Ж.Эрдэнэбат: Цалин, тэтгэвэр нэмэх боломжгүй
Сангийн сайд Ж.Эрдэнэбат
2015.01.06

Ж.Эрдэнэбат: Цалин, тэтгэвэр нэмэх боломжгүй

Сангийн сайд Ж.Эрдэнэбатаас дараах тодруулгыг хийлээ.

-Өмнөх Засгийн газар 2015 оны төсвийн хуулийг мэдүүлэхдээ цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд зориулж 500 тэрбум төгрөг суулгасан байсан ч төсвийг тодотгох хүрээнд байхгүй болгосон гэх. Энэ онд цалин, тэтгэврийг нэмэхгүй гэж ойлгож болох уу?

Эдийн засаг маань асар их тэлцэн, төсвийг нэмэх боломжгүй, нэмэлт зардал санхүүжүүлэх боломжгүй учраас эдийн засгаа сэргэтэл цалин, тэтгэвэр нэмэх боломжгүй байна.

-Төсвийн орлого нь багассан хэрнээ зардал нь нэмэгдсэн гэх?

Орлого, зарлагыг тус бүр 906 орчим тэрбум төгрөгөөр бууруулсан.

-МАН Засгийн газарт хамтрахаар болж гэрээ байгуулахдаа өрийн хэмжээг нэмэхгүй байх талд Ардчилсан намтай ойлголцолд хүрлээ гэж байсан. Гэтэл одоо Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчлөх хүрээнд улсын өрийн хэмжээ ДНБ-ний 70 хувьд хүрэх болж байдаг? 

МАН Ардчилсан намтай гэрээ байгуулж байх үед улсын өрийн хэмжээ ДНБ-ний 49 хувьтай байсан. Сангийн сайдын ажил авах үед улсын өр 53 хувьд хүрсэн, өнөөдрийн байдлаар 55.2 хувьтай байна.

-Өрийн босгыг ДНБ-ний 70 хувьд хүргэх шийдвэрийг Засгийн газар гаргахдаа ямар бодлого барьсан бэ? 

Өрийн бүтцийг авч үзвэл, дийлэнх хувийг нь богино хугацаатай арилжааны зээл эзэлж байгаа. Цаашдаа бид богино хугацаатай арилжааны зээлээр томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхжүүлэхэд хүндрэлтэй.

Тэгэхээр өрийн таацыг нэмэгдүүлсэн нөхцөлд УИХ-ынхаа хяналт дор тодорхой хэмжээгээр бизнесээ дэмжсэн, эдийн засгийг тэлсэн бодлогыг дэмжих байдлаар бизнес эрхлэгчдэд зээлийн баталгаа гаргаж өгөхөөр Засгийн газрын хуралдаан дээр тогтсон. Тэгэхдээ энэ асуудлыг УИХ дахь нам эвслийн бүлгүүдийн дунд ярьж байж шийднэ.

-Төсвийн алдагдал 5 хувь болж өсч байгаа нь юутай холбоотой вэ?

Бодит байдлыг авч үзвэл төсвийн алдагдал, өрийн тааз хуулийн заалтыг даваад гарчихсан. Өнөөдрийн байдлаар төсвийн алдагдал 3.4 хувьтай, төсвөөс гадуурх бонд, “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн санхүүжилтийг оруулж тооцох юм бол төсвийн алдагдал 9 орчим хувьд хүрнэ.

Үүнийг хуулийнх нь зүйл заалтын дагуу зөв гольдролд оруулах шаардлага байгаа. Тэгэхээр төсвөөс гадуур зарцуулагдаад байгаа төсвийг төсөвт багтааж оруулж ирэх шаардлагыг биелүүлэх юм бол алдагдал 5 хувьтай болно.

Энэ нь 720 орчим тэрбум төгрөг төсвөөс гадуур зарцуулагдах байсан нь орж ирнэ гэсэн үг. Тийм учраас төсвийг хуульд нийцүүлж, тодорхой хугацааны дараа алдагдлын хэмжээг бууруулаад явах бололцоог бий болгох ёстой л гэж үзэж байна.

-Өрийн таацыг 70 хувьд хүргэсэн нөхцөлд улсын өрийн хэмжээ мөнгөн дүнгээрээ хэд болох вэ. Дээрх хувь хэмжээнд хүргэхийн тулд гадаадаас 1 тэрбум ам.долларын зээл нэмж авна гэх мэдээлэл цацагдах болсон. Үүнд тодорхой хариулт өгөөч?

Өмнө авсан зээлүүд маань богино хугацаатай арилжааны зээл, сүүлд гадаадын санхүүжүүлэгч байгууллага, улс орнуудаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох санал тавьсан. Хоёр хүртэл хувийн хүүтэй, 20 гаруй жилийн хугацаатай зээл.

Эдийн засгаа тэлье гэж бодож байгаа бол урт хугацаатай хөнгөлөлттэй зээлийг авч ашиглах ёстой. Түүнээс биш богино хугацаатай, өндөр хүүтэй зээлээр санхүүжүүлсэн төсөл эргээд эдийн засагт үр өгөөжөө өгнө гэдэг нь маш хол. Ийм байдлаар Монголын өрийн таацыг нэмэгдүүлэх боломж ч байхгүй. Хэрвээ дээрх хувилбарыг сонгох юм бол зээлийн үйлчилгээний төлбөртөө төсвийн 50-60 хувийг суулгах шаардлагатай болно.

Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 400 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хийнэ гэсэн тооцооллыг төсөвт тусгасан боловч нөгөө талдаа зээлийн үйлчилгээний төлбөр нь 700 гаруй тэрбум төгрөг болчихсон явж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаа дахин нугалсан байдал үүсч байгаа. Тэгэхээр өрийн бүтцийн асуудлаа өөрчлөх ёстой. Ингэхийн тулд богино хугацаатай арилжааны зээлийг урт хугацаатай хөнгөлөлттэй зээлээр солих. Энийгээ намын бүлгүүд ярилцаж байж шийднэ.

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчлөхийн тулд гишүүдийн гуравны хоёрын саналыг авах ёстой. Гэтэл гишүүдийн олонхи нь дээрх хуулийг өөрчлөхийг дэмжихгүй байна. Энэ тохиолдолд яах ёстой вэ?

Төсвийн тогтвортой байдлын тухай хууль ямар нэгэн байдлаар өөрчлөгдөхөөс өөр аргагүй болчихоод байна. Тэгэхдээ өнөөдрийн өрийн босго 55 хувь, төсвийн алдагдал 5 хувь дээрээ бариад өөрчлөх ёстой юу.

Эсвэл түүнээс нэмээд өөрчлөх ёстой юу л гэдэг асуудал яригдана. Түүнээс өөрчлөхгүй байх ямар ч тохиолдол байхгүй. Өөрчлөхгүй байлаа гэхэд өргөн баригдаж байгаа бүх төслүүд хууль зөрчинө.