2015.01.07

Өрийн таазны тоолуур гүйсээр байна

Засгийн газар 2015 оны төсвийн тодотголыг боловсруулахдаа төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зарим өөрчлөлт хийхээр болж өрийн таазыг Дотоодын нийт бүтээгдэхүүний далан хувьд хүргэхээр тусгасан нь УИХ дахь Монгол ардын намын бүлгийн хувьд өмнөх байр сууриас ухрахад хүргээд байгаа.

Тиймээс уг асуудлаар намын бүлгүүд зөвшилцөх шаардлагатай гэж үзсэн. Сангийн сайдын тодотгосноор улсын өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 55 хувьтай тэнцэж байна. Гэтэл тогтвортой байдлын тухай хуулиндаа ДНБ-ний 40 хувьтай тэнцэхээр хуульчилсан.

Үүний талаар УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Шийдлийн засгийн газар бол асуудлаа хамтдаа шийдэх. Засагт нь гуйж орчихоод чухал асуудлаа шийдэх болохоор жижиг улс төрийн тоглолтууд хийгээд байгаа нь зохисгүй юм.

Үүнийг МАН-ын нөхдүүдэд хэлмээр байна. Ер нь бодитой нэг зүйл нь бид өрийн босгоо нэмэгдүүлэхээс өөр аргагүй болсон. Гадаадаас санхүүгийн дэмжлэг авахгүй бол энэ улс орон чинь элгээрээ хэвтэхэд тун ойрхон байна” гэв

Харин УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Тохиролцохгүй бол Төсвийн тогтвортой байдлын хууль хүчинтэй байгаа учраас түүнийгээ дагана.

Үнэхээр эрх барьж байсан хүмүүс хэтрүүлчихсэн, түүнийгээ худал мэдүүлж байсан, сөрөг хүчин бидний хувьд ч сайн хяналт тавьж чадаагүй гэдгээ сайн ярилцаад өнөөдрийн хүрсэн гээд байгаа 55 хувиа хүлээн зөвшөөрөөд үүнээс цааш нэмэхгүй гэдгээ ярилцаад явах хувилбар байж магадгүй” гэлээ.