддэг. Ингэж байж Монгол улс зэвсэгт хүчин, түүнтэй адилтгах төрийн тусгай албан хааж байгаа хэдэн хүмүүсээ албандаа, төрдөө үнэнч байх, албаараа бахархах, тушаал биелүүлэх бололцоог нь бүрдүүлж өгч байсан юм. Үүнийг Ерөнхий сайдаа танай засгийн газар алга болгохоор оруулж иржээ.

Монголын төр цэргийн албан хаагчдын хувцаслах зардлыг Зэвсэгт хүчний хөгжлийн сан гэдэг тусгай сангаас гаргахаар энэ төсөвт оруулж ирж. Энэ үнэхээр байж боломжгүй хуулийн бүдүүлэг зөрчил. Үнэхээр Монголын төр батлан хамгаалах салбартаа хүндэтгэлгүй эсвэл мэргэжлийн бус хандаж байгаагын нэг илрэл.