Л.Энх-Амгалан: Орлогыг тодотгоогүй нь харамсалтай
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2014.12.17

Л.Энх-Амгалан: Орлогыг тодотгоогүй нь харамсалтай

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланы байр суурийг сонслоо.

-Төсвийн орлогыг тодотгохгүйгээр Улсын төсөвт өөрчлөлт хийсэн нь харамсалтай. Нэг их наядаар орлого тасарсан бол дагасан зардлуудыг нь хасч байж балансжуулах ёстой.

Шинэ байгуулагдсан яамдын зардлыг баталж өгөх хэрэгтэй гэсэн үндэслэлээр нь оруулж ирээд байна. Төсвийн тодотгол батлахад ҮАГ-аас яагаад шалгуулаагүй вэ? Орлого нь тасарч байхад амьдрал дээр асуудал үүсдэг. Төсвөө бүрдүүлэх аян он дуустал хүчтэй өрнөнө.  Гааль, татварынхан аж ахуйн нэгжүүдээ цаг хугацаанд нь, урьдчилаад төлчих гэж дарамталдаг.

Энэ хүнд ачаалал хувийн аж ахуйн нэгжүүд дээр ирнэ. Хүнд хэцүү энэ үед аж ахуйн нэгжийн орлогоо төлөх байтугай хэдэн ажилчдынхаа цалинг  яаж тавих вэ гэж байгаа. Татвар дээр орлого бүрдүүлэх аян өрнөх үү? Мөн тендер нь зарлагдсан мөртлөө гэрээ хийгдэх гэж байсан төсөл арга хэмжээнүүдийг түдгэлзүүлсэн Сангийн сайдын тушаал есдүгээр сард гарсан. Энэ тушаал Засгийн газрын шийдвэрээр гарсан уу, Сангийн сайдын мэдлээр гарсан тушаал уу?

Хятадын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр хэрхэн явагдаж байна вэ?

Үүнд хэдэн тэрбум төгрөгийн хэдэн объект түдгэлзээд байгаа вэ? Хамгийн сэтгэл зовоож байгаа асуудал нь эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилгууд зогссон явдал. Жишээлэхэд, Хөвсгөл аймгийн  Чандмань-Өндөр суман дээр баригдах дотуур байрны барилга түдгэлзсэн. Шинэчлэлийн Засгийн газрын үед хийгдсэн, нүдээ олсон ажлуудын нэг нь аймгуудыг эмчилгээ, оношлогооны төвтэй болгосон.

Гэтэл эмчилгээ, оношлогооны төв дээр байгаа нарийн мэргэжлийн тоног төхөөрөмжүүдээ ажиллуулах шингэн нь байхгүйгээс ажиллахгүй, тосолгоог нь авах зардалгүй болжээ. Хэрвээ тоног төхөөрөмжүүдээ ажиллуулна гэхэд нэг аймагт тэрбум орчин төгрөгийн зардал шаардагдаж  байгаа гэнэ. Энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ? Хятадын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр хэрхэн явагдаж байна вэ? Хөдөөгийн багш нарт компьютер хэзээ хүрэх бол?