АБГБ-ын байнгын хороо төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2014.12.16/ хуралдаан 9 цаг 45 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Байнгын хорооны хуралдаанд Сангийн яамны ажлын хэсгийн гишүүд болон тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагч, холбогдох албан тушаалтнууд оролцов.
Энэ оны улсын төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ц.Оюунбаатар, Г.Батхүү нар ажлын хэсэг болон холбогдох байгууллагын удирдлагуудаас асуулт асууж тодруулав.
Сангийн дэд сайд С.Пүрэв гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, энэ оны хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 65 хувийн биелэлттэй байна. Хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг орлогын байдалтай уялдуулан хянаад санхүүжилтийн эрхийг нээж өгч байгаа. Гадаад хэргийн яамны олон улсын хамтын ажиллагааны сангаас энэ онд төлөвлөсөн ажлуудыг үндсэн нь хэрэгжүүлсэн, гэхдээ зохих хэмжээний хөрөнгийн үлдэгдэл бий.
Энэ оны хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 65 хувийн биелэлттэй байн
Харин ирэх онд тус санд улсын төсвөөс олгох санхүүжилтийг тэглэсэн байгаа. Тагнуулын ерөнхий газрын шинээр баригдаж буй албан конторын барилгыг шаардлага хангахгүй гэсэн үндэслэлээр дуудлага худалдаагаар худалдаж орлогыг улсын төсөвт төвлөрүүлсэн. Одоогоор тус газрын барилгын тухайд бэлэн болсон зураг төсөв, ямар нэг тодорхой санал ирээгүй байгаа. Ирэх оны төсөвт ч тусгагдсан зүйл байхгүй гэдгийг хэллээ.
Хэлэлцэж буй хуулийн төслүүдтэй холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн Н.Энхболд ирэх оны төсвийг бодитой болгож хэмнэлтийн горимд шилжүүлж тодотгох шаардлага тулгарч байгаа тул шинэ сайд нар бага зардлаар их зүйл хийх, хөрөнгө төсвөө зөв тооцож ажиллахад анхаарах хэрэгтэй. Байнгын хорооны зүгээс ч эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудынхаа үйл ажиллагаатай танилцаж, төсөв хөрөнгийн зарцуулалт, үр ашигт тавих хяналтыг сайжруулах нь зүйтэй байна гэсэн байр суурьтай байгаагааг хэлэв.
Харин УИХ-ын гишүүн Л.Болд ирэх оны төсвийн тодотголыг оруулж ирэхдээ төлөвлөсөн хөрөнгийнхөө хэмжээгээр хөрөнгө бүрдүүлж санхүүжилт босгох боломжтой Гадаад хэргийн яамны олон улсын хамтын ажиллагааны санд зохих хөрөнгө тусгахад Сангийн яам анхаарах, УИХ-ын гишүүн Г.Батхүү Тагнуулын ерөнхий газрын байр шаардлага хангахгүй болоод удаж байгаа учраас шинээр байр барих боломжгүй бол төрийн мэдлийн бусад байруудаас ашиглуулах талаар анхаарах хэрэгтэйг сануулав.
Тус байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо
Мөн УИХ-ын гишүүн Л.Цог нэгэнт баталсан төсөвтөө байн байн тодотгол хийдэг байдлыг өөрчилж анхнаас нь бодитой төлөвлөж, төлөвлөснөө заавал хэрэгжүүлдэг байх, хэрэв хэрэгжүүлээгүй бол хариуцлага хүлээдэг зарчимд шилжих ёстой гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар төсөв хүнд байгаа ийм үед төсвийн хөрөнгийг хэмнэх, үр ашигтай зарцуулахад тавих хяналтыг сайжруулах нь чухал байна, иймээс энэ асуудлыг байнгын хорооны ирэх оны ажлын төлөвлөгөөнд тусгах, байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний төрийн байгууллагуудад ажиллах хуваарь гаргаж хэрэгжүүлэх санал хэлсэн юм.
Ингээд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн тухай байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо