Төсвийг 1 их наядаар танах шаардлагатай
Монголын Актуарчдын Нийгэмлэг, Гүйцэтгэх захирал Д.Гантулга
2014.12.10

Төсвийг 1 их наядаар танах шаардлагатай

Монголын Актуарчдын Нийгэмлэг, Гүйцэтгэх захирал Д.Гантулгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-2014 оны төсвийг тодотгоогүй байгаагийн зэрэгцээ 750 тэрбумаар орлого тасарч байна. Эдийн засагчид 2014 оны төсвийг хөөсөрсөн төсөв байсан гэж үзэж байгаа. Гэтэл 2015 онд бас хөөсөрсөн төсөв баталчихлаа. Ирэх онд орлогыг 17 хувиар өснө гэж тооцсон. Үнэхээр ингэж өсөх боломжтой юу? 2015 онд төсвийн орлого ихээр тасрах эрсдэлтэй биш үү?

-2015 оны төсвийн орлогыг 17 хувиар өсгөж, тэнцвэржүүлсэн тэнцлийг 500-аад тэрбум төгрөгийн алдагдалтай баталсан. Орлогын өсөлт нь бодит эсвэл бодит бус гэдгийг энэ тооцооллыг хийсэн Сангийн Яамны мэргэжилтнүүд сайн мэдэж байгаа байх, хөндлөнгөөс харахад төсвийн орлогыг ингэж өсгөх бодит боломж багатай л харагдаж байна. Саяхан шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ дээр хэлсэн үгэндээ төсвийн орлогыг тодотгол хийж 1 тэрбумаар бууруулна гэж ярьсан.

Орлогоо бодит болгож буурууллаа гэхэд үүнийгээ дагаад зардлаа бууруулж чадах уу гэдэг асуудал байна. Энэ төсвийн алдагдал (ДНБ-ний 1.8%), дээр нь төсөвтэй адилтгах зардал (ДНБ-ний 6%) хамтдаа инфляцийг өсгөх үндсэн хүчин зүйлсийн нэг болоод байна шүү дээ. Уул нь 2014 оны 8 сард УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганыг хааж хэлсэн үгэндээ төсөвт орохгүй байгаа зардлуудыг бүгдийг төсөвт нэгтгэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан түвшинд хүртэл үе шаттайгаар буулгах зорилгоор төсвийн тодотголыг боловсруулах үүргийг Засгийн Газарт өгсөн. Одоогийн байдлаар энэ үүрэг ажил хэрэг болоогүй л байна.

-Сүүлийн 2 жилийн турш гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурсан, гадаад худалдааны нөхцөл муудсан, эдийн засагт үлэмж нөлөө бүхий томоохон төслүүдийн хэрэгжилт он дамнан удааширч тодорхой бус байдал нэмэгдсэн, Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан зэрэг туйлын сөрөг орчинд Монголбанк мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, төлбөрийн тэнцлийн хүндрэлийн үед эдийн засгийг бүхэлд нь тогтворжуулах, эдийн засгийн суурь бүтэц, ажлын байрыг хамгаалах арга хэмжээ авсан гэж үзэж байна. Таны бодлоор эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжээгүй байсан бол өнөөдөр эдийн засаг ямар нөхцөл байдалтай байх бэ? Өөрөөр хэлбэл ямар үр дүнд хүрсэн гэж та харж байна вэ?

-Монголбанк, Засгийн газар хамтран 2013 оноос шатахуун, өргөн хэрэглээний импортын бараа бүтээгдэхүүн, хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүн, барилгын салбарыг дэмжих улмаар орон сууцны, нүүрс эрчим хүчний үнэ тогтворжуулах гэсэн хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Эдгээр хөтөлбөрийн үндсэн зорилго нь эдийн засгийн бодит салбарыг дэмжих, нийлүүлэлтийн хомсдлоос үүдэлтэй инфляцийг бууруулахад чиглэсэн гэж үзэж болно. Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан, эдийн засгийн идэвхжил суларсан энэ үед богино хугацаанд үр дүнтэй арга хэмжээ болсон гэж боддог.

Жишээлбэл, гадаад валютын ханш ингэж ихээр өсөж байхад шатахууны үнэ тогтвортой байж ирлээ шүү дээ. Харин урт хугацаанд авч үзвэл эдгээр нь тийм үр дүнтэй арга байж чадахгүй. Ямар ч эрүүл ухаанаар бодсон Засгийн Газар нь Төв банктайгаа нийлж хөтөлбөр хэрэгжүүлсээр байгаад хөгжчихдөг тийм амар хялбар хөгжлийн загвар гэж байхгүй. Яахав үүссэн эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалд иймэрхүү богино хугацааны, нэг удаагийн шинжтэй хөтөлбөрүүд үр дүнтэй хэрэгжээд дуусах байх.

Дээрх хөтөлбөрүүд дээр нэмээд бид бүгдийн сайн мэдэх 8% хүүтэй ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоо бий болгох хөтөлбөр байна. Эдгээр хөтөлбөрүүдийн санхүүжилт нийтдээ 2013 оны эцэст цэвэр дүнгээр 3.4 их наяд төгрөг, 2014 оны эцэст 3.2 орчим их наяд төгрөг байна.

-Бодит төсөв батлагдвал гадаадын хөрөнгө оруулалт бас нэмэгдэнэ. Ер нь улсын төсөв энэ хэвээр явбал бидний гадаад дахь нэр хүнд ямар байх вэ? Хэрэв 1 их наядаар төсвийг танавал энэ байдал хэрхэн өөрчлөгдөх вэ?

-Монгол улсын зээлжих зэрэглэл буурсны нэг шалтгаан нь энэ бодит бус төсөв баталдаг, ингэснээр төсвийн алдагдал ихтэй гардаг явдал. Гэхдээ төсвөө бодитоор баталснаар гадаадын хөрөнгө оруулалт шууд нэмэгдээд эхэлнэ гэж үзэх мэдээж өрөөсгөл л дөө. Төсөв алдагдалтай үед Монголбанк инфляцийн зорилтоо хэрэгжүүлэхийн тулд бодлогын хүүгээ өсгөхөөс өөр аргагүйд хүрнэ.

Иймэрхүү үйлдэл 1990 оноос хойш дахин дахин давтагдаад байна л даа. Гаднаас нь харахад хүү өсөхөөр зээл үнэтэй болоод, бизнесүүд хумигдаад, эдийн засгийн идэвхжил сулраад, иргэдийн худалдан авах чадвар багасаад үнийн өсөлт буурах байдал ажиглагддаг. Мөнгөний хатуу бодлого ажиллаад байгаа юм шиг. Гэтэл дотор нь ороод харахаар данхайсан төсөвт багтаж чадсан ажил үйлчилгээ, бизнесүүд нь амжилттай яваад, томроод, төртэй бүүр дотно ажиллах хүсэл эрмэлзлэлтэй болоод байдаг.

Харин нөгөө бор зүрхээрээ, төрөөс хамааралгүй бизнес хийдэг хэсэг хамаг хүндийг үүрээд, зээлэндээ дарлуулаад, бизнесээ хумиад эхэлдэг. Өөрөөр хэлбэл бид нийгмийн ямар хэсгээ "гаргуунд нь хаяж" байж инфляцийн зорилтоо биелүүлж байгаагаа ярих цаг нь болсон. Урт хугацаандаа эдийн засгийн энэ сектор хүчирхэгжиж байж улсын эдийн засгийн хөгжил яригдана л даа.

Үнэхээр улсын төсвийг 1 их наядаар танаад, хамгийн гол нь төсвийн алдагдалгүй ажиллаж чадвал Монголбанк бодлогын хүүгээ өсгөх бус харин эсрэгээрээ бууруулах орон зай гарч ирнэ. Ингэж чадвал эдийн засгийн идэвхжил буурсан энэ үед Монголбанк жинхэнэ утгаараа бодит эдийн засгийг дэмжинэ. Засгийн Газар тэр 1 их наядын ажил үйлчилгээг хувийн хэвшлээр хийлгэж болно шүү дээ.

-Ирэх жил гадаад орчин сайжрахгүй, хөрөнгө оруулалт дорвитой нэмэгдэхгүй, цаашлаад төсвийн зардал хумигдахгүй нөхцөлд Монголбанкинд бодлогын ямар сонголт үлдэх вэ?

-Тэгвэл сая хэлсэн түүх давтагдах байх даа. Мөнгөний хатуу бодлого барих сонголт л үлдэнэ.

-Монгол Улсын төлбөрийн тэнцэлд 2012 оны сүүлийн хагасаас эхэлж үүссэн дарамт нь 2013 онд хямралын шинжтэй болж, улмаар энэ нь 2013-2014 оны эдийн засгийн хүндрэлийн суурь учир шалтгаан болсон гэж эдийн засагчид тайлбарлаж байгаа. Тэгвэл төлбөрийн тэнцлийн хямралаас гарах, эдийн засгаа сайжруулах ямар арга зам байна вэ?

-Гаднаас яаж валют оруулж ирэх вэ гэж асууж байна гэж ойлголоо. Гадны зээл тусламж бол богино хугацааны шийдэл. Гадаад зах зээлд бараа бүтээгдэхүүн зарж борлуулж байж л энэ асуудал шийдэгдэнэ.  Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар энэ үүргийг гүйцэтгэж ирлээ.

Харамсалтай нь түүхий эдийн үнийн хэлбэлзэлтэй холбоотойгоор энэ салбар эрсдэл өндөртэй гэдгийг бид одоо ойлгож авлаа. Экпортод бүтээгдэхүүн үйлчилгээ гаргана гэдэг мэдээж тийм амар зүйл биш, төрийн манлайлал, стратеги хэрэгтэй. Ер нь бид "гал унтраах" маягийн богино хугацааны арга хэмжээ авч ирлээ шүү дээ, ийм маягаар урт хугацааны асуудлыг шийднэ гэж байхгүй.

-2017 онд бид гадаад зээлүүдээ эргэн төлнө. Иймд одооноос төсөвтөө үүнийг суулгаж сахилга баттай байж “Засгийн газрын гадаад өрийн үйлчилгээний цогц төлөвлөгөө”-г батлах шаардлага тулгараад байна. Энэ талаар?

-Зээл яах бэ, бидний үр хүүхдүүд төлчихнө гээд сүх далайтал үхэр амар гэдэг шиг яваад байж мэдээж болохгүй. Нөгөө талаас эдийн засгийн идэвхижил буурсан одооны өнцгөөс харахад зээлийн эргэн төлөлтийг 100% төсөвт суулгаж төлж дуусах бодит нөхцөл муутай байна.

Тодорхой хэсгийг төсвөөс, үлдсэн хэсгийг дахин санхүүжилтээр төлөх болов уу гэж таамаглаж байна. Энэ төлөвлөлтийг боловсруулах ажил шинэ Засгийн Газрын өмнөх тавигдах том сорилт болох байхаа.

-Өрийн удирдлагын тухай хуулинд ДНБ-ны 40 хувиас хэтрэхгүй байна гэж заасан. Үүнийг нэмэх боломжтой юу?

-Бусад улс орнуудыг харахад хөгжилтэй орнуудад энэ хэмжээ харьцангуй өндөр, хөгжиж байгаа орнуудад ялангуяа байгалийн баялагтай орнуудад энэ хэмжээ харьцангуй бага байгаа ажиглагддаг. Тухайлбал Их Британи, Франц зэрэг улсууд 90 орчим хувь байх жишээтэй.

Асуудал нь 40 байна уу, 60 байна уу, 80 байна уу энэ тоондоо биш харин өр зээл тавьж авсан санхүүжилтээр юу хийх гэж байна гэдэг асуулт чухал. Ер нь бид чинь хувь хүнийхээ түвшинд ч тэр төр засгийн түвшинд ч тэр мөнгө л байвал болчих юм шиг сэтгээд бүх болохгүй бүтэхгүй байгаагаа мөнгөгүйн зовлон гээд давхиад байдаг.

Чингис бондын зарцуулалт маш их шүүмжлэл дагууллаа. Бизнесийн байгууллагатай адил засаг төр ч ялгаагүй зээлийг юунд зарцуулах, хэрхэн удирдах, яаж буцааж барагдуулахаа мэдэж байх ёстой. Тийм тогтолцоог бүрдүүлээд өрийн дээд хэмжээг өсгөх шаардлагатай гэж боддог.

-Манай улс уул уурхайгаас хамаарсан эмзэг эдийн засгийн бүтэцтэй. Иймдээ ч дэлхийн зах зээл дээр гол нэрийн түүхий эдийн үнэ буурвал дагаад хямарчихдаг. Энэ байдлаас хэрхэн гарах вэ? Нэг ёсондоо хэрхэн үйлдвэрлэгч орон болох вэ?

-Энэ том сэдэв. Өөрөөр хэлбэл Монгол улс хэрхэн хөгжих бэ гэдэг асуулт. Юуны өмнө үйлдвэрлэгч орон гэж юуг хэлж байна гэдгээ зөв тодорхойлох хэрэгтэй байх. Аль хэдэн зууны өмнөх Английн аж үйлдвэрийн хувьсгалаар төсөөлж болохгүй. Эцсийн бүлэгт бидний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн нь дэлхийд өрсөлдөх чадвартай, түүнийг нь гадаад орнууд худалдан авдаг байх хэрэгтэй.

Бид гадагш ямар бүтээгдэхүүн гаргаж чадах бэ, түүний тулд юу хийх ёстой бэ гэх зэргээр цэвэр бизнесийн стратеги боловсруулах хэрэгтэй.

Энэ нь нэг удаагийн төлөвлөлт биш, урт хугацааны тогтолцоо бий болгох шаардлагатай тул ийм зорилгоор боловсон хүчин, хүнээ бэлдэх, томоор харвал нийгмээ бэлдэх шаардлагатай. Энэ ажлыг төр манлайлалж, стратеги гаргаж байж биелэлээ олно гэж би хувьдаа бодож явдаг.

-Орон сууцны 8 хувийн хүүтэй зээл хэрэгжээд багагүй хугацааг үдлээ. Энэ хөтөлбөрийн макро эдийн засагт үзүүлж байгаа нөлөөлөл юу вэ?

-Орон сууцны эрэлт талаас энэ хөтөлбөр, нийлүүлэлт талаас барилгын салбарыг дэмжих хөтөлбөрийг хамтруулан хэрэгжүүлснээр иргэдийг орон сууцжуулах маш том ажиллагааг эхлүүлсэн гэж боддог. 2013 оны 3-р улирлын байдлаар нийт 43 мянга орчим иргэд, үүнээс 18.5 мянга орчим иргэд нь дахин санхүүжилтээр, 24.5 мянга орчим иргэд шинээр орон сууц авах зориулалтаар хөтөлбөрт хамрагдсан байна.

Гагцхүү энэ ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх үндсэн нөхцөл нь Засгийн Газар эдийн засгийн чадавхид тулгуурлан үнэт цаас хэсэгчлэн гаргаж Нийгмийн даатгалын санг хөрөнгөжүүлэхээр заасан байгаа. Гэтэл 2015 оны төсөвт лав ийм зориулалтаар мөнгө суугаагүй.

Ямар ч эрүүл ухаанаар бодсон төгрөгийн 8%-ийн өгөөжтэй багцыг хямдруулж зарахгүй л бол хэн ч худалдаж авахгүй шүү дээ. Ямар мундаг санхүүгийн комбинаци хийлээ гээд энэ зөрүүг хэн нэг нь үүрч л таарна. Засгийн Газар үүргээ биелүүлээгүй тохиолдолд зөрүү нь инфляци болж бууна гэж ойлгож болно.

-Сүүлийн 3 сарын хугацаанд рублийн ханш хамгийн ихээр буюу 25%-иар суларсан бол евро 8.1%, иен 15.1%, төгрөг 1.1%-иар тус тус суларсан талаар Bloomberg мэдээлсэн. Монгол төгрөгийн сулралт бусад улсуудтай харьцуулахад харьцангуй бага байна. Долларын эсрэг бусад орны валют ийн суларч буй шалтгаан юу вэ?

-Дэлхийн зах зээлийг авч үзвэл сүүлийн саруудад түүхий нефтийн үнэ тасралтгүй буусантай холбоотой үүсэж байгаа эдийн засгийн тодорхойгүй байдал, дээр нь АНУ-ын Холбооны Нөөцийн Банк зээлийн хүүгээ он гараад өсгөх хүлээлт байгаатай холбоотой болов уу. Харин манай орны хувьд онцлогтой.

Дэлхийн том гүрнүүд ханшаа ингэж алдаж байхад бид сайн ажиллаад манай үзүүлэлт илүү сайн гараад байгаа зүйл биш л дээ. Цаашлаад дэлхийн зах зээл дээр долларын эрэлт ихсээд тэр нь манайд оруулах гэж байсан хөрөнгө оруулалтыг булааж аваад байгаа зүйл бүр ч байхгүй.

Өнөөдрийг хүртэл манайд орж ирсэн гадны хөрөнгө оруулалтууд нь ихэвчлэн уул уурхайн салбарт, өөрөөр хэлбэл маш өндөр эрсдэлтэй, үүнийгээ дагаад өндөр эрсдлийн нэмэгдэлтэй (risk premium) буюу хөрөнгө оруулалтын өндөр өгөөж шаардсан байдгаараа онцлогтой.

Ер нь ганц Монголд ч биш бусад орнуудад мөн адил уул уурхайн салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалтын дотоод өгөөжийн дундаж хувь (IRR) ам.доллараар 20% орчим байдаг. Ийм байхад АНУ-ын Холбооны Нөөцийн Банк зээлийн хүүгээ 0.5% өсгөлөө гэхэд манайд хөрөнгө оруулалт хийхээ болиод тийш нь татагдаад  байна гэж бодох нь маш өрөөсгөл. Харин манай орны хувьд гадаад валютын эрэлтийн жилийн мөчлөгийн онцлог мөн эдийн засгийн идэвхжил суларсантай холбоотойгоор сүүлийн 3 сарын төгрөгийн ханшны сулралт зарим оронтой харьцуулахад бага байсан болов уу гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа.